Интернэт кафе, цахим тоглоомын газруудад журам боловсруулах ажлын хэсгийн хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон холбогдох албаны хүмүүсээс гадна төрийн бус байгууллагынхан, эцэг эхийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын албаны менежер, РС тоглоомын газрын эзэд оролцов.
Интернэт тоглоомын газруудыг зохицуулах журам, хариуцдаг албан байгууллага байдаггүй учраас цаг хэтрүүлэн ажиллах, насанд хүрээгүй хүүхдүүдийг хоногоор тоглуулах, орчны эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчил их гаргадаг. Үүнээс үүдэн насанд хүрээгүй хүүхдүүд РС тоглоомонд донтож, сэтгэцийн өөрчлөлттэй болох, улмаар гэмт хэрэгт өртөх нь их байгаа тул журам гарган цэгцлэх цаг болсныг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Энэ үеэр Гэр бүл, хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон эцэг эхчүүдийн төлөөлөл РС тоглоомын газруудыг хаах ёстой гэдэг санал гаргаж байсан бол Нийслэлийн цагдаагийн газраас бага насны хүүхдүүдэд үйлчлэхгүй, 16-аас дээш насныхан үйлчлүүлдэг байх санал гаргасан. Мөн эцэг эхчүүдийн анхаарал, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, интернэт тоглоомын газруудад стандарт тогтоох, зарим серверт нь хориг тавих саналыг гаргав. Хэлэлцүүлгээс гарсан саналыг ажлын хэсгийнхэн журамдаа тусгах юм байна.