Залуучууддаа зориулж газар үнэгүй, дэд бүтцийг нь төрөөс шийдэж өгсөн “Авилгагүй орон сууц” төслийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй явдагаа Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай уулзах үеэрээ хэллээ.
Энэ төслийг хэрэгжүүлэхдээ орон сууц барих шат дамжлага бүрийг харуулсан телевизийн реалити шоу хийе. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг хэрхэн тавьдагаас гадна орон сууцны барилга барих зөвшөөрөл бичиг цаасыг хэрхэн бүрдүүлдэгийг харуулсан нэвтрүүлгийн төсөл санаа бидэнд байна. Өнөөдрийг хүртэл орон сууцны үнэ өсөх гол үндэслэл шалтгаан өндөр үнээр авсан газар байсан бол “Авилгагүй орон сууц төсөл”-д газар нь үнэгүй, дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэн байх юм гэж МЗХ-ны ерөнхийлөгч онцолж байлаа.
Залуучуудын байгууллагынханд орчин ахуйгаа өөрчлөх гэсэн хэсэг залуус хандсан юм байна. Гэр хороололд амьдардаг залуус газраа нийлүүлээд орон сууцны барилгыг зах зээлийн үнээс хямд барих боломж гарцын талаар хөнджээ.
Авилгагүй орон сууц төслийг хэрэгжүүлэх гарц юу байна вэ? 6 хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа? залуучуудаа хэрхэн орон сууцтай болгох вэ? Гэх зэрэг хамтран ажиллах боломж, чиглэлүүдээ хөндсөн энэхүү уулзалт ярилцлагын үеэр Ц.Баярсайхан сайд Монголын Залуучуудын холбооны удирдлагуудад салбартайгаа холбоотой мэдээлэл өгөв.
Шинэ бүтээн байгуулалт орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 17 хороололд орон сууцны хороолол баригдана гэсэн төлөвлөлт бий. Өнөөдөр нийслэлд төрийн буюу нийтийн газар гэж байхгүй болчихсон байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн ойр орчимд байгаа газар бүгд хувь хүн, аж ахуйн нэгжийн нэр дээр байна.
Гэтэл орон сууцны үнэ бууруулах хамгийн гол хүчин зүйл нь газар үнэгүй, нийгмийн дэд бүтэц төрөөс шийдэгдсэн байх. Бидний хувьд барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад байгаа. Хоттой хамтраад амины орон сууцны хороолол барих асуудал яригдаж байна. Яармагийн дэнж дээр Берлин эко төсөл хэрэгжиж байгаад зогссон. Энэ төслийг үргэлжлүүлэхэд 1 мкв нь 750 мянган төгрөгт багтах 1-2 давхар амины орон сууцны хороолол босох боломжтой.
Аймгуудад 1000 айлын орон сууц барина гэсэн хөтөлбөр байгаа. Орон сууц барихын тулд барилгын материалын үйлдвэрүүдийг ч хамтад нь шийдэх ёстой. Аймаг бүрт үйлдвэр байгуулна.
6 хувийн хүүгийн тухайд өмнөх Засгийн газрын үед зарласан. 50 тэрбум төгрөгийг 1100 хүнд олгосон байдаг юм. Ингээд хөрөнгийн эх үүсвэр нь зогсчихсон. Мөн 50 дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууцанд олгоно гэсэн ч нийт жагсаалтанд бичигдсэн барилгын 62 хувь нь барилгын ажлаа огт эхлээгүй байв. Хөрөнгийн эх үүсвэрээ шийдээгүй, дээр нь 6 хувийн зээл зэрэг нь барилгын салбарт үнэ хөөрөгдөх гол нөхцөл болсон юм. Тиймээс бид ийм арга замаар цаашдаа явахгүй юм байна гэж үзэж байгаа. Мэдээж энэ зээлийн хүүнээс болж урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдээ хохирох ёсгүй гэж үзээд 30 тэрбум төгрөгийг он гараад Засгийн газраас шийдвэрлэсэн байгаа.
Одоо моргейжийн зээлийг өөр хэлбэрээр явуулна. Монгол банктай хамтран 890 тэрбум төгрөг гаргах юм. Ингэхдээ өмнөх шиг нэг банкаар явахгүй. Одоогоор хүүг эцэслэж тогтоогүй байна. Бага хүү өмнөх алдааг давтах гээд байна. Зээл олгохдоо 100 хувийн гүйцэтгэлтэй барилга дээр өгнө гэж Барилга, хот байгуулалтын сайд хэллээ.
Мөн тэрээр барилгын ажлын тусгай зөвшөөрлүүд, хот төлөвлөлт, газар олголт, залуучууд болон бага дунд орлоготой иргэдийг хэрхэн орон сууцжуулах талаар ярилцлаа.
Уулзалт ярилцлагын төгсгөлд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “Авилгагүй орон сууц төсөл”-өө хэрэгжүүлэх боломжийг дахин хөндөж газрыг олчихвол дэд бүтцийг нь шийдэх гарцыг лавлалаа.
Шийдэх арга зам бидэнд бий. Ирэх оны улсын төсөвт суулгаж өгөх бололцоотой. Азийн хөгжлийн банкнаас л гэхэд хоттой хамтран 700 сая ам долларын төсөл хэрэгжүүлэх гэж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд хэлсэн юм. Ирэх жилүүдэд яам МЗХ-той хамтран ажиллана. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж залуучуудын хамгийн том төрийн бус байгууллага бүх яамтай хамтарч ажиллаж эхэлжээ.