Өнөөдөр /2013.02.05./ Төрийн ордны “Б” танхимд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан боллоо.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг энэхүү дэд хорооны анхны хуралдаанаар эхлээд автотээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах асуудлын тухай холбогдох газруудын мэдээллийг сонсов.
Одоогийн байдлаар нийслэлд 230 гаруй мянган авто машин замын хөдөлгөөнд оролцож байгаа аж. Тэдгээрийн өсөлтийг тооцож үзвэл, 2015 онд нийслэлд 250 мянган машин, 2020 он гэхэд 310 орчим мянган машин хөдөлгөөнд оролцохоор тоо гарчээ. Гэтэл авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй азотын ислүүдийн хэмжээ Баруун 4 замын орчим гэхэд л хэвийн байдлаас 3-4 дахин өндөр үзүүлэлттэй гарсаар байгаа юм байна. Иймд автомашинаас үүдэн гарах утаа, агаарын бохирдлыг бууруулахад эртнээс анхаарах хэрэгтэй талаар мэргэжлийн хүмүүс баримт түшин нэлээд ярив. Хамгийн эхлээд хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь чухал гэж яригдсан. Ингэж чадвал угаарын хийн хэмжээг 80, NO2-ын хэмжээг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой аж. Түүнчлэн хүхрийн агууламж бага түлш шатахуун хэрэглэх, зам дагуух ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гол замуудыг өргөсгөх, дэд замыг олон болгох, давхар зам тавих гэхчлэн олон ажил салбарлан хийгдэх тухай хуралдаанд оролцож буй мэргэжилтнүүд хэлж байлаа.
УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нарын гишүүд хуралдааны үеэр санал бодлоо хэлж, байр сууриа илэрхийлж байсан.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хэлэхдээ, энэ дэд хороо 2011 онд байгуулагдсан, тодорхой улс төрийн шалтгаанаас хуралдаж амжаагүй байсаар одоо анхны хуралдаанаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийж байна. Дэд хорооны хариуцах асуудлын хүрээ зөвхөн агаарын бохирдлын асуудлаар хязгаарлагдахгүй гээд, энд асуудлаа танилцуулахаар ирсэн холбогдох албаны хүмүүст хандаж, хийсэн ажлаа тайлагнахаас илүүтэй хийж байгаа ажилд нь учирч буй саад бэрхшээл, хүндрэл байвал ярихыг зөвлөж байв. Түүнчлэн байнгын хорооны хуралдаанд бид “Цэвэр агаар” сангийн гэхчлэн олон асуудлын талаар танилцуулга сонссон. Ихэвчлэн хийсэн ажлаа тайлагнаад нэг л зүйлийг яриад байдаг. Гэтэл хамгийн гол зүйлээ бид орхигдуулаад байдаг гэмтэй, бодит тодорхой зүйлийг ярих ёстой гэсэн юм. Тэрээр, Засгийн газар энэ өвөл нүүрс олгож, тараасан нь хэдийгээр ард иргэдэд хэрэгтэй ажил байсан ч нийслэлийн утааны бохирдлын байдалд ташуур өгсөн сөрөг арга хэмжээ болсон гэдгийг дурдаж, хэрэв дараа жил ийм байдал давтагдвал УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны зүгээс шууд зогсоохоос өөр аргагүй гэдгийг ч хэлж байлаа.
Г.Баярсайхан дарга цааш нь, сайжруулсан түлшний үйлдвэр яагаад одоо хүртэл ашиглалтад орохгүй байгааг тодруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж чадах боломж буй эсэх, үгүй бол энд хариуцлага яригдах ёстой гэсэн юм. Тэрээр, “цаасан дээрх гоёмсог тайлангаас илүү бодитой ажил чухал” гэдгийг анхааруулж байв.
Харин хуралдаанд хүрэлцэн ирсэн холбогдох ажилтнуудын тайлбараар бол, хагас кокосжсон утаагүй түлш үйлдвэрлэх ажил туршилтын шатандаа л яваад буй аж. Үйлдвэрийн хувьд одоогоор 18-30 гаруй удаа туршилт хийгдсэн ч хараахан үр дүнд хүрээгүй л байгаа юм байна. Энэ нь технологийн горимын шалтгаантай, цаасан дээр бол бэлэн болчихсон, харин үйлдвэрлэлд нэвтэрч амжаагүй технологи учраас зогсонги байдалд байна хэмээж байв.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар нийслэлд нийлүүлэгдэж байгаа утаагүй түлшний хангалт, стандарт болон түлшний үйлдвэрийн ажлын явц, шинээр баригдах түлшний үйлдвэрийн төсөл, технологийн туршилтын талаар нэлээд нухацтай ярилцлаа.