logo
Эрүүл мэндийн сайд баярын үеэр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг захив

Эрүүл мэндийн сайд баярын үеэр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг захив

2013/02/09

Эрүүл мэндийн сайд Н.Удвал сар шинийн баяр “Цагаан сар”-ыг угтан зарим аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлагуудтай видео хурал хийж баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй болон бэлэн байдлыг хангаж ажиллахыг захилаа. Аймгуудаас холбогдож тулгамдаж буй асуудлаа танилцуулахад, Дундговь аймгийн нийт нутгаар цас ихээр унасан, мөн Цагаандэлгэр сумын эрүүл мэндинй төвд автомашин яаралтай хэрэгтэй байгааг тус аймгийн ЭМГ-ын дарга дуулгалаа.

Архангай аймгийн хувьд цас ихтэй, ханиад томуу харьцангуй гайгүй, нарийн мэргэжлийн тусламжийн баг гарч 8 сумын хоёр мянга гаруй иргэдийг үзлэгт хамруулсан гэдгийг аймгийн ЭМГ-ын орлогч дарга хэллээ. Харин Хашаат, Хотонт сумын ЭМТ-ийн автомашин эвдэрсэн байгаа аж.

Говь-Алтай аймгийн ЭМГ-ын дарга аймагт байдал хэвийн байгаа гэв.

Харин Сүхбаатар аймгийн ЭМГ-ын дарга нийт сум цас ихтэйгээс үүдэн хальтиргаа гулгаа үүссэн бөгөөд зузаан цасанд явж байгаа машин 100 км тутамд 40-50 л шатахуун зарцуулж байгааг хэлж шатахууны нормыг нэмэгдүүлэхийг уламжиллаа.

Өвөрхангай аймагт сургуулиуд амарсан байгаа хэдий ч гахайн хавдар, халдварт шар нэлээн гарсан. Харин бензин шатахуун, эм тариа хүрэлцээтэй байгааг ЭМГ-ын дарга хэлээд ЗГ-ын 2012 оны 5 сарын 150, 151 дүгээр тогтоолд алсын дуудлагад явбал ажлын хөлсний 15 хувийг нэмж олгоно гэсэн байдгийг олгох талаар торуулав.

Ховд аймагт ханиад томуу, гахайн хавдрын өвчлөл их байгаа ч эмнэлгийн тусламжийн дутагдах зүйлгүй, өвөлжилтийн үеэр авч хэрэгжүүлэх ажлын тухай Сайдын 375 дугаар тушаалын дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

Дорнод аймгийн ЭМГ-ын дарга Сайдын явуулсан зөвлөмжийн дагуу бүх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаагаа хэлээд Бүсийн оношлогоо эмчилгээний төвдхүндрэлтэй асуудалгүй байна гэв. Харин Халх гол сумын зам даваа цасанд хаагдаж фургон машин явахад 100 км-т 70 л шатахуун зарцуулагдаж байгаа бөгөөд 700 мянган төгрөгийн шатахууныг сумынхаа ШТС-аас авсан байна. Мөн ЗГ-ын 151 дүгээр тогтоолд оруулсан алсын дуудлага, холын дуудлагыг тодруулахыг хүслээ.

Төв аймаг эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байгаа хэдий ч түргэн тусламжийн автомашин дутмаг байгаа ажээ.

Сайдын аймгуудад хүргүүлсэн баяр ёслолын үеэр аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмжийг аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нар бүх сумдад хүргүүлснээ хурлын үеэр хэлж байв. Сайд энэхүү телемедициныг бусад аймгуудад суурилуулахаар ажиллаж байгаагаа хэллээ.

Хурлын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Н.Удвал ирж буй Усан могой жил их шинэчлэл, эрс өөрчлөлтийн жил болно гэж үзэж байгаагаа илэрхийлж сар шинийн мэндчилгээ дэвшүүлээд эргээд сайхан мэдэээтэй уулзахыг ерөөв.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш