logo
Гадаад харилцааны сайд Л.Болд ахмад дипломатчдад хүндэтгэл үзүүллээ

Гадаад харилцааны сайд Л.Болд ахмад дипломатчдад хүндэтгэл үзүүллээ

2013/02/07
“Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн сар шинийн баярыг угтаж Гадаад харилцааны сайд Л.Болд ахмад дипломатчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Сайд Л.Болд хэлсэн үгэндээ, өнгөрсөн жил Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хангах, олон улсын тавцан болон бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирснийг мэдээлж, тэр дундаа Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн болсон нь чухал явдал хэмээн онцоллоо. Мөн ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын Сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажилд болон ГХЯ-ны дэргэд “Дипломат академи” байгуулахад ахмад дипломатчдын мэдлэг чадвар, хуримтлуулсан туршлага, заавар зөвлөмж үнэтэй хувь нэмэр болохыг тэмдэглэлээ.

Түүнчлэн, Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ахмад дипломатч А.Цолмон, Г.Луузан, Ч.Агваандамдин нарыг “Хүндэт дипломат” тэмдгээр шагнав.

Мөн Сар шинийн баярыг тохиолдуулан 85-аас дээш настай болон 80, 75, 70 насны ой нь тохиож буй 26 ахмад настанд онцгойлон баяр хүргэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш