Монголын залуучуудын холбооны удирдлагууд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвтэй уулзлаа. Тус холбооны зүгээс шинээр хэрэгжүүлж байгаа ажлаа сайдад танилцуулж, хамтран ажиллах боломж бүхий төсөл хөтөлбөрүүдэд дэмжиж ажиллах хүсэлт тавьлаа.
“Залуучуудын эко амьдралын хэв маягийг дэмжих “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг олон нийтэд сурталчлах зорилготой баримтат кинонд хамтран ажиллах, “Авлигагүй орон сууц” төслийн эрчим хүч, дулааны асуудлыг шийдвэрлэж өгөх, холбооны дэргэдэх мэргэжлийн чиглэлийн инженерүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан “Залуу инженер” зураг төслийн баг байгуулснаа сайдад танилцуулж Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа залуучуудын зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Дэд сайд Д.Доржпүрэв тус холбоотой хамтран ажиллахаа илэрхийлээд салбарын зүгээс залуучуудад хандсан зарим ажлын талаар ярилаа. Яамны зүгээс ШУТИС-д хандан, эрчим хүчний үйлдвэр компанид ажиллаж байгаа залуу ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт явуулах хүсэлт гаргаад байгаа юм. Мөн эрчим хүчний үр ашигтай, шинэ технологийн бүтээл, санаачлага гаргасан залуусыг 2012 оноос эхлэн шалгаруулж, Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн, орон сууцны хөтөлбөр боловсруулан залуучуудыг хамруулахаар төлөвлөсөн зэрэг ажлыг санаачлан хийгээд байна.