Уралын тэнгэрт үл мэдэх объект дэлбэрсэн тухай өнөө өглөө оросын мэдээллийн агентлагууд мэдээллээ. Оросын Онц байдлын яамны урьдчилан мэдээлснээр бүс нутаг дээр «солирын бороо» орсон байж магадгүй гэнэ. Хохирол хэлмэгдлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Свердловск, Челябинск мужуудад агаарт гялс хийсний дараа хүчтэй дэлбэрэлт болжээ. Тэсрэлт бараг 10 мянган метр өндөрт болсон тухай хүчний байгууллагуудын төлөөлөгчид мэдээлэв. Тэсрэлт барилга байшингийн цонхны шил хагалсан байна. Хүмүүсийг нүүлгэж эхлэсэн тухай бас мэдээллээ. Агаарт нисэх онгоц осолдож тэсэрсэн байх гэж нүдээрээ үзсэн Челябинскийн оршин суугчид таамаглаж байна. Одоогоор хотод үүрэн утасны холбоо тасарсан байдалтай байна. 5-6 тэсрэлт болсныг харгалзвал байлдааны нисэх онгоц эсвэл пуужин тэсэрсэн бололтой гэж нүдээрээ үзсэн хүмүүс мэдээлжээ. Нэгэн объект хотоос 50 км зайтай тэсрэсэн тухай Челябинск мужийн Еманжилинск хотын оршин суугчид мэдээллээ. «Тэр агаарт тэсэрч эхлээд газарт унаж бүрмөсөн тэсрэв. Хар үүлэн хотыг бүрхсэн» гэж хотын оршин суугч «Интерфакс» агентлагад мэдээлсэн байна. Тэнгэрт гялс хийсэн тухай Тюмений оршин суугчид бас мэдээлжээ.