Нийгмийн даатгалын ерөнхий газраас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл" төсөлтэй хамтран Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Ачтан эмнэлэгүүдэд өнгөрсөн жил хэрэгжүүлсэн "Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах" гэрээг 2013 онд үргэлжлүүлэн 1 жилийн хугацаатай байгуулахаар өнгөрөгч 02-р сарын 08-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга гэрээлэгч талуудын удирдлагуудтай зөвшилцөн гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг гэрээ нь даатгуулагчид чанартай, хүртээмжтэй, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг хүргэхэд шаардлагатай бүхий л үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх боломжийг гэрээгээр дамжуулан бүрдүүлэхийг зорин туршин хэрэгжүүлж буй хоёр талын хамтын үйл ажиллагаа бөгөөд цаашид уг гэрээг үндэсний түвшинд нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү гэрээнд даатгуулагчид үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай холбоотой эмнэлзүйн стандарт, удирдамж, зааврыг чанд мөрдөх болон шинэчлэн мөрдөх, эмчилгээ, оношлогоонд алдаа гарсан байж болзошгүй тохиолдлын үед тухайн чиглэлээр өндөр түвшинд мэргэшсэн, туршлагатай ижил мэргэжилтний хөндлөнгийн шинжээчийн багаар үзлэг хийж, дүгнэлт гаргуулах, даатгуулагчийн дуу хоолойг сонсох зорилгоор нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн сэтгэл ханамжийн судалгаа болон шууд утас ажиллуулах, эмнэлэг нийгмийн даатгалын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахтай холбоотой компьютерт суурилсан түүврийн аргаар нэхэмжлэл, жагсаалтыг хянах хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагчид эмнэлзүйн цогц үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх , алдаа дутагдлын учир шалтгаан, хамаарлыг тогтоох, хамтран шийдвэрлэх, цаашид дахин давтан гаргахгүй байх нөхцөл боломж, арга замыг тодорхойлох зэрэг шинэ арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлж, өнгөрсөн жилийн ололт амжилт, туршлагад үндэслэн энэ онд шинэчлэн сайжруулж, үргэлжлүүлэн байгуулсан билээ.
Туршилтын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн байгуулахаар нийгмийн даатгалын байгууллага болон эмнэлгүүд харилцан тохиролцож, гэрээлсэн энэхүү үйл явц нь цаашид орон даяар үндэсний хэмжээнд даатгуулагчийн авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн дорвитой шинэчлэлийн арга хэмжээ болж буйгаараа онцлог ач холбогдолтой юм.