logo
Анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

Анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

2013/02/06
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2012.02.05/ хуралдаанаар  Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх үед УИХ-ын гишүүн М.Батчимэг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасны дагуу үндэсний дата төвийн болон улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг 2013 оны нэгдүгээр улиралд багтаан баталж мөрдүүлэх, Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооноос боловсруулан дээрх хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн юм.

    Энэ удаагийн хуралдаанаар хуулийн төсөл болоод Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталья гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гаргаж, гишүүдийн олонх дэмжлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш