logo
“Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөн боллоо

“Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөн боллоо

2013/02/07
Хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан уг бодлогод ахмад настнуудын санал, санаачилгыг тусгах зорилгоор 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа.

   Үндэсний зөвлөгөөнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, Хадгаламж банк ивээн тэтгэгчээр оролцож аймаг, нийслэл, дүүрэг, ахмадын ТББ-уудаас нийтдээ 300 гаруй төлөөлөгч оролцсон байна.

   Зөвлөгөөнийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нээсэн. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нараас зөвөлгөөнд оролцож байгаа ахмуудад хандан Илгээлт, Мэндчилгээг ирүүлсэнийг уншиж танилцуулан, хүндэтгэл үзүүллээ.

   Зөвөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахмадуудын халамж, хамгааллын бодлого, үйл ажиллагаа чухал ч ахмад настны хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа түүнээс дутуугүй ач холбогдолтой болохыг онцолсон юм.

   Уг зөвлөгөөнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, хөгжил, хамгааллын талаар Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллгааны талаар “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндсэн илтгэл тавьсан. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Насжилтын талаарх дэлхий дахины хандлага”, НҮБ-ын Хүн амын сангаас “Монголын хүн амын насжилт”, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан “Тэтгэврийн даатгалын шинэчлэлийн асуудал”, НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан “Ахмад настны нийгмийн халамж, үйлчилгээг сайжруулах бодлого", ХТҮГ-ын дарга И.Нарантуяа “” Хүүхдийн хөгжил, төлөвшилд ахмад настны үүрэг, оролцоо”, салбаруудын бодлогын талаар Эрүүл мэндийн яам “ Настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, Боловсрол, шинжлэх ухааны яам “Насан туршийн боловсрол” , Хөдөлмөрийн яам “ 40-өөс дээш насны болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ”, Хадгаламж банк “Шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ” хавсралт илтгэлүүдийг тавьж, тус тус хэлэлцүүлсэн.


   ХАХНХ-ын сайд С.Эрдэн-ийн тавьсан илтгэлээс онцлон дурдвал: Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн байхад өндөр настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Энэхүү үүсч байгаа насжилтийн үзэгдэл нь Монголд төдийгүй дэлхий дахинд зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна.

   Ахмад настны хөгжил гэдэг асуудлын талаар бидний ойлголт, мэдлэг, энэ чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа өнөөдөр туйлын хангалтгүй байна. Ахмад настны нийгэмд гүйцэтгэх үүрэг яг л залуу идэр чийрэг насныхантай адил зайлшгүй чухал юм. Тэдэнд оюуны хөдөлмөр эрхлэх асар их туршлага, нөөц байна. Хойч үе, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын туршлага байна.
   Иймд бид ахмадуудын хөгжлийг хангах үйл ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлж, орчин үеийн техник тоноглолтой, тохь тухтай орчинд ахмад настнуудыг хөгжих нөхцөлийг бүрдүүлж, энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх хувийн хэвшлийн санаачлагыг дэмжиж ажиллах болно.
Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчинг бий болгож, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Насжилтийн үндэсний стратегийг хэрэгжүүлэх дунд хугацааны “Ахмад настны хөгжил, хамгаалал” хөтөлбөрийг боловсруулан батлуулах шаардлага урган гарч байгаа учраас Засгийн газраас энэ бүхнийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна. Ажил хийх сонирхолтой ахмад настныг бүртгэн тохирсон ажилд зуучлах, эрдэм боловсрол, арвин их туршлагатай ахмадуудыг зөвлөхөөр авч ажиллуулах асуудлыг холбогдох яамтай хамтран шийдвэрлэж, цэцэгжүүлэлт, ногоон ажлын байранд ахмадуудыг ажиллуулах сайн дурын хөдөлгөөнүүдийг бид дэмжин ажиллах болно.
Үнэ ханш өөрчлөгдөх үед түүнийг нөхөхүйц байдлаар автоматаар тэтгэврийг нэмэгдүүлдэг улс төрөөс хараат бус зөв бодлогыг нэвтрүүлэх учиртай. Иймд бид энэ чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.
   Ахмад настнуудын хэрэглээнд хүнд дарамт үзүүлдэг зардлын төрөл бол эм, эрүүл мэндийн үйлчилгээний зардал юм. Ахмадуудыг төрөөс хариуцаж эрүүл мэндийн даатгалд хамруулдаг хэдий ч даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийг бодитой эдэлж чадахгүй, халааснаасаа эмийн зардлаа шууд төлж байгаа нь тэднийг орлогын хомсдолтой байдалд оруулах гол хүчин зүйл болж байна. Иймд эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, халаасаа тэмтэрч биш даатгалаараа төлж эм, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг шинэ систем рүү бид явах ёстой. Энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар санаачлан ажиллаж байна.
   Насжилттай холбоотойгоор ирээдүйд зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх хөрөнгийн нөөцийг бүрдүүлж, хойч үедээ өнөөдрийн баялгийн орлогоос хүртээхийн тулд “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-г уул, уурхайгаас олох орлогын тодорхой хэсгээр бүрдүүлэх асуудлыг хуульчилахаар ажиллана гэж бодож байна.
   Ахмад настны тэтгэврийн орлогын баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь тэтгэврийг тодорхой хувь хэмжээгээр өвлүүлэх талаар “Давхар тэтгэвэр”-ийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаагаа дурдахад таатай байна.
Ядууралд өртсөн ахмад настан, асран халамжлах хүнгүй ганц бие ахмадуудад үзүүлэх төрийн халамжийг “хүртээх” төдий биш “хүргэх” зарчим баримтлан ажиллана гэдгийг энд тэмдэглэе.
Ахмадын асрамжийн газруудыг өнөөгийн хэцүү, өрөвдөлтэй дүр төрхөөс нь ангижруулж, ахмадууд амар тайван амьдарч, эрүүл мэндийн чанартай тусламж авдаг, нөхөн сэргэдэг, хөгждөг дэлхийн нийтийн жишигт хүрсэн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх том зорилтыг тавьж байгаа. Үүнд хүрэхэд бидэнд хөрөнгө, хүн хүч дутагдаж болох ч хүсэж зорьвол бүтэхгүй зүйл гэж үгүй гэж бодож байна.
   Ахмадын байнгын асрамжийн газраас гадна бид ахмад настныг сэтгэл зүйгээр дэмжих, олны дунд байлгах, хөгжүүлэх, дэмжих зорилгоор Ахмадын хөгжлийн төв, өдөр өнжүүлэх төвүүдийг шинээр нээж ажлуулах, одоогийн ахмадын рашаан сувилал, амралтын газруудын үйлчилгээний чанарын стандартыг дээшлүүлэхийг зорьж байна. Түүнчлэн амралт сувилалд ахмадуудыг зөвхөн хооллож, сувилахаас гадна тэднийг хөгжүүлэх олон нийтийн үйл ажиллагааг явуулж ахмадуудыг дэмжиж, шинэ эрч хүч өгөхөд бид онцгойлон анхаарах болно гэж тус тус онцлон тэмдэглэсэн.

   Зөвөлгөөнд тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан төлөөлөгчдөөс 100 гаруй хүн амаар болон бичгээс санал хүсэлт, асуулт ирүүлсэн. Үүнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тодорхой хариулт өгсөн ба бичгээр ирүүлсэн асуулт, хүсэлтүүдэд утсаар болон Төрийн нарийн бичгийн даргын албан тоотоор хариултыг эздэд нь хүргэх ажлыг зохион байгуулахаар болсон.
“Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндсний зөвлөгөөнөөс Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллагууд, Хэвлэл мэдээлийн байгууллага, Төрийн бус байгууллагуудад хандаж “Зөвлөмж” гаргалаа.

   Зөвөлгөөнөөс үр дүн болох зөвөлөмжид: Хөдөлмөр эрхлэлтийг лэмжих тухай хуулинд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар нэмэлт өөрчлөлт, Давхар тэтгэврийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих, Ахмадын асуудлаарх үндэсний хороо байгуулах, Ахмад настны хөгжил, хамгаалал, эрүүл мэндийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Ургийн бичиг хөтлөх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, Ахмадуудын сайн туршлэгэ, үйл ажиллагааг олон нийтэд сжрталчлан таниулах, Төв, орон нутгийн төсөвт ахмадуудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийг жил бүрийн төсөвт тусгаж хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш