Гадаад харилцааны сайд Л.Болд Олон улсын энх тайвны хүрээлэнгийн захирал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Род Ларсэн тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 5-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ноён Род Ларсэн энэ оны 4-р сард Монгол Улсад хийхээр төлөвлөж буй Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын сайд нарын 7 дугаар бага хурлын талаар мэдээлэл авч энэ чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр тус хүрээлэн нь цаашид олон улсын зарим тодорхой асуудлаар Монгол улстай хамтарч ажиллах сонирхолтой байгааг тэмдэглээд зарим санал тавьсан юм.
Л.Болд сайд бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлж, цаашид хамтарч ажиллаж болох асуудлуудыг хөндөж ярив. Хоёр тал хамтарч ажиллах чиглэлүүдийг ойрын үед тогтоохоор тохиролцлоо. Аливаа Засгийн газраас хараат бус, бие даасан энэхүү олон улсын байгууллага нь анх 1970 онд НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга У Таны дэмжлэгтэйгээр байгуулагдаж энхийг сахих хүчнийг бэлтгэх, сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм үзүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллаж байсан бөгөөд 1990-ээд оноос олон улсын тулгамдсан асуудлуудыг эв зүйн аргаар зохицуулахад анхаарч ажиллаж иржээ.
Ноён Род Ларсен нь олон улсын нэртэй, нэн туршлагатай дипломатч юм. Тэрээр тус хүрээлэнгийн захирлын албыг 2005 оноос хашиж байгаа юм байна. Мөн НҮБ-ын ЕНБД-ын орлогчоор ажиллаж байсан төдийгүй Аюулгүйн Зөвлөлөөс Ливаны асуудлаар гаргасан 1559 (2004) тоот тогтоолын хэрэгжилтийг хариуцаж буй НҮБ-ын ЕНБД-ын тусгай элч төлөөлөгчөөр 2005 оноос хойш томилогдон ажиллаж байгаа аж.