logo
О.Эрдэнэбулган: Манайх шатдаг занарын нөөцөөрөө Саудын Арабын нефтийн нөөцтэй дөхөж очно

О.Эрдэнэбулган: Манайх шатдаг занарын нөөцөөрөө Саудын Арабын нефтийн нөөцтэй дөхөж очно

2013/02/06
-Бид занар дээр хувийн хэвшилтэй хамтарна бас хянана-
Монгол улс хожим ч гэсэн Уул уурхайн салбартаа анхаарал хандуулахаар Уул уурхайн яамыг шинээр байгуулсан билээ. Тус яамнаас Бензин, дизель болон онгоцны түлш, шатдаг хий нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүхий Монгол Улсад арвин их нөөцтэй шатдаг занар хэмээх ашигт малтмалын талаарх судалгааны ажил болон төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг ажиллуулж байна. Энэхүү ажлын хэсгийн ахлагч Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Сүүлийн үед шатдаг занар, түүнээс шатахуун гарган авах талаар нэлээдгүй яригдаж байгаа. Салбарын яамны ажлын хэсгийн ахлагчийн хувьд танаас шатдаг занар гэж юу болох яаж ашиглах, ач холбогдол нь юу юм бэ гэх мэтчилэн олон зүйлийг тодруулж асуумаар байна. Эхлээд та манай уншигчдад тодорхой нэг ойлголт өгөхгүй юу?
-Эхлээд ойлголтыг зөв өгмөөр байна. Шатдаг занар, шатах занар ч гэж хэлдэг, энэ бол занарын чулуулаг дотор орших керогин буюу чулуужсан замаг юм. Шатдаг занарын ач холбогдлыг шууд утгаар нь монгол дотооддоо нефтийн бүтээгдэхүүний эх үүсвэртэй болох нэг том боломж гэж ойлгож болно. Манайх өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний хувьд гаднаас, тэгээд ганц улсаас бүрэн хараат байхын зовлонг ханатлаа амсаж байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа.Тиймээс л үүнээс гарах гарц хайж байна, түүний нэг нь шатдаг занар бүр хамгийн боломжит хувилбар ч байж болох юм шүү. Энд нэг зүйлийг тодруулж хэлье. Занарын хий гэж shale gas гэж англиар хэлдэг , бас занарын тос буюу shale oil гэж бий . Oil shale, shale oil хоёр хоорондоо ялгаатай . Эдгээрийг хооронд нь хольж хутган ойлгох нь түгээмэл байна. Юуны түрүүнд бид энэ ойлголтуудыг цэгцэлж мэргэжлийн үүднээс зөв тодорхойлох хэрэгтэй байна . Одоо бол бид шатдаг занар (oil shale)-ын талаар ярьж байна.

-Ашигт малтмалын энэ төрөл манайд ер нь судлагдаж байсан юм уу, нөөц болон бусад мэдээлэл нь хэр хангалттай, бодитой байдаг бол?

-Манайд шатдаг занарын судалгаа хайгуулын ажил зохих түвшинд хийгдэж байсан. Бүр 70,80-иад оноос хуучнаар ЗХУ-ын үед Орос Монголын эрдэмтдийн хамтарсан хайгуул хийгдэж илэрц газрууд тогтоогдсон байдаг. 1990-ээд оны эхээр Монголын геологич эрдэмтэн Бат-Эрдэнэ, Жаргал нар монгол орны шатдаг занарын тархацын газрын зураг гаргаж мэдээллийг нэгтгэн судалсан байдаг. Нөөцийн талаар урьдчилсан таамаг мэдээлэл байгаа боловч хангалттай мэдээлэл дутмаг байна. Гэхдээ өмнөх судалгаанууд дээр үндэслээд харахад хангалттай нөөц бий гэдэг нь тодорхой байгаа юм. Одоогоор 788 тэрбум тонн гэж тооцоолсон байгаа, энэ нь шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд л хийгдсэн судалгаа гэж байгаа. Тэгэхээр монгол шатдаг занарын нөөцөөрөө бол саудын Арабын нефтийн нөөцтэй дөхөж очихоор байгаа биз.

-Дэлхий нийт ялангуяа Оростой таарамж муутай орнууд бодлогын хувьд л энэ салбарыг хөгжүүлэхээр хичээж байгаа юм бишүү, эдийн засгийн үр ашгийн талаар та болоод танай ажлын хэсэг ямар тооцоололтой байна вэ?

-Та Эстони, Польшийн талаар ярьж байх шиг байна. Улс болгон л өөр өөр нөхцөл байдалтай, эрчим хүчний дотоод эх үүсвэртэй нь ч байна үүсвэргүй нь ч байна. 80-аад оноос Эстони улс дотоодын нөөц бололцоогоо ашиглан эрчим хүч гаргах талаар маш хүчтэй ажиллаж эхэлсэн. Яагаад гэвэл Эстонид манайх шиг газрын баялаг байхгүй. Тэгээд л дотооддоо байгаагаа ашиглах арга зам хайсан хэрэг. Үүнийхээ үр дүнд одоо цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг шатдаг занараас гарган авч байна. Энэ талаар ч технологиороо тэргүүлэгч улсуудын нэг болсон байна. Манайд тэднийхээс суралцах зүйл чамгүй байна. Польш ч бас үүнтэй төстэй. Саяхан Украйн улс занарын хийн нөөцийг ашиглах нэмэгдүүлэх талаар Англи Нидерландын хамтарсан “Рояал Дөтч Шейл” /Royal Dutch Shell/ компанитай хамтран ажиллах гэрээ зурлаа. Хэдийгээр занарын хий бол шатдаг занараас тэс өөр технологи шаарддаг ч гэсэн эрчим хүчний дотоод эх үүсвэрээ хайх гэдэг утгаараа Украйн, Эстонийн байр суурьт төстэй талууд бий . Манай ажлын хэсэг мэдээж энэ бүхнийг судалж үзэж байна. Шаардлагатай мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийх нь ажлын хэсгийн үүрэг юм.

-Шатдаг занарыг олборлох боловсруулах үйл явц ер нь зөвхөн туршилтын шатанд явж байгаа юм байна гэж ойлгож болох уу, манайх аль нэг улсын туршилтын талбар болчихгүй байгаа даа?

-Зөвхөн туршилтын шат ч гэж хэлж бас болохгүй л дээ. Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үр ашгийг нь үзэж байгаа улс орнууд бий. Жишээ нь Эстонид цахилгаан эрчим хүч, химийн бүтээгдэхүүн, Хятад, Бразилд шингэн, хийн түлш, химийн бүтээгдэхүүн, Германд цемент, Австрали, Америкт шингэн түлш, ОХУ, Израильд цахилгаан эрчим хүч гарган авах зорилгоор шатдаг занарыг ашиглаж байна. Их том салбар магадгүй Монголын нефтийн бүтээгдэхүүний ирээдүйн асуудал учраас нарийн судалгаатай, шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй. Тиймээс бид яарахгүй байгаа, гэхдээ алгуурлахгүй. Судалгаа геологийн эрэл хайгуул гадаадын олон улс орнуудад явагдаж байна. Энэ бүх ажлуудын үр дүнг харна хүлээнэ, энэ бүхний хажуугаар дотооддоо хайгуул судалгааг эхлүүлж байх шаардлагатай байна. Ямар ч тохиолдолд турших талбар болно гэсэн зүйл байхгүй. Бид гадна дотнын компанийн бус эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллаж байгаа хүмүүс .

-Уул уурхайн хамгийн том асуудал болох байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар мэдээж танаас асуух ёстой?

-Шинэчлэлийн Засгийн газрын гол бодлого бол хариуцлагатай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, эдийн засгийн өндөр үр ашигтай уул уурхайг хөгжүүлэх шүү дээ. Энэ зарчмаа л баримтална. Мэдээж гаднын туршлагыг судалж байна. Шатдаг занарт энерготехнологийн аргаар боловсруулах /Еx-situ/, Газрын гүнд хийжүүлж, шингэрүүлэх технологийн аргаар боловсруулах (In-situ) гэсэн хоёр технологийг ихэвчлэн ашиглаж байгаа юм. Энгийнээр хэлбэл занарын давхрагыг босоо ба хэвтээ цооногоор нэвтэлж газрын гүнд нь бутлан сийрэгжүүлээд, дараа нь халааж шингэн ба хийн бүтээгдэхүүнийг цооногоор соруулж авах буюу In-situ технологи, нөгөөх нь уламжлалт ил уурхайн олборлох арга Еx-situ технологи. Аль аль нь эерэг болоод сөрөг талтай. Хамгийн гол нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, эдийн засгийн өндөр үр ашигтай технологийг ашиглах нь чухал .Шатдаг занарын давхарга хэр газрын гүнд байгаагаас шалтгаалаад хоёр технологийг зэрэгцүүлж явах шаардлага гарах байх.

-Уул уурхайн яамны ажлын хэсгийн ажил яг одоогоор ямар явцтай явж байна, миний олж сонссоноор манай хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа энэ чиглэл дээр илүү идэвхтэй явж байгаа юм билээ. Үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байна?

-Өмнөх Засгийн газрын үед хууль эрхзүйн зохицуулалтаа тодорхой болгоогүй байж нэлээд хэдэн компанид судалгаа хийх эрх өгсөн байсан. Харин манай хувийн хэвшлийнхэн төрийн анхааралд өртөөгүй энэ чухал салбарын ирээдүйг маш сайн мэдэрч судалгаа бусад ажлаа сайн хийж ирсэн байгаа юм. Харамсалтай нь тэдэнд өнөөдрийг хүртэл төрийн бодлого дутагдаж шийдвэр гаргах болгондоо хаалттай хаалгатай нүүр тулж ирсэн байна.
Нэг үгээр хэлбэл хөл нь толгойноосоо түрүүлчихсэн гэсэн үг. Бид ажлаа сайн хийж хувийн хэвшлийг дэмжин өөрөөр хэлбэл хөл толгой хоёр нь нэг хурдтай хоорондоо зохилдолгоотой ажиллахыг анхаарна. Урд нь энэ чиглэлээр ажил хийсэн компаниудын ажлын явцыг сонсоно, гэхдээ энэ нь тэдний бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд байна гэсэн үг биш. Төр хянах юмаа хянана. Тэгээд зоригтой, мэдээлэлтэй, шинжлэх ухаанч, цаашдын хөгжлийн замаа дардан байлгах тэр бодлогыг л гаргах эцсийн зорилгоо бодож ажиллана.

-Араас нь явсан бодлого хэр үр дүнтэй болох бол, эцсийн бүлэгт монголын ард түмэн үүнээс юу хожих юм бэ, бас л Оюутолгой Тавантолгой болчихгүй байгаа?

-Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг байхаа. Эцсийн зорилго маань ард түмэнд үр өгөөжөө өгөх үйл ажиллагаа болохоор ямар ч байсан бүтэх болно. Литр шатахууны үнэ 1000 төгрөгөөс доош болох тэр өдөр ойрхон гэж би харж байгаа шүү.

-Нүүрсний асар их баялагтай мөртлөө нүүрс шингэрүүлж шатахуун боловсруулах үйлдвэр олон жилийн турш л яригдсаар одоо л баригдах гэж байна шүү дээ. Тэгэхээр шатдаг занар хэзээ ашгаа өгөх нь нэг л санаанд багтахгүй байна?

-Нүүрс шингэрүүлэх аргаар бензин тос гаргаж авах нь зарчмын хувьд боломжтой.Би зарчмын хувьд л гэж хэллээ шүү. Яагаад гэхээр одоо байгаа технологиор явахад бензиний үнэ маш өндөр гарахаар байгаа юм. Мөн маш их ус хэрэглэдэг учраас байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг сайн анхаарч үзэхгүй бол эргээд гарах үр дүн нь аюултай. Технологийн дэвшил шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шатдаг занар нефтийн бүтээгдэхүүний эх үүсвэр болох боломжтой болчихлоо шүү дээ. Тиймээс дотоодын нефтийн хангалттай эх үүсвэргүй манай орны хувьд шатдаг занарыг нарийвчлан судалж илэрц бүхий ордуудад үнэлгээ өгөх шаардлага тулгарч байна. Магадгүй шатдаг занар нүүрснээс ч их ашиг тусаа өгч болох юм гэж бид харж байгаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш