logo
Хүүхэд, залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжуудын ашиглалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлээ

Хүүхэд, залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжуудын ашиглалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлээ

2013/02/08
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, залуучуудад хандсан олон зорилт туссаны нэг нь хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийг зориулалтын дагуу хүүхдийн төв байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, менежментийг нь хүүхэд, залуучуудын хүсэл сонирхол, эрэлт, хэрэгцээнд нийцэхүйц түвшинд хүргэх зорилт.


   Уг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийн ашиглалтын өнөөгийн байдлын талаар нэгдсэн мэдээлэл бэлтгэх, дүн шинжилгээ хийх Ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулан байгуулсан юм.
   Ажлын хэсэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хууль зүйн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Төрийн өмчийн хороо, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба, Монголын Зуслангуудын холбооны холбогдох албаны хүмүүс орж ажилласан бөгөөд ажлын хэсгийн зүгээс хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан нийт 151 барилга, байгууламжийг улсын хэмжээгээр бүртгэн авснаас 72 нь төрийн өмчид, 75 нь хувийн болон олон улсын байгууллагын өмчид, 4 нь төр, хувийн хэвшлийн хамтарсан буюу холимог өмчид байна.
   Мөн эдгээр 151 барилга, байгууламжийг зориулалтаар нь хуваан авч үзвэл 15 нь хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны байгууллагуудын байр, 19 нь хүүхдийн хөгжлийг хангах ордон, төв, 7 нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолбор, 10 нь хүүхэд, залуучуудад зориулсан боловсрол, соёлын чиглэлийн барилга, байгууламж, 54 нь хүүхдийн амралт, зуслан, 44 нь хүүхдийн асрамж, хамгааллын төв, 2 нь бусад өөр чиглэлийн зориулалт бүхий барилга, байгууламж байгаа юм.
   Үүнээс гадна дээрх 151 барилга, байгууламж дотор зориулалтын бусаар ашиглагдаж буй 14 томоохон барилга, байгууламж байгаа бөгөөд эдгээрийн 6 нь төрийн өмчид, 6 нь хувийн өмчид, 2 нь төр, хувийн хэвшлийн хамтарсан буюу холимог өмчид байна.

   Үүнд :

Зориулалтын бусаар ашиглагдаж буй хувийн өмчид бүртгэлтэй хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж

1. Хүүхэд, залуучуудын театр
   Анх 1967 онд байгуулагдаж байсан түүхэн газар болох Хүүхэд, залуучуудын театрт өнөөдөр зориулалтын бусаар Хаан банк байрлан үйл ажиллагаа явуулж байна.
2. Хүүхдийн баримтат киноны театр
   Хүүхдийн баримтат киноны театрт өнөөдөр зориулалтын бусаар христийн Хожмын үеийн гэгээнтний сүм байрлан үйл ажиллагаа явуулж байна.
3. Хүүхдийн "Бамбарууш" кафе
   Хүүхдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан “Бамбарууш” кафед өнөөдөр зориулалтын бусаар "Downtown" ресторан байрлан үйл ажиллагаа явуулж байна.
4. Хүүхэд, залуучуудын "Есөн эрдэм" төв
   Анх 1986 онд Ажилчны районы Хүүхэд, залуучуудын сургалтын төв нэртэйгээр байгуулагдаж байсан “Есөн эрдэм” төвийг өнөөдөр “Онгод интернэшнл” ХХК эзэмшиж байгаа бөгөөд Эдийн засаг, бизнесийн дээд сургууль байрлан зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж байна.
5. "Дружба" хүүхдийн зуслан
   Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах хүүхдийн “Дружба” зусланг өнөөдөр “Сод Монгол групп” ХХК эзэмшиж зориулалтын бусаар ашиглаж байна.
6. Залуучуудын хөгжлийн “Полиси” төв
   Улаанбаатар хотын ХЗЭ-ийн байр байсан тус барилга нь өнөөдөр зориулалтын бусаар оффисын түрээсээр ашиглагдаж байна.
   Зориулалтын бусаар ашиглагдаж буй төрийн өмчид бүртгэлтэй хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж
1. Залуучуудын соёлын төв “А” корпус
   1987 онд тухайн үеийн МХЗЭ-ийн Төв хорооны харьяанд байгуулагдаж байсан Залуучуудын соёлын төвийн “А” корпус буюу хүүхдийн төрөл бүрийн тэмцээн, уралдаан, урлагийн тоглолт болдог байсан тайз, их танхим бүхий хэсэгт өнөөдөр Нийслэлийн "Улаанбаатар" чуулга байрлаж зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж байна.

2. Залуу техникчдийн ордон
   Хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор 1975 онд байгуулагдаж байсан Залуу техникчдийн ордон өнөөдөр зориулалтын бусаар ашиглагдаж байгаа бөгөөд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байрлаж, үйл ажиллагаа явуулж байна.
3. Б.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр
   1951 онд байгуулагдаж байсан Б.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрт өнөөдөр Монголын хөрөнгийн бирж байрлаж, зориулалтын бусаар ашиглаж байна.
4. Монголын Хүүхдийн урлан бүтээх төв
   1988 онд Пионер сурагчдын сургалт, үйлдвэрлэлийн төв нэртэйгээр байгуулагдаж байсан тус төв нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа ч газрын асуудалтай байгааг шалгах шаардлагатай юм.
5. Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн байр
   1983 онд ашиглалтад орсон тус байранд өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газар байрлан зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж байна.
6. Баян-Өлгий аймгийн хүүхдийн "Дөл" клуб
   Баян-Өлгий аймгийн хүүхдийн “Дөл” клубын байр өнөөдөр зориулалтын бусаар ашиглагдаж байгаа бөгөөд аймгийн Нэг цонхны үйлчилгээний байраар ашиглагдаж байна.
   Зориулалтын бусаар ашиглагдаж буй төрийн хувийн холимог өмчид бүртгэлтэй хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж
1. "Солонго" төв
   Анх 1971 онд МХЗЭ-ийн харьяа Хэцүү хүүхдийн төв нэртэйгээр байгуулагдаж байсан тус төвд өнөөдөр Монгени сургууль байрлан үйл ажиллагаа явуулж байна.
2. Үндэсний соёл, амралтын хүрээлэн
   1966 онд байгуулагдсан Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа ч газрын асуудалтай байгаа юм.

   Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийн ашиглалтын өнөөгийн байдлын талаар нэгдсэн мэдээлэл бэлтгэх, дүн шинжилгээ хийх Ажлын хэсэг багагүй хугацаанд идэвхи чармайлт гарган ажилласны дүнд дараах санал, дүгнэлтэд хүрсэн байна. Үүнд :
1. Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжийг бүртгэх үйл ажиллагаа урьд өмнө нь улсын хэмжээнд явагдаж байгаагүй учир нэгдсэн мэдээллийн сан байхгүй, холбогдох байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй байна.
2. Холбогдох газруудад тухайн барилга, байгууламж, обьектын газрын эзэмшил, хувьчлагдсан обьектын хувьчлалын талаарх мэдээллийн сан хангалтгүй байна. Мэдээлэл олж авахад зарим талаар хүндрэл гарч байна.
3. Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийн багагүй хувь нь эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын улмаас зориулалтын бусаар ашиглагдаж байна.
4. Өмчийн болон менежментийн хувьчлалаар хувьчилсан хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, обьектуудын ашиглалтын байдлыг нарийвчлан шалгаж, хувьчилж авсан хуулийн этгээд гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж бий эсэхийг албан ёсоор тогтоох
5. Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, обьектуудын газар эзэмшлийн асуудлыг нарийвчлан шалгаж, улмаар газрын асуудлыг орон нутгийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран эцэслэн шийдвэрлэх, газрыг гэрчилгээжүүлж, баталгаажуулах
6. Орон сууцны дундах, сургуулийн дэргэдэх хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбайнуудын өмчлөлийг хуулийн хүрээнд зориулалтын дагуу нарийвчлан тогтоож, гэрчилгээжүүлэх
7. Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, обьектуудыг хууль бусаар хувьчилж авсан буюу менежментийн гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй хуулийн этгээдээс хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтын дагуу шинээр барилга, байгууламж барьж байгуулах үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөрөнгө, санхүү гаргуулах
8. Зориулалтын бусаар үйл ажиллагаа явагдаж буй барилга, байгууламж, обьектыг зориулалтын дагуу ашиглах талаар яаралтай арга хэмжээ авах, тухайлбал, Залуучуудын соёлын төв ордонд байрлан зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн “Улаанбаатар” чуулгыг хүүхдийн соёл, урлагийн чуулга, дугуйлан болгон өөрчлөн зохион байгуулах
9. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг дахин төлөвлөлж буйтай холбоотойгоор хүн амын нягтралт, байршил, сууршил зэрэгтэй уялдуулан цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, хүүхэд, залуучуудын хөгжлийг хангах төв зэрэг барилга, байгууламжуудыг бий болгох асуудлыг газрын асуудлын хамт хуулийн хүрээнд шийдвэрлэх /Жишээ, 1800 айлын “Баянмонгол” орон сууцны хороололд ганц ч цэцэрлэг, сургууль, хүүхэд, залуучуудын хөгжлийг хангах төв байхгүй байна/
10. Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийн ашиглалтын өнөөгийн байдлын талаар нэгдсэн мэдээлэл бэлтгэх, дүн шинжилгээ хийх Ажлын хэсгийг Засгийн газрын түвшинд өргөтгөн чиг үүрэг, эрх, үүргийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна.
   Ажлын хэсгийн дээрх санал, үгнэлтийн дагуу уг асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэж, Ерөнхий сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаар захирамжаар дээрх ажлын хэсгийг хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргах, зориулалт нь өөрчлөгдсөн барилга, байгууламж болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр бий болгосон хөрөнгийг хүүхдийн байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг болгон өргөтгөн байгууллаа.
   Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахлах бөгөөд гишүүдэд нийслэлийн удирдлага, холбогдох яамдын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон байна.
Цаашид Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны зүгээс хүүхэд, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн орчин, нөхцлийг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бий болгох, тэдэнд зориулсан барилга, байгууламжуудыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг төрийн бодлогын түвшинд онцгойлон авч үзэж ажиллана.

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш