Ш.Батцэцэгийг гишүүдийн олонхи нь дэмжив
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд гишүүнээр нэр дэвшүүлэх, томилох тухай асуудлыг хуулиар зохицуулсан байдаг. Энэ дагуу тодорхой чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулах ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандаж, төрийн бус байгууллагуудын зүгээс зарим хүнийг нэр дэвшүүлэн оруулж ирж, хэлэлцүүлэн өнгөрсөн хавар зарим томилгоо хийгдсэн талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хуралдааны үеэр хэлэв. Тэрээр, дээрх ҮЗ-ийн гишүүн, гадаад харилцааны чиглэлд ажиллах нэр дэвшигчийн талаарх асуудлыг өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн ч олонхийн дэмжлэг аваагүй тухай дурдаад, энэ удаа ТББ-ын хороо хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэр дэвшүүлэх үйл ажиллагааны талаар тодорхой зар, мэдээлэл түгээж ажилласан тухайгаа гишүүдэд дуулгалаа. Ингээд “ЭБИ” хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн Ш.Батцэцэг, “Либерти” сангаас нэр дэвшүүлсэн Д.Бямбаа, МУЗН-ээс нэр дэвшүүлсэн Р.Самдандовж нарын хүмүүсийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ Байнгын хорооны гишүүд саналаа нууцаар хураалгах тухай хэлсэн. Энэ гурван хүний асуудлыг нууц санал хураалтаар шийдэхэд Шагдарын Батцэцэг олонхийн санал авсан байв. Иймд түүний нэрийг ОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлснийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судалж, гишүүдийн санал өгөх техникийн шийдэлтэй танилцана
Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ээлжит завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсан. Хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн төслийг бэлтгэх чиглэлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болсон байна. Мөн Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсэг байгуулах, Улс төрийн намын тухай болон санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллах аж. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулна гэдгийг Байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдлээ.
Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь чухал гэдгийг тэрээр онцолсон. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил ямар байгаатай гишүүд биечлэн танилцах юм байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн саналаа өгөх техникийн шийдэлтэй бас танилцах бөгөөд УИХ-ын Тамгын газрын шинэ бүтцийн талаарх мэдээлэлтэй танилцаж, чиглэл өгөх ажлууд хийгдэх юм байна. Нийслэл, зарим аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын болон УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтай Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар төлөвлөөд байгаа аж. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд тус байнгын хорооны гишүүд батлагдсан хууль, тогтоолын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулах тухайд ч Байнгын хорооны дарга ярьсан.
Ёс зүйн дэд хороо дүрмээ шинэчлэв
Анх 1990 оны үеэс л Парламентад УИХ-ын гишүүдийн ёс зүйн тухай болон Ёс зүйн дэд хорооны асуудал яригдаж ирсэн хэмээн УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг онцолж байлаа. Түүнээс хойш 2000 он хүргэж, мөн цааш арваад жил яригдаж явсаар 2010 онд УИХ-ын Ёс зүйн дэд хороо дүрэмтэй болсон түүхийг тэрээр сөхсөн юм. Гэхдээ 2000 оноос хойш энэ дэд хороо тодорхой дүрэмгүй байсан, мөн арван жилийн хугацаанд гуравхан удаа хуралдсан гээд зарим баримтыг судалгааны явцад олж харсан гэж тэрээр хэллээ.
Ёс зүйн дэд хорооны шинэчилсэн дүрмийг боловсруулахдаа баримт, судалгаа түшиж ажилласан төдийгүй бусад олон улс орны туршлагаас харж үзсэн, мөн холбогдох хууль тогтоомжтой нарийвчлан танилцсан талаар М.Батчимэг гишүүн өгүүлж байв. Тэрээр ёс зүйн дүрэмд дөрвөн өөрчлөлт оруулсан талаараа хэлж байсан. Тэдгээр нь сонирхлын зөрчил, авилгын асуудал, дүрэмд хяналт тавих, дэд хороог байнгын ажилтантай байлгах зэрэг гэдгийг ч тайлбарласан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт, Х.Тэмүүжин, Р.Бурмаа, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар санал бодлоо илэрхийлж, байр сууриа тодотгосон юм. “Парламентад итгэх олон түмний итгэлийг гишүүдийн өмнөөс хангаж ажиллах” нь Ёс зүйн дэд хорооны гол ажил гэдгийг УИХ-ын дэд дарга С.Баярцогт хэлж байсан. Тэрээр үүнд олон улсын туршлага хэрэгтэй гэдгийг ч мөн дурдсан.
Харин УИХ-ын дэд дарга М.Энхболд, уг дүрмийн шинэчлэлийг ерөнхийд нь дэмжиж буйгаа хэлээд, өмнөх парламентуудын үед Ёс зүйн дэд хороог голчлон цөөнхийн зүгээс удирдаж ажилласан юм байна. Тэгэхээр энэ уламжлалаа дагаж, цөөнхөөс удирдлага сонгож ажиллах тухайд саналаа хэлсэн юм. Харин энэ зарчмын зөрүүтэй саналаар байнгын хорооны гишүүд санал хураалгахад дэмжигдсэнгүй. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл мөн зарчмын зөрүүтэй гурван санал гаргасны хоёр нь унаж, нэг нь дэмжигдсэн. Тэр нь ёс зүйн дэд хорооны хуралдаан нээлттэй явагдах тухай бөгөөд хаалттай болох тухайд олонхийн саналаар шийднэ гэсэн найруулгын шинж чанартай санал байв.
Ингээд Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчилсэн найруулгаар нь батлах тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолын төслийг гишүүд дэмжсэн юм. Ёс зүйн дэд хорооны дүрэм нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг зохицуулахад оршиж буй юм.
УИХ-ын хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ
УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын гишүүдээс санал болгосон 5 төсөл, Засгийн газраас санал болгосон 10 төсөл, нийт 15 төсөл багтсан гэдгийг хуралдааны үеэр Байнгын хорооны дарга хэлсэн. 2013 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 65 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 21 төсөл, хэлэлцэгдэж эхлээгүй 44 төсөл байгаа ажээ. Харин одоогоор боловсруулах шатандаа байгаа, УИХ-д өргөн мэдүүлээгүй буй төслүүдийг 2013 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүй үлдээсэн гэж А.Бакей дарга хэллээ.
Хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөлөл батлах хуулийн төсөл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Газрын тухай багц хуулиудын төсөл, /эндээс Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг хасахаар болсон/ нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл зэрэг 15 шахам хуулийн төслүүд багтаж байгааг Байнгын хорооны дарга танилцуулж, гишүүд дэмжлээ.