Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлч сурвалжлагч нар 93 хүний аминд хүрсэн гэж сэжиглэгдэж байгаа Андерс Бреивикийн шүүх хурлыг сурвалжахаар Норвегийн нийслэл Осло хотын шүүхийн танхимын гадаа цугларсан байна. Гэсэн ч цагдаа нарын хүсэлтийн дагуу ерөнхий шүүгч Ким Хегер шүүх хуралдааныг хаалттай явуулахаар болсон байна. Норвеги улс харьцангуй нээлттэй, ардчилсан улс боловч сэжигтэн Андерс Бреивик хамтран зүтгэгчдэдээ болон олон нийтэд ямар нэгэн сөрөг мессеж дамжуулж магадгүй гэж үзсэн учир шүүх хуралдааныг хаалттай явуулсан байна. Шүүх хуралдаан дээр сэжигтэн Андерс Бреивик түүнтэй санаа нийлж ажилладаг өөр 2 байгууллага байдаг талаар мэдүүлсэн учир мөрдөн байцаалтыг цааш үргэлжлүүлэх шаардлагатай болсон гэж шүүгч Ким Хегер мэдэгдсэн байна. Андерс Бреивикийг түр саатуулах байранд 2 сар хорьж энэ хугацаанд өмгөөлөгчөөс нь өөр хэнтэй ч уулзуулж холбоо бариулахгүй, зурагт, сонин хэвлэл уншихыг нь хориглож, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхээр болсон талаар шүүгч Ким Хегер хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Андерс Бреивик Норвеги, цаашлаад баруун Европын ард түмнийг соёл иргэншлийн Марксизм болон Лалын аюулаас хамгаалахын тулд, эрх баригчдад дохио өгөхийн тулд энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлээд байна. Мөн Лалын шашинтнуудын цагаачлалыг өөгшүүлж, улс орныг колончилж байгаа Норвегийн эрх баригч Хөдөлмөрийн тэр чигээрээ ялагдал хүлээж засгийн эрхнээс буухыг хүсч байна гэдгээ мэдүүлсэн юм байна. Анхан шатны шүүх хурлын дараа түүнийг түр хорих байрлуу авч явсан. Түүний дараагийн шүүх хурал 2 сарын дараа болно. Андерс Бреивик террорист гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдох юм бол Норвегийн эрүүгийн хуулиар бүх насаар нь хорих буюу 21 жил хорих ялаар шийтгэнэ. 21 жилийн ялаа эдлэсний дараа гэмт хэрэгтэн нийгэмд аюултай хэвээр гэж үзэх юм бол Норвегийн эрүүгийн хуулиар ял эдлэх хугацааг сунгадаг байна.