logo
УИХ-ын дарга цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд ярилцлага өглөө

УИХ-ын дарга цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд ярилцлага өглөө

2013/02/15
УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоомж болон цаг үеийн асуудлаар өдөр тутмын  зарим сонин,  МҮОНТ, Ийгл, NTB, Блүүмберг, ЕТВ зэрэгт өнөөдөр /2013.02.14/ ярилцлага өглөө.

    Тэрбээр УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжлийн сангийн тухай хуулиуд, Төрөөс 2013 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрхэн хэлэлцэж баталсан, хуулиудын онцлогийн талаар ярилаа. Түүнчлэн Оюутолгойн гэрээнд үүссэн асуудал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо-гийн айлчлалын зорилго, "Чингис" бондын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

  Парламентын тэргүүн З.Энхболд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо-гийн айлчлалын үеэр Тавантолгойн асуудал болоод "Чалко" компанитай хийсэн гэрээний асуудлыг хөндөж ярилцаагүй, хоёр улсын Засгийн газар болон компани хоорондын гэрээний асуудалд УИХ оролцох ч ёсгүй гэдгийг энэ үеэр хэллээ. Оюутолгойн асуудалд ч дээрхтэй адил  байр суурьтай байна. "Чингис" бондын тухайд УИХ-аас баталж өгсөн тогтоолын дагуу бондоор орж ирсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар юунд зарцуулахаа өөрсдөө шийдвэрлэнэ, харин УИХ хяналт тавьж ажиллана гэдгийг онцолж байв.

     УИХ-ын дарга З.Энхболдтой хийсэн дэлгэрэнгүй ярилцлага өнөө орой телевизүүдээр цацагдахаас гадна "Өдрийн сонин", "Ардчилал" сонин, www.medee.mn, www.news.mn, open.parliament.mn зэрэг сайтын маргаашийн дугаарт нийтлэгдэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш