logo
Гадаад харилцааны сайд Л.Болд Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралД оролцож байна

Гадаад харилцааны сайд Л.Болд Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралД оролцож байна

2013/02/04
Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 49 дүгээр бага хурал 2013 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр ажлаа эхэллээ. Дэлхий дахины өнөө болон ирээдүйд тулгарах аюулгүй байдлын сорилтыг авч хэлэлцдэг дэлхийн тэргүүлэх энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тусгай урилгаар оролцож байна. Энэ удаагийн бага хурлаар эрчим хүчний аюулгүй байдал, Ираны цөмийн асуудал, Сири, Мали зэрэг улс оронд болж буй хямрал, олон улсын тавцанд хүчирхэгжиж буй орнуудын дэлхийн засаглал дахь үүрэг роль, кибер аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй геополитикийн асуудлуудыг хэлэлцэж байна.

Уг бага хуралд НҮБ, НАТО, Европын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Арабын орнуудын холбоо зэрэг олон улсын байгууллагын удирдлага болон дэлхийн  90 орчим улс орны Гадаад харилцаа,  Батлан хамгаалахын сайд нар, түүнчлэн зарим улс орны төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Финландын Гадаад хэргийн сайд Эрркки Туомиёяа, Афганистаны Гадаад хэргийн сайд Задмай Рассоул, Израйлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Эхүд Барак, мөн Израйлийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Дани Аялон,  Канадын Батлан хамгаалахын сайд Петер Маккей, Германы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Кристиан Шмидт нартай албан ёсоор уулзаж, хоёр болон олон талтын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийв.

Түүнчлэн тэрээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Заниер, Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт, Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Эйдэ, Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски нартай уулзаж, Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сард болох “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Гадаад харилцааны сайд нарын бага хурал”-д оролцох болсонд талархал илэрхийлэв.

Дэлхий дахинд тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаарх өнөөгийн болон хэтийн шийдлийг гаргахыг зорьдог, германы Баваар муж улсын нийслэл Мюнхен хотын нэрээр алдаршсан тус бага хурлын ажиллагаа үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш