logo
Нярайн тандалт шинжилгээ-2013 уулзалт семинар болов

Нярайн тандалт шинжилгээ-2013 уулзалт семинар болов

2013/02/08
Нярайн тандалт шинжилгээ-2013 уулзалт семинар 2013 оны 02-р сарын 01-ний өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд болж уг семинарт Улсын Их Хурлын гишүүн, Байгал орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, ЭМШУИС-н захирлын үүрэг гүйцэтгэгч, АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, ДЭМБ-н суурин төлөөлөгч Сү Нюунт У нар болон ЭМЯ, ЭХЭМҮТ, I, II, III амаржих газруудын төлөөлөгч нар оролцлоо.

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн Анагаахын Тэнхим нь Финлянд улсын Перкин Элмир компаниас хатаасан цусанд даавар, удамзүй, хавдрын ба бусад 25 үзүүлэлтийг иммуно-фотометрийн аргаар тодорхойлох хүчин чадалтай, иж бүрдэл хагас автомат анализатортой лабораторыг буцалтгүй тусламжаар авч, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн дэмжлэгтэйгээр “Төрөлхийн гаж хөгжлийг эрт илрүүлэх, нярайн эндэгдлийг бууруулахад пренаталь оношлогоог нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд Монгол улсын хэмжээнд анх удаа нярайн тандалт шинжилгээний тогтолцооны суурь тавигдаж, 2012 оны 8 сараас эхлэн Улаанбаатар хотын 1, 2, 3-дугаар амаржих газрууд, ЭХЭМҮТөвд төрсөн 3000 гаруй нярайг шинжилгээнд хамруулж төрөлхийн анхдагч гипотиреозтой 2 нярайг илрүүлэн хяналтанд авч, эмчилгээг эхлүүлээд байна.

1965 оноос нярайн тандалт шинжилгээг дэлхий дахинд хийж эхэлсэн түүхтэй ба одоо 70 гаруй орны 475 гаруй лабораторт 40 гаруй нэр төрлийн эмгэгийг илрүүлэх шинжилгээ хийдэг байна. Өндөр хөгжилтэй орнууд төрсөн нярай бүрийг уг шинжилгээнд хамруулдаг. Учир нь шинэ төрсөн нярай бүрт зарим эмгэгийн шинжүүд дөнгөж төрсөн үедээ илэрдэггүй ч хожим нь оюуны хөгжил, бие бялдрын хөгжлийн хоцрогдолд хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болгож, нийгэмд маш их хор уршгийг дагуулдаг тул эдгээр эмгэгийг эрт тандаж илрүүлэн, эмчилгээг эрт эхлүүлснээр эрүүл саруул өсгөх бүрэн боломжтой байдаг.

Монгол улсад эхлэн хэрэгжиж буй нярайн тандалт шинжилгээ нь төрөлхийн анхдагч гипотиреоз, адреногениталь хам шинж гэсэн хоёр эмгэгийг эхний ээлжинд тодорхойлж байна. Нярайн тандалт шинжилгээний тогтолцооны суурийг зөв тавихын тулд Ази, Европын олон орнууд энэхүү эмгэгүүдийг эхэлж тодорхойлсон байдаг. Тогтолцооны суурь зөв тавигдсаны дараа хэдэн ч эмгэгийг нэмж илрүүлж болох бөгөөд, энэхүү төслийг цаашид өргөжүүлэн, 5 нэр төрлийн эмгэгийн илрүүлэлт хийхээр төлөвлөөд байна. Уг төслийн удирдагчаар ЭМШУИС-ийн гүйцэтгэх захирал, АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, зохицуулагчаар ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, тус тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор З.Гэрэлмаа, ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхмийн судлаач эмч нар, ЭХЭМҮТ, I, II, III амаржих газруудын эмч, сувилагч нарын баг ажиллаж байна.

Төслийн хүрээнд Хүүхдийн Анагаахын Тэнхимийн 5 багш, судлаачид албан ёсоор 3 удаагийн олон улсын уулзалт семинарт оролцож, Монголд 2 удаа нярайн тандалт шинжилгээний сургалт семинар зохион байгуулж, нийт 10 аймаг, ЭХЭМҮТ, Улаанбаатар хотын 3 амаржих газрын 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж бэлтгээд байна. Цаашид төсөв хөрөнгийн асуудал шийдэгдэхэд сургалтанд хамрагдсан аймаг, орон нутгийн нярайг тандалт шинжилгээнд хамруулах бүрэн боломжтой юм.

Нярайн тандалт шинжилгээний баг
Зүүн гараас Н.Сүмбэрзул /ЭМШУИС-ийн гүйцэтгэх захирал, АУ-ны доктор, профессор/,
Г.Эрдэнэтуяа / ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор/,
З.Гэрэлмаа / ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор дэд профессор/
Х.Наранчимэг /ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн магистрант, ЭХЭМҮТ-н дотоод шүүрлийн эмч/
Х.Мөнгөнцэцэг /ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн магистрант, Гурван Гал эмнэлгийн нярайн эмч/
Ц.Алтантуяа / ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн докторант, хүүхэд нярайн эмч/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш