logo
Ховд, Увс аймагт барих битүү захын ажлыг шуурхайлна

Ховд, Увс аймагт барих битүү захын ажлыг шуурхайлна

2013/02/07

Бага, дунд орлоготой иргэдийнхээ ажиллаж, амьдрах нөхцөлийг дэмжин сайжруулах, аймгийн төв бүрийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд аймгийн төвүүдэд битүү зах барихаар төлөвлөж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн намар баруун гурван аймагт ажиллах үеэрээ эхний ээлжинд Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад 2013 онд багтаан битүү зах барьж өгөхөө нутгийн иргэдэд хэлсэн юм. 

Энэ ажлын хүрээнд Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх Ховд, Увс аймагт ажиллаад ирлээ. Орон нутгийн нөөц, онцлогоос хамааран нэг аймагт 2,5-3 тэрбум төгрөгөөр 5000-аас багагүй метр квадрат талбайтай, орчин үеийн технологийн шийдэлтэй, тав тухтай ажиллах нөхцөл бүрдүүлсэн, худалдааг төрөлжүүлсэн битүү захыг Ховд, Увс, Баян-Өлгийаймгуудадэнэ оны 10 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг тэрбээр танилцуулж, энэ асуудлаар аймгуудын удирдлага болон задгай захад худалдаа эрхлэгч иргэдтэй уулзан санал солилцсон юм.

 

Улсын төсвөөс санхүүжүүлэн барих хүнс, барааны битүү захад хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Төвлөрсөн зах ажиллуулахад тохиромжтой байршилд дэд бүтцэд холбогдсон 1-1.3 га газрыг аймгийн Засаг даргын Тамгын газраас сонгох, ашиглалтад оруулсны дараа тогтвортой ажиллуулах орон нутгийн менежментийн баг бүрдүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдана. Ховд аймгийн хувьд, дээрх асуудлуудаар идэвх санаачилгатай ажиллаж, нэгдмэл ойлголцолд хүрээд байгаагаа Ерөнхий сайдын зөвлөхөд танилцууллаа. Тус аймгийн удирдлагууд захын үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байршилд дэд бүтцэд холбогдсон хоёр ч газар санал болгосноос гадна битүү захын менежментийг цаашид хариуцан авч явахаар худалдаа эрхлэгч нэгдэн, 400 гаруй гишүүнтэй хувьцаат компани байгуулахаар ажиллажбайна. Харин Увс аймагт битүү зах барихаар төлөвлөж буй байршлуудад газар чөлөөлөх, нөхөн олговор олгох зэрэг хугацаа, хөрөнгө шаардагдах нөхцөл үүссэнийг аймгийн удирдлагууд танилцууллаа. 

Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад битүү зах барих газрыг энэ сарын 15-ны дотор шийдвэрлэн танилцуулахыг хоёр аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа. Мөн захын үйл ажиллагааг хариуцаж, цаашид ямар нэг доголдол үүсгэлгүй хэвийн явуулахад хувийн хэвшлийнхэн, тэр дундаа тус захад худалдаа эрхлэгч, түрээслэгчид нэгдэн ажиллах хэрэгтэйг хэлж, менежментийн тодорхой төлөвлөгөө, хамтын ажиллагааны дүрэм журам гарган саналаа нэтгэхийг тэдэнд санал болголоо. Орчин үеийн шаардлагад нийцэхүйц нөхцөлд ажиллах боломж бүрдүүлэхээр зорьж буй Шинэчлэлийн Засгийн газрын ажилд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа худалдаа эрхлэгчид илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш