logo
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?

Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?

2013/02/11
Монголчууд эрт дээр үеэс амар мэндээ мэдэлцээд хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай.

Цагаан сараар эхлээд ахмад настангуудынхаа амрыг эрж золгож мэндлээд суудалд суун хөөргөө зөрүүлэнгээ,
- Cap шинэдээ сайхан шинэлж байна уу?
- Таны бие лагшин тунгалаг уу?
- Даага далантай, бяруу булчинтай юу?
- Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу? гэхчлэн хөөрөлдөөд хөөргөө харилцан солилцон тамхилж мэндээ мэдэлцдэг.

Хөөргөөр тамхилахдаа бие биенээ харилцан ойлголцдог төдийгүй хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана.

Анх монголчууд гаанс солилцон мэндлэх ёс заншилтай байсан бөгөөд энэ нь уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ.

Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцоно.

- Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа эртний ёсыг баримтлан гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилна.
- Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцоно.
- Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог.

- Хөөрөг солилцох өс нь ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ
хандаж буйн дохио юм.
- Залуу хүн ахмад буюу хүндтэй хүнтэй эхэлж мэндчилж тамхилна.
- Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүү хүн нь хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барина.

- Негөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгч солилцоно.
- Энэ үед дүү хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авна.
- Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж,
өөрөө нэг үнэрлээд ахмад настан буюу хүндтэй хүндээ өгнө.

- Энэ нь чөлөөтэй ярилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын билэгдэл болно.
- Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Заавал татах албагүй.
- Ингэхдээ толгойг нь бага зэрэг чангалдаг.

- Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж буй хэрэг.
- Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш