logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2013/02/09

Засгийн газрын ээлжит хуралдаан болж 10 гаруй асуудал хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

Арьс, шир боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зээл олгох, хяналт тавих журмыг баталлаа

 

Монгол Улсын хэмжээгээр арьс, ширний үйлдвэрийн салбарт том, жижиг нийлсэн 35 боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 178 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

 

Жилд бод, бог малын нийт 10,3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 25,8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулдаг. Үлдсэн 74,2 хувь нь түүхий болон анхан шатны боловруулалт хийгдсэн байдлаар БНХАУ руу экспортлогдож байна. Тиймээс Засгийн газрын энэ хуралдаанаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шийдвэр гаргасан нь Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлтэй нөхцөлөөр зээл олгох, хяналт тавих, тайлагнах журам юм.

 

Хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна. Зээлийн үргэлжлэх нийт хугацаа 5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 1 жил, зээлийн хүү жилийн 7 хувиас ихгүй байна. Энэ нөхцөлөөр зээл авах хүсэлт бүхий үндэсний үйлдвэр нь зээлийн хөрөнгийг ашиглаж, арьс, ширийг гүн боловсруулах, түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлтэй байх юм.    

 

Улаанбаатар, Дархан хотын гадна талд арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих төлөвлөгөө, тооцоог хамтран боловсруулж энд онд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгалаа. Хөнгөлөлттэй нөхцөлөөр  зээл олгох болон малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох ажлын явц, үр дүнг энэ оны эхний улиралд багтаан танилцуулахыг Х.Баттулга сайдад үүрэг болголоо.

 

 

“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын талаар танилцуулга хийлээ

 

“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн IV  хурлын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Хоёр талаас хөндөгдсөн асуудал бүрээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, нэг бүрчлэн нарийвчлан тодруулах, нягтлахаар тохиролцсон байна. Үүнтэй холбогдуулан хувь нийлүүлэгчдийн IV хурлыг түр хугацаагаар завсарлуулж, энэ хоёрдугаар сарын сүүлчээр үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.

 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авна

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэж Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд тавигдсан хатуу хучилттай автозамын хураамжийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгалаа.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Чалко Трэйдинг Хонконг” ХХК-ийн хооронд байгуулсан Нүүрс худалдан авах тухай гэрээ хуульд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчлийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангаагүй хүнд даацын автомашин болон дугуй нийлүүлсэн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, компанид учирсан хохирлыг арилгуулахыг Хууль зүйн сайдад үүрэг болголоо.

 

 

“Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо

 

Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж  төсөл”-ийг хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  нарт даалгалаа.

Төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргах юм. Төслийн удирдах хороо байх бөгөөд хорооны удирдлагад төслийг хэрэгжүүлэх нэгж байна. Харин нэгж нь дотроо автозамын сүлжээний уулзваруудыг шинэчлэн засах, шинэ зам, гудамжийг бий болгож, авто замын сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хотын төв” дэд төсөл, гэр хороололд шинээр гудамжны сүлжээг бий болгож, инженерийн дэд бүтцийг цогцоор шийдэх “Гэр хороолол” дэд төсөл, хотын төвийн автозамын хэт ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг дээшлүүлэх “Хурдны зам” төсөл гэсэн 3 дэд бүтэцтэй байх ажээ.

 

 

Цэргийн дүйцүүлэх албаны төлбөрийн хэмжээг тогтоолоо

 

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, цэргийн албанд татах цэргийн насны залуучуудын тоо зэргийг харгалзан 2013 онд дүйцүүлэх албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаарыг Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Өнгөрсөн онд энэ тоо 624 байсан бол энэ жилийн дээд хязгаарыг 659 хүнээр тогтоосон байна. Энэ хурлаар мөн цэргийн дүйцүүлэх албыг 2013 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3 сая 726 мянга 786 төгрөг байхаар тогтоолоо.

 

Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгах хэрэгцээ шаардлага буурахгүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Өнгөрсөн онд цэргийн насны залуусаар дүйцүүлэх алба хаалган анхан шатны бэлтгэл эзэмшүүлсний зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, түүнчлэн байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн  бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулж 250 сая төгрөгийн ажил үүрэг гүйцэтгүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш