Жил бүрийн цагаан сарын баярын дараа аймаг, сумаас тавгийн идээ, архи айраг бүхий ачаа ихтэй олон хүн Улаанбаатарт ирж золголт хийдэг. Төсвийн зардлаар хол зам туулж, ингэж нүсэр баярладаг байж болохгүй. Орон нутгийнханд хүндрэл учруулсан ийм байдал олон жил үргэлжиллээ гэж Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хоёр иргэн Засгийн газрын иргэдээ сонсдог, тэдний санал хүсэлтийг хүлээн авдаг “11 11” төвд ханджээ. Энэ хоёр хүний хэлсэн шиг ийм саналтай хүн олон байгаа. Ер нь ч ингэж төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэж болохгүй гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай хийсэн видео хурлын үеэр онцгой анхааруулаад нутгийн зөвлөлийн золголт нэрээр төсөв зарлагадсан ийм арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо.
Төрийн банк, Тавантолгойн гэрээ, МИАТ-ийн хэрэг гэхчлэн төрийн зарим байгууллагын алдаатай бодлого, үр ашиггүй гэрээ, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан зэргээс үүдэн төрийн байгууллагын нэр хүнд унаж байна. Тиймээс аймгийн Засаг дарга нар ийм хууль бус ажил хийхгүй байхыг анхааруулаад иргэдээ сонсож, нээлттэй шударга ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа.
Үндэсний татварын Ерөнхий газрын удирдлага гадаадад аялуулах тухай гэсэн тушаал гаргаж, өнгөрсөн онд 462 сая төгрөгөөр ажилчдаа зугаалуулсан. Иргэний нисэхийн Ерөнхий газар татвар төлөгчдийн нэг тэрбум төгрөгөөр гадаад улс оронд аялсан, 3,8 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэгт зарцуулсан. Гаалийн Ерөнхий газарт ч ийм зөрчил илэрсэн тухай Ерөнхий сайд танилцуулаад энэ мэт тушаал шийдвэр гаргахгүй байх учиртайг хэллээ.
Өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудад Засгийн газар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Хаагдсан зам давааны цас цэвэрлэх, өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүйгээр хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн зарим малчдыг нүүлгэн шилжүүлсэн зэрэг өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авч буй арга хэмжээнд нийт 5,4 тэрбум төгрөг зарцуулж байгаа талаар Ерөнхий сайд мэдээллээ.
Засгийн газраас шийдвэр гарч хөрөнгө зарцуулж байгаа ч энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс өвс тэжээл хүргэх ажлыг төвөг чирэгдэл багатай, хүндрэл болохгүйгээр зохион байгуулж, малчдад, малчны хотонд хүргэж байгаа гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Ерөнхий сайд бол ерөнхийлөн захирдаг хүн гээд ерөнхий хараад сууж байж таарахгүй. Тиймээс өнгөрсөн 10-аад хоногт эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн төлөө зөв шийдвэр, гарц хайж ажиллаж байна. Аймгийн Засаг дарга нар ч мөн адил асуудлын голд орж, салбар хариуцсан мэргэжилтнүүд болон иргэдийнхээ үгийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн нээлттэй, ил тод байж, зөв шийдвэр гаргаж ажиллахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.