Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн даргад гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ.
Тус төвийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаач их эмч Ц нь албан тушаалынхаа байдлыг урвуулан 2010 оны 8 дугаар сарын 7-ны өдөр нас барсан иргэн Д-д задлан шинжилгээ хийгээгүй атлаа хийсэн мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэн өгч, иргэн О-гоос хээл хахууль авсныг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж тогтоон, хэргийг Орхон аймгийн прокурорын газарт шилжүүлсэн юм.
Энэ гэмт хэргийг гарахад нөлөөлсөн хэд хэдэн нөхцөл, шалтгаан байна хэмээн Авлигатай тэмцэх газар үзэж байна. Тухайлбал, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дотоодын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо алдагдсан, задлан шинжилгээ хийсэн талаарх тэмдэглэлийг удирдах албан тушаалтан нь танилцдаггүй, түүнд дугаар тавих, баталгаажуулах болон бүртгэх ажил хийгддэггүй нь шууд нөлөөлжээ. Тиймээс дээрх шалтгаан, нөхцөлүүдийг арилгах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч, эргэн хариу мэдэгдэхийг Авлигатай тэмцэх газраас шаардсан байна.
Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал М.Баттүвшингээс ирүүлсэн хариу албан бичигт “Эмчилгээ чанарын хяналтын комиссын хурлаас зарим задлан шинжилгээний тэмдэглэлд төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, чанарын менежер нар гарын үсэг зурж баталгаажуулж байхаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд дотоодын сахилга, хариуцлагыг сайжруулах, хяналтын механизмыг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа” тухайгаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс