logo
Хуримын урилга /Хошин өгүүллэг/

Хуримын урилга /Хошин өгүүллэг/

2013/02/05

“Эрхэм хүндэт хүргэн Тулга таныг гэр бүлийн хамт хадам аав Жанцан, эхнэр Сувдмаа нарын хуримд хүрэлцэн ирэхийг уръя. Хуримын ёслол ... оны... сарын ... өдөр 14 цагт “Солонго” зоогийн газар болно” гэсэн урилгыг хүлээн авсан би хадам аавыгаа хоёр дахь хадам ээж буюу Сувдмаа хэмээх бүсгүйтэй хүндтэй хүмүүс үйлчлүүлдэг хотын нэртэй нэгэн зоогойд халуун гараа атгалцан сууж байхад нь санаандгүй таарч, үзмэрчийн хэрэггүй ирээдүйн үйл явдлыг урьдчилан мэдсэн юм. Албаны шугмаар гадаадаас ирсэн зочдыг навсайтал нь согтоож, нам гартаа оруулахыг хүссэн захирлын тушаалаар хоёр удаа эрүүлжүүлэхэд орж, гашуун нясуун юманд гойд “дуртай” гэж хамт олныхоо дунд үнэлэгдсэн намайг “Ардын элчийн Дарьбазар” болгон орчуулагч охины хамт илгээлээ.

 Хүмүүс намайг архинд дуртай тасарч унатал”уудаг” гэж ойлгоцгоодог. Үнэндээ бол миний “уух” гэж юу байх вэ дээ. Хор идсэн шаазгай шиг хоёр аяга шар айраг уугаад “онхолдоод” унадаг зантай. Хоёр удаа “эрүүлжүүлэгдсэн” маань ердөө л дөрвөн аяга шар айраг уусаны гавъяа. Хүмүүсийг архи даадаг, даадаггүй гэж ангилбал би даадаггүйд нь орохоор барах уу, даадаггүй дотроо амархан мууддаг, мууддаггүй гэж ялгавал амархан мууддагын муудагт нь орно. Төрөлхийн согтуурах ундааны зүйл дусал ч таардаггүй сонин, биеийн өвөрмөц тогтолцоотой хүмүүсийн нэг бол яах аргагүй хундага архинд “умаа хум” болдог миний бие багтана.

 Миний хоёр удаа “эрүүжүүлэгдсэн” хар толбот намтар харин хүмүүсийн дунд буруу ойлголт төрүүлсэний балгаар ийнхүү би харийн эрхэм зочдыг тасарч унатал нь дайлж, захирлын санал болгоод байгаа гэрээг ам алдуулан батлуулахад чиглэгдсэн онцгой даалгавар биелүүлэх болсонд учир нь чиглэгдэнэ. Орчуулагч охины тусламжтай хоол зуушаа захиаллаа. Зочдын саналыг харгалзан монгол архины нэр мэдэхгүйгээр далимдуулан нилээд хатуу архи хоёр лонхыг захиалан авчруулав. “Монгоол водка гүүд гүүд” гээд онгироож байгаад монголын уламжлалт гурван удаагийн зарчмыг тайлбарлан, зочдоо гурав гурав татуулчихлаа. Монгол архи хүндэт зочдод маань хэрхэн үйлчилж байгааг далдуур ажиглан, хажуугаар нь даргын үхэн хатан хүсээд байгаа гэрээний гол агуулгыг ойлгуулж амжлаа.

 Зочид гэрээний тухай сонсоод жаахан татгалзах аястай байсан боловч энэ асуудлыг яарахгүй шийднэ гэж амаллаа. Тэд надаас илүү орчуулагч охины цамцны задгай энгэрээр цухуйх чандган цагаан мөөмөнд аль хэдийн нүд “согтчихсон” байлаа. Уухгүй болно гээд байсан соёлтой барууны зочид хоёр шил хар Чингисийг төдхөн маанийг нь уншлаа. Хажуугаар шар айраг, жимсний ундааг хэдэн аягаар нь цөлжээ. Зориуд ийм архичин хүмүүсийг сонгож явуулсан юм бол уу гэж эцэст нь би бодлоо. Монголчууд архийг ус шиг уудаг тул хир баргийн архинд согтож унаад хүнд “ашиглагдахааргүй” хүмүүсийг томилсон ч байж болох шүү дээ.

 Монголын “гурвын хуулиа” ярьж, дахиад гурав дахь шил архиныхаа бөглөөг мулталлаа. Миний толгой эргэж, нүд бүрэлзээд “эрүүлжүүлэх”-ээ “санаж” эхлэв бололтой. Орчуулагч харин давгүй “татчихдаг” охин байсан нь аз таарч, би босож ариун цэврийн өрөө рүү давсагаа суллаж, хүйтэн усаар нүүрээ угааж, толгойгоо шавшин өөрийгөө сэргээхээр явлаа. Олон хүн суусан ширээ сандлын хоорондуур гуйван алхаж явахадаа хадам аавыгаа залуухан бүсгүйтэй тэврэлдэн зөөлөн буйдан дээр хундагтай дарс барин суухыг олж харсан юм.

 Эхлээд итгэсэнгүй. Өөрийгөө “согтоод” буруу харж байна даа гэж эргэлзлээ. Согтчихоор хадам ээж минь залуу харагддаад байна гэж бодоод нүдээ гараараа арчиж байгаад дахин сайн харлаа. Хадам аав болохоор хэвээрээ, хадам ээж болохоор хэтэрхий залуухан харагдаад болж өгдөггүй. Сүүлийн нэг сар уулзаагүй юм чинь гоо сайхны мэс засал хийлгээд “гоё сайхан” болчихсон юм бол уу паанигтлаа. Хүргэн хүүгийн ёсыг бодож, хадмуудаа хүндлэн мэндлэхээс өөр аргагүй санагдав. Хэл нь тультчсан намайг хадам аав нүдээ том болгон харсанаа “Яаж яваа юм бэ чи энд? Эхнэр хүүхэд чинь хаана байна?” гэж ширүүхэн дуугараад байх шиг... Ажлын шугмаар “ууж” явна гэж би аргагүй учраа тайлбарлаад гадаад зочдоо заасан бол уу даа...

 “Та хоёр энд жаргалтай сууж байна даа” гэж ухаангүй хадамд урагшгүй хүргэн хэлээд авлаа. Хадам аав миний согтууг далимдуулан эрээгүй загнасан бололтой гэж дараа нь ухаандаа үхсэн ухныг хөөж явуулсаны дараа би боддог. “Ээж ээ, та сайхан харагдаж байна. Тандаа би хайртай шүү” гэж би үнсэх гэж дайрсан байгаа юм. Надаас нэг их олон насны зөрүүгүй тэр бүсгүйгээ “хамгаалж” хадам аав намайг үнсүүлэхгүй гэж надтай ноцолдоод ширээ сандал нурааж, шилэн аяга хундага хагалж, бөөн хэрэг мандуулжээ... Үүрээр эрүүлжүүлэх байранд өөрийнхөө бүтээлгийг газар унагааж, чичрэн даарсан би хадам аавын “өвөрт” орж түүнийг тас тэврэн хэвтэх гэж зүтгээд хадам аавд цээж рүүгээ хоёр хүчтэй ёвруулаад “ухаан” орсон юм даг.

 Бид хоёрыг өглөө нь хадам ээж, миний эхнэр болсон охинтойгоо ирж эрүүлжүүлэхээс гардаж авлаа. Эхнэр аавтай нь хамт “архидсаныг” сонссоод ичиж үхдэггүй юмуу хоёр муу архичин гэж өрвөлзөв. Хадам аав эрүүлжүүлэхээс гарахаас өмнө наад урьдчилан “анхааруулаагүй” бол би хадам ээжид таныг яагаад цагдаа баривчлаагүй юм бэ? гэж асууж нүүрийг нь түлэх байсан биз. Түүний нууцыг би “эрчүүдийн нууц” гэдэг утгаар зөвхөн өөртөө хадгалсан юм. Дөч дөнгөж хүрч байгаа хадам аав маань “эрийн цээнд хүрлээ” гэж бодсон бололтой түүнээс хойш удалгүй залуухан эхнэр рүүгээ үүрд явсан сан.

 Нөхрөө залуу бүсгүйд “алдсан” хадам ээж нэг хэсэг уйлж унжаад, зүс царай гэж зүйлэг өвчтэй хүн шиг байдаг байлаа. Охин нь харин түүний сэтгэлийн шаналлыг ойлгож, ойр дотно тайтгаруулж аргаддаг ганц хүн нь байсан юм. “Эрчүүд мөнгөтэй болохоороо эхнэрээ сольдог болсон цаг шүү дээ охин минь. Тийм болохоор ирээдүйд сэтгэл санааны бэлтгэлтэй явахгүй бол ээж шигээ зовно шүү дээ “гэж хадам ээжийг хэлэхэд эхнэр маань ээжийнхээ гараас барьж “Ээж ээ, та санаагаар битгий уна л даа. Та залуу байна. Дөнгөж гучин естэй. Сайхан “убаа” олоод суучих. Өвөл болохоор дарсан кимчинээсээ бидэнд явуулж бай” гэж зөвлөнө...

 Миний эхнэрийн зөвөлгөө амьдралд хэрэгжиж хадам ээж маань Сеүлийн хүн боллоо. Далан настай солонгос өвгөнд залуудана уу гэхээс хөгшдөнө гэж байхгүй. Залуу эхнэр сүүлдээ солонгос өвөөгийн загасны дэлгүүрийг өдөржин сүүжүү ууж дампууруулаад, тэдний дэлгүүрийн хаалгыг түгжсэн татварын байцаагч залуу эртэй суугаад, япон тэнгисийн эргийн Пусан хот руу нүүсэн л дээ... Хорвоо гэж гурван настай хүүгийн минь тоглодог алаг бөмбөгнөөс дутах юм алга. Залуу бүсгүйтэй ханилсан хадам аав маань өөрийнхөө хоёр нүүрсний уурхайг хятадууд өгч дуусгаад, Австралид шинэ уурхай худалдаж авсан. Австрал улсын нүүрс дуусвал би ер гайхахгүй. Шинэ хадам ээж маань дороо дэрсхэн өссөн арван дүүтэй хүн шүү дээ...

 Орчуулагч охинтой гадаадын хоёр эрхэм зочдын нэг нь гэрлээд, манай “хүргэн” болсон. Захирал ч хүссэндээ хүрч, өнөөх гэрээндээ гарын үсэг зуруулж амжсан. Гэрээг “бүтээхэд” гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг гэж үзсэн захирал намайг нэг давхрын өрөөнөөс минь шилжүүлж, хоёр давхарт суулгасан. Гурван давхарт захирал болон дэд захирал суудаг болохоор миний албан тушаал хэрхэн ахисаныг шатаар нь тоолоход хангалттай. Нас залуу, цус шингэн байна. Гурван давхарт өрөөтэй болоход ядах юмгүй... Харин тэр үед би гэр бүлээ яаж шийдэхээ мэдэхгүй л явна.

 Хадам аавын аав гэж нэг шар сэмжилсэн өвгөн байх. Ойрноос бас эмгэнээ солиходоо тулсан яриа чихний үзүүрээр хальт дуулдаад байгаа... Юу ч гэсэн эхлээд хадам аавынхаа хуриман дээр очьё. Ахмад хүмүүсийн яриа зөвөлгөөг сонсъё. Царай зүсийг нь ажиглая... Зай ч байна, лай ч байна. Надад одоохондоо яараад байх шалтаг алга. Эхнэр минь налчийсан нахиу хамраа засуулсанаас хойш их л хөөрхөн харагддаг болсон доо. Ирээдүйдээ бэлтгэлтэй л байх шиг байна. Шонхор хамартай хүмүүсийн хэл судлаад нэг л “сэжиг”-тэй байгаа шүү...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш