logo
Шадар сайд Д.Тэрбишдагва стандартын улсын  үзлэгийн дүнг хэлэлцүүллээ

Шадар сайд Д.Тэрбишдагва стандартын улсын үзлэгийн дүнг хэлэлцүүллээ

2013/02/18
Аливаа улс орны  стандартчиллын тогтолцоо, чиг  хандлага нь нийгэм эдийн засгийн хөгжилтэйгээ хэрхэн уялдаж, стандартууд нь хөгжилтэй орнуудын жишигтэй хэрхэн нийцэж байгаа зэрэг үзүүлэлтээс тухайн орны хөгжлийг тодорхойлж болдог аж.
Манай  улсад нийтдээ 6200 гаруй стандарт мөрдөгддөг байна. Нийт стандартын шинжлэх ухааны техникийн түвшинг тогтоох үзлэгийг  улсын хэмжээнд  өнгөрсөн оны 12 сарын 15-наас 2 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх богино хугацаанд зохион байгуулж, өнөөдөр төв комисс дүнгээ хэлэлцүүллээ.
Улсын үзлэгийн төв комиссын дарга бөгөөд, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва  салбар комиссын гишүүдэд хандан “Стандарт нь дэлхийн болоод улс орны  хөгжлийн гол  түлхүүр болдог. Стандарт хийнэ, боловсруулна гэдэг нь зөвхөн стандартын байгууллагын ажил мэтээр ханддаг хандлага энэ үзлэгийн  үр дүнд өөрчлөгдөж тухайн салбар стандартаар дамжуулан төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний эрүүл мэнд байгаль орчин, аюулгүй байдлыг хамгаалахад хичнээн чухал баримт бичиг болохыг бүгд ойлгож авсан учраас цаашдаа  стандартаар  удирдаж ажлаа явуулах болно.  Үзлэг эхлэхэд анхны хурал дээр цаг хугацаа урт тавих гэхээсээ илүү, ажлаа зөв зохион байгуулаад явбал сарын хугацаа гэдэг  бол бас их хугацаа гэж би хэлж байлаа. Комиссын гишүүд  та бүхэн хүчин чармайлт гаргаж ажилласны хүчинд дөрвөн сард дуусах байсныг богино хугацаанд амжилттай дуусгалаа” гэж хэллээ.
Үзлэгт хамрагдсан нийт стандартын 44,5 хувь буюу 2762 стандартын  шинжлэх ухааны техникийн өнөөгийн түвшин  олон улс, бүс нутаг, гадаад орны түвшинд хүрсэн бол 1821  стандартыг дахин  шинэчлэх, 833  стандартыг шинээр боловсруулах үндэслэлийг тусгасан жагсаалтыг гаргасан байна.
Үзлэгийн төв комисс 23 хүний бүрэлдэхүүнтэй гишүүд нь салбар яамдын төрийн нарийн бичгийн дарга  болон мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагыг төлөөлсөн 52 салбар комиссоос бүрдсэн 600 гаруй мэргэжилтнүүд  ажиллажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш