logo
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцолт, татварын хөнгөлөлтийн материал бүрдүүлэлтийн асуудлаар “11 11 төв”-д олон гомдол иржээ

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцолт, татварын хөнгөлөлтийн материал бүрдүүлэлтийн асуудлаар “11 11 төв”-д олон гомдол иржээ

2013/02/09

“11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 930 иргэн хандсаны олонх нь төрөөс олгож буй тэтгэмж, хөнгөлөлттэй холбоотой асуулт, лавлагаа, гомдол мэдээлэл ирүүлсэн байна.

 

Сар шинийн баярын бэлтгэлээ базааж буй иргэд Эхийн 1, 2 дугаар одонгийн мөнгө хэзээ олгохыг олонтаа лавласан ба Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас 2-3 сард багтаан дуусгахаар ажиллаж буйгаа дуулгажээ. Түүнчлэн, энэ сард татварын хөнгөлөлтийн материал эцэслэн хүлээж авдагтай холбоотойгоор Татварын ерөнхий газрын албан хаагчдын ажлыг шүүмжилсэн дуудлага цөөнгүй ирсэн байна. Татварын тайлан гаргаж өгөхдөө чирэгдүүлдэг, хүнд суртал гаргадаг, лавлагаа зөвлөгөө өгөх утсаа авдаггүй зэргийг иргэд гомдолдоо дурьджээ.

 

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийн дагуу явагдаж эхэлсэн нийгмийн даатгалын нөхөн тооцолт чирэгдэл дагуулж байгааг иргэд мэдээлж, үүнд зөв зохион байгуулалт хийхийг холбогдох байгууллагаас хүсчээ. Нөхөн олголтод хамрагдах иргэн огт ажил хөдөлмөр эрхэлж байгаагүйгээ, эсхүл 1990-2000 онд оршин сууж байснаа нотлохоор сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт авах учиртай. Гэтэл өмнө оршин сууж байсан газар нь иргэний мэдээлэл байхгүй хэмээн буцаадаг аж. Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ асуултад "Оршин сууж байсан сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт авах материал бүрдүүлэхэд бэрхшээл гарч байгааг анхаарч зохицуулалт хийсэн. Иймд та өөрийн харъяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстээ хандана уу” гэсэн хариу илгээжээ.

 

Замын цагдаа нар жолоочтой зүй бус харилцдаг, бичиг баримт хурааж авахдаа нэр, албан тушаалаа хэлдэггүй, үүгээр ч зогсохгүй цагдаа, хуулийн байгууллагын ажилтнууд хууль бус үйл ажиллагаанд оролцож байгаа талаар баримт бүхий мэдээлэл “11 11 төв”-д бүртгэгджээ. Тухайлбал, бүлэг этгээдүүдэд зодуулж дээрэмдүүлэн хамар нь мурийж, уруул нь сэтэрч, тархины гэмтэл авсан хүүхдэд шүүх эмнэлгээс “ямар ч өвчлөл гэмтэлгүй” гэсэн дүгнэлт гаргаж өгсөн талаар нэгэн иргэн байцаагч, хууль хяналтын ажилтны нэр хаягтай мэдээлснийг “11 11 төв” анхааралдаа авч, холбогдох газруудад хүргэсэн байна. Автотээврийн хяналтын нэр бүхий байцаагч ямар үндэслэлээр гэдгээ хэлэхгүй торгож, “10,000 төгрөг өгөөд бичиг баримтаа ав” гэсэн зохисгүй шаардлага тавьж байгааг өөр иргэн бас хэлжээ.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажил үүргийн алдаанаас үүдэн иргэний цахим үнэмлэх цаг тухайдаа хэвлэгдэж гарахгүй, энэ байдлаас болж иргэд цаг, мөнгөөрөө хохирч байгаа тул шуурхай шийдвэрлэхийг иргэд хүсчээ. Түүнчлэн, 1996 онд төрж, одоо 17 нас хүрчихээд байгаа иргэдийн цахим үнэмлэх хэзээ гарахыг лавласны хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газраас “16-17 буюу сонгуулийн бус насны иргэдийн цахим үнэмлэх ирэх 3 дугаар сараас нэгдсэн журмаар хэвлэгдэж эхэлнэ“ гэсэн тайлбар хүргэжээ.

 

“Мэдээлэл холбооны сүлжээ” компани орон нутгийн хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээг журмын дагуу явуулахгүй, энэ талаар гомдол гаргахад интернэтийн үйлчилгээ явуулах эрх нь Монголын цахилгаан холбоо компанид байгаа гэсэн тайлбар өгч байгааг “11 11 төв”-д Булган аймгаас уламжилсан байна. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “МЦХ ХК нь орон нутагт "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК-аас гадна хувийн хэвшлийн хэд хэдэн байгууллагаас интернэтийн зориулалтаар шилэн кабель турээсэлдэг ба заримтай нь хийх гэрээ хэлцэл эцэслэн шийдэгдээгүйгээс интернэт урсгал зарим аймагт хангалттай хэмжээнд нийлүүлэгдэхгүй байна. Үүнийг яаралтай зохицуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” хэмээн хариулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш