Уламжлал ёсоор Бүх цэргийн Их Хар сүлдийг цагаалах тайлгыг хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр хийлээ.
Бүх цэргийн Их Хар сүлдний сүлдэч, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай сүлдний өчлийг өчсөний дараа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар сүү, идээ шүүс зэргийг сүлдэндээ өргөж, тэнд хүрэлцэн ирсэн бүрэлдэхүүн сунтгийн хадгаас адис авч хийморь сүлдээ даатгасан юм.
Энэ ёслолд Батлан хамгаалахын сайдын зөвлөх Б.Ариунболд, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал С.Гүржав, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар тэргүүтэй Хилийн цэрэг, Дотоодын цэргийн удирдлага, БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын захирагч нар оролцлоо.