logo
Уух урлаг “элэгээ аваръя өөрөө оролцoё”

Уух урлаг “элэгээ аваръя өөрөө оролцoё”

2013/02/09
Их найрагч О.Дашбалбар “Архи бол гайхамшигтай ундаа. Тэнгэрийн хишиг. Муу хэлсэн хүнд би дургүй. Яагаад гэвэл бид ууж чадах ёстой” хэмээн нэгэн цагт өгүүлсэн байдаг. Хүмүүсийн үзэл бодол нэг хэвэнд цутгачихсан юм шиг байдаггүй учраас дээрх гаргалгааг өөр өөрсдийн өнцгөөс харах нь ойлгомжтой. “Архи гэдэг чинь ерөөсөө л тэнгэрийн ундаа юм байна. Бүү муу хэл. Яагаад гэвэл би уух ёстой” гэж үзэх нэгэн байхад тэнгэрийн ундаа учраас газрын мань мэтэд тохирохгүй идээ бололтой гэж ойлгох нь ч бий. Манайхан ингэтлээ архинд дурлачихсан ард түмэн яваагүй юм. Монголын нууц товчоонд “Аманд орохдоо алтан шумуул мэт Амнаас гарахдаа арслан заан мэт” гэсэн үр хойчсдоо сургамжилсан захиас ч бий. Бүр “Их засаг” хуулиндаа айраг цэгээг хүртэл хориглосон байдгийг сануулъя. Монголчууд Манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнолоо зарласнаар Орос хэмээх “хуурай” ахтай болж архи уухыг сурчээ. Оросууд архийг урлаг болтол нь ууж чаддаг үндэстэн. Харин бид Орос ах нарын “буянаар” архийг урлаг болтол нь биш ухаан мэдрэлээ алдтал ууж сурсан нь хамгийн том алдаа.
Исламын шашинтнуудыг эс тооцвол архи огт хэрэглэдэггүй үндэстэн гэж байхгүй. Даяанчилж явсан хуврага залуу нялх хүүхэдтэй бэлэвсэн эмэгтэйнд хоноглохыг гуйтал архи уу эсвэл надтай унт гэжээ. Хуврага хүнд эр эмийн явдал байж болшгүй зүйл учир архи уухыг илүүд үзсэн байна. Гэтэл архи уусны дараа сахил санваараа зөрчиж эмэгтэйг эзэмдэж, айгаад уйлсан нялх хүүхдийг хороосон тухай Исламын нэгэн домог бий. Тиймээс Исламын шашинтнууд архийг хатуу цээрлэдэг ажээ. Согтууруулах ундааг хоолны соёлдоо оруулж хэрэглэдэг улс үндэстнүүд дэлхийд цөөнгүй бий. Өдөр шөнөгүй манай телевизүүдээр үйлийн үртэй зовлонт савангийн дууриараа учран золгодог уба, ажима нар өдрийн хоолоо шингээхийн тулд бага хэмжээгээр архи хэрэглэдэг тухай Солонгост ажиллаж амьдарч байсан ойр дотныхноосоо та бүхэн бишгүй дээ л сонсож байсан байх. Харин манайх шиг нэг л амссан бол согтолтын эцсийн хязгаар луу тэмүүлдэг ард түмэн дэлхий дээр тоотой хэд бий. Манайхантай мөр зэрэгцэн Америкийн уугуул Индианчууд, Австралийн Аборигеничууд алхах бөгөөд хэдийнээ мөхөж, дэлхийн түүхээс арчигджээ. Тиймээс архи ууж, ухаан мэдрэлээ алдаж, агсам согтуу тавьснаа цусанд минь нэг юм байгаа гэж өмгөөлөх сэтгэлгээгээ хаях цаг иржээ залуусаа. Тиймээс уусан ч гэсэн эцсийг нь үзэх биш “мориндоо мордохоосоо” өмнө бодож сурах хэрэгтэй байна.
Дэлхийд дунджаар нэг хүнд 10 литр архи оногддог бол манай нэг иргэнд 48,5 литр буюу даруй тав дахин илүү байдаг гэнэ. Монгол ходоодонд жилдээ 68,900,000 литр архи ноогдож, даац хэтрүүлсэн цөөнгүй хэсэг нь сархадын хордлогоор хорвоог орхиж байна. Эх орныхоо төлөө хийж бүтээж яваад өөд болсон гэж сайнаар дурсагдахын оронд өнөө хэн элгээр явчихсан шүү дээ гэж хэлүүлэх эмгэнэлт хувь тохиол бараг л тулаад ирлээ. Манай улсад спиртний 12, архины 91, пивоны 14, дарсны 8 үйлдвэр байдаг бөгөөд Дэлхийн хэмжээний бренд шалгаруулах тэмцээнээс өнгө өнгийн Чингисүүд хамаг одон медалийг нь түүсээр л байна. Архины анти амжилтаараа дэлхийд тэргүүлэх манай улс бүх шагнал цомуудыг түүх нь шударга хэрэг. Эсрэгээрээ атар талх дэлхийн хэмжээний ямар шагнал урамшуулал хүртсэн билээ.
Нэг үеэ бодвол залуус архины хор хөнөөлийг жигшиж, зайлсхийж байгаа нь нүдэнд ил харагдах боллоо. Энэ нь залуусын чөлөөт цагаа өнгөрөөх, сатаарах зүйл бага ч гэсэн нэмэгдэж байгаатай холбоотой. Фэйсбүүк, твиттер гэх мэт нийгмийн сүлжээгээр сонсдог хөгжим, дэмждэг баг, үзэл бодол, хүсэл сонирхлоороо нэгдэн нийлж, сайн санааны үйл хийх, явган аялалд явах, байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчноо цэвэрлэх зэрэг олон ажилд идэвхийлэн оролцож чөлөөт цагаа харьцангуй зөв боловсон өнгөрүүлдэг болжээ. Тиймээс энэ бүхнийг дэмжсэн төрийн оролцоотой ажлууд тогтмол зохион байгуулагдах, цаашлаад чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газруудыг олноор нээх зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэ нь архины үнэ нэмж, 00 цагт ресторан, баарыг хааснаас илүү үр дүнтэй юм. Архидалтыг бууруулахаар Төр засаг тодорхой хэмжээний ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлж байна. Харин авч хэрэгжүүлж буй ажил нь хэр оновчтой вэ? гэдэг нь хамгийн чухал. Өнгөрөсөн онд гарсан архины татварыг нэмэх шийдвэр архидалтыг улам нэмэгдүүлэх хөшүүрэг болчих шиг боллоо. Тухайлбал Бат, Дорж хоёр архины үнэ нэмэгдээгүй байх үед мөнгөө нийлүүлээд нэг шил архи арай л гэж уудаг байв. Гэтэл архины татвар нэмэгдэж үнэ нь өссөнөөр Бат, Дорж хоёр Болдтой “гуялана”. Өөрөөр хэлбэл өмнө нь хоёулаа уудаг байсан бол архины үнэ нэмэгдэж худалдан авах чадвар нь хүрэхгүй болсноор Болдтой нийлж илүү өргөн хэмжээний архидалтыг үүсгэж байна. Архи бол мансууруулах төрлийн бүтээгдэхүүн учраас үнэ өсөхийн хэрээр хэрэглэгч нь нэмэгдэх өндөр магадлалтай. Дэлхийн бусад орнуудын сая сая хүмүүс архийг рашаан болтол нь тохируулан хэрэглэж чадаж байна. Энэ нь тэдний хувийн зохион байгуулалт, хотжилт, клубын соёлтой нь салшгүй холбоотой. Манайх шиг булан тойроод паб, байшин тойроод баар байдаггүй, тэдэн мянган хүний дунд нэг согтууруулах ундаагаар үйлчилдэг газар байх ёстой гээд хуульчилчихсан учраас онцгой эрхтэй тухайн ресторан (баар, диско клуб, паб) нь үйлчлүүлэгчдийнхээ тав тух, сэтгэл ханамжийг бүрэн хариуцдаг байна. Үүнийгээ дагаад согтууруулах ундааных нь үнэ өндөр байдаг бөгөөд хэн хүссэн нь ороод “кадр тасартлаа” уудаггүй аж.
Дэлхийд Хойд Солонгос, Монгол хоёрт л 00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилдэггүй юм гэнэ лээ. Гэтэл энэ хоёр орны улс төрийн байдал газар тэнгэр шиг ялгаатай. Дэлхийн улс орнуудын клубын соёлыг сайтар судалж, арга туршлагаас нь авч хэрэгжүүлэх нь өнөөгийн хавтгайрсан архидалтыг зохистой хэрэглээ болтол өөрчилж чадах нэгэн хөшүүрэг юм. Нийслэл Улаанбаатар хотод 1,2 сая хүн оршин сууж байна. Одоогоос 10 хүрэхгүй жилийн өмнө нийслэлд гарын таван хуруунд багтахгүй диско клуб ажиллаж байлаа. Тухайн үед архидалт одоогийнх шиг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ортлоо хавтгайрсан байсан уу гэвэл үгүй. Зах замбараагаа алдсан олон баарнуудыг хааж, гадны жишгийн дагуу 100,000 хүн тутмын дунд ганцхан согтууруулах ундаагаар үйлчилдэг газар ажилуулвал тодорхой үр дүн гарах нь олон орны туршлагаас харагдаж байна. Шаардлага хангасан газруудыг ресторан, диско клуб, спорт паб, уушийн газар гэх зэргээр төрөлжүүлж, зарагдаж буй согтууруулах ундааны үнийг хэд дахин нэмэгдүүлбэл ухаанаа алдтал ууна гэдэг ойлголт оргүй мөргүй алга болдоггүй юм аа гэхэд хэд дахин буурах боломжтой. Архи битгий уу гэж мянга хэлээд ч хиртэй хувцас угаачихсан юм шиг амсахгүй байна гэж байхгүй. Манайд клубын соёл огт байхгүй шинэ зүйл биш. Ажлын стрессээ тайлж, сайхан бүжиглэж цэнгэдэг залуус олон байна. Эсрэгээрээ ухаанаа алдтал уудаг залуус хавьгүй илүү байгаа нь харамсалтай. Энгийн нэг жишээ татахад хотын төвийн зэрэглэл өндөртэй клубүүдэд алжаалаа тайлж буй залуус хүний хөл дээр гишгээд, мөрлөөд гарахдаа уучлаарай гэж хэлэх ухамсартай байдаг бол үнэ хямдтай жижиг баарнуудад шууд л “цуст тулаан” болно. Учир нь тасартлаа уух гэж үнэ хямдтай газрыг сонгосон хүмүүс тэнд бий. Энэ нь улирлын чанартай зүйл бөгөөд намар хичээл цуглахаас хавар сургууль тарах хүртэл үргэлжилнэ. Хот хөдөөгийн ялгаа, хүмүүсийн ухамсарын түвшинг ярих нь төдийлөн ёс суртахуунгүй хэрэг ч гэлээ орон нутгаас ирэх оюутнуудын их нүүдэл хавтгайрсан архидалтанд нэрмээс болж байна. Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тоог цөөлж, архины үнийг нэмэгдүүснээр оюутнуудын архидалт, цаашлаад гэмт хэрэгт холбогдох эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулж, үр нөлөөгөө өгөх нь ойлгомжтой юм. Үүнээс гадна архидан согтуурахын эсрэг хуулийг чангатган, олон нийтийн газар архидан согтуурсан этгээдэд өндөр хэмжээний торгууль тавьж захиргааны арга хэмжээ авах зэрэг олон гарц боломж архидалтыг бууруулахад чухал нөлөөтэй. Залуус бидэнд наргиж цэнгэх явдал бишгүй дээ л тохиолддог. Наадам цэнгээн бүхэнд ухаан мэдрэлээ алдталаа уух нь хамгийн тэнэг зүйл. Огт амсахгүй болчихвол хамгийн сайн хэрэг. Үгүй дээ гэхэд монголчууд бид ухаантай, урлагтай тунийг нь тааруулж хэрэглээд сурчихмаар байна. Энэ нь хавтгайрсан архидалтын эсрэг бидний хийж чадах хамгийн том хувь нэмэр юм. Бэлтгэсэн
 Ярилцсан: С.Батхуяг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин

 
 

Сэтгэгдэлүүд

Дээш