logo
Монгол хүний биологийн сорьцон дахь мөнгөн усны лавлах түвшинг тодорхойлох судалгааны үр дүн гарлаа

Монгол хүний биологийн сорьцон дахь мөнгөн усны лавлах түвшинг тодорхойлох судалгааны үр дүн гарлаа

2013/02/05

Манай оронд уул уурхайн салбар хөгжсөний улмаас хууль бусаар мөнгөн ус хэрэглэн алт олборлох үйл ажиллагаа ихсэж хэд хэдэн аймгуудад элемент мөнгөн усны шалтгаантай хордлого бүртгэгдсэн бөгөөд ЭМЯ, ДЭМБ-аас олон удаагийн судалгаа хийсэн.

Тэдгээр судалгаанд мөнгөн усны эрсдлийг үнэлэхийн тулд Нэгдсэн үндэсний үйлдвэржилтийн хөгжлийн байгууллага, Германы хүний биомониторингийн комиссын 1999 онд гаргасан лавламж хэмжээ, ДЭМБ-ын лавлах түвшинг ашигласан байна. Улс орон бүр байгаль цаг уур, хүн амын удам зүйн хэв шинж, амьдралын хэв загвар, зан үйлийн онцлогоос шалтгаалан өөрийн хүн амын дундах хүнд металлын лавлах түвшинг тогтоосон байдаг. Иймээс “Монгол хүний биологийн дээжин дэх мөнгөн усны лавлах хэмжээг тогтоох” судалгааны ажлыг тус яамны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын төвийн судлаачид 2012 оны 5-12 сард хийж гүйцэтгэв.

Судалгаанд Өвөрхангай аймгаас 205, Хэнтий аймгаас 238, Сэлэнгэ аймгаас 198, Архангай аймгаас 138, Төв аймгийн Жаргалант 38, Борнуур сумдаас 50, УБ хотоос АПУ ХХК-аас 408, Атар-Өргөө ХХК-аас 59, Дулааны III цахилгаан станцаас 283, Мон-Энзим ХХК-аас 20, Айвико ХХК-аас 21, Талх чихэр ХХК-аас 60, клиникийн нэгдсэн II эмнэлгээс 292 хүнийг тус тус хамруулж нийт 2049 цус болон шээсний дээж цуглуулсан. Шээсэн дэх мөнгөн усны агууламж илрүүлэх шинжилгээг хүйтэн уурын атом шингээлтийн спектрометрийн арга дээр үндэслэгдсэн мөнгөн усны анализатор Люмэкс багажаар НЭМҮТ-ийн Хор судлалын төвийн мөнгөн усны итгэмжлэгдсэн лабораторид, цусан дах мөнгөн усны агууламж илрүүлэх шинжилгээг Япон улсын Минамата өвчин судлалын үндэсний төвийн лабораторид тус тус шинжилсэн болно.

Судалгааны дүнгээр Монгол хүний шээсэн дэх мөнгөн усны дундаж агууламж 0.254±1.752 мкг/л, цусан дах мөнгөн усны дундаж агууламж 0.726±0.937 мкг/л байна. Энэ нь Германы хүний биомониторингийн комиссоос гаргасан лавламж хэмжээний аюулгүй буюу нэгдүгээр түвшин (шээс 0-7 мкг/л, цус 0-5 мкг/л)-гийн дээд хязгаараас мэдэгдэхүйц бага байна. “Монгол хүний биологийн сорьцон дахь лавламж хэмжээг тогтоосон нь мөнгөн усны хордлогыг оношлоход чухал ач холбогдолтой судалгаа” болсон талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш