logo
Нийслэлд энэ жил 75,5 км авто зам шинээр барина

Нийслэлд энэ жил 75,5 км авто зам шинээр барина

2013/02/18

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2013 оны 2 дугаар сар 15-нд болж энэ онд хэрэгжих, авто зам,  замын барилгын ажлын төсөл арга хэмжээг хэлэлцлээ. Удирдлагын зөвлөлийн хуралдаанд  дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн харьяа Агентлагуудын дарга нар оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр  улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр мөн,  гадны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн  авто зам,  замын барилгын ажлыг  удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Энэ жилийн хувьд шинээр буюу он дамжин хэрэгжих нийт 45 авто зам, замын барилгын ажил байгаа бөгөөд 462 тэрбум 497 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр 75,5 км авто замыг шинээр барих юм. Гэхдээ энэ нь зөвхөн  улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр мөн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа ажлууд юм гэдгийг тэрээр онцлон хэллээ. Эдгээр ажлууд дээр нэмэгдэн гадаадын байгууллагуудын буцалтгүй тусламжаар хэрэгжих хэдэн хэдэн зам барилгын ажил хийгдэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх юм байна.  Үүнд, 0.9 км авто замыг шинэчилж, 60 у/м гүүрийг өргөтгөж, борооны ус зайлуулах шугам  шинээр хийх юм байна. Энэ ажилд нийтдээ 39 сая Юаны хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн  БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Баруун 4 зам дээр олон төвшний огтлолцол шинээр барих ажилыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд 4 км авто зам, 1000 у/м гүүрэн байгууламж, борооны ус зайлуулах шугам зэргийг  шинээр барих юм байна. Энэхүү ажил нь нийтдээ 52.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих юм.  Харин энэ онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар БЗД 26-р хороо, Нарны зам, Баянмонгол хорооллыг холбосон 0.2км авто зам, автомашины нүхэн гарцын хамт шинээр барих бол, Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж байгаа Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам, 120 у/м гүүр шинээр барих юм байна. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр Ажилчны гудамж, Дунд голын доод гүүрийг шинэчлэх, хос гүүр болгож шинээр 35 у.м гүүрийг барих юм байна.

Удирдлагын зөвлөлийн гишүүд хотын авто зам, замын байгууламжийг өргөтгөж шинэчлэх, засварлах үед шугам сүлжээтэй холбоотой хүндрэлүүд маш ихээр гардаг. Тухайлбал зам засаж дууссаны дараа дулааны ч юм уу,  цахилгааны шугам сүлжээнд гэмтэл гарлаа, шинэчлэх гэж байна гэх мэтээр зассан замыг эргэж хуулах, гэмтээх тохиолдол  түгээмэл байдаг.  Энэ хариуцлагагүй байдлыг халахын тулд эхнээсээ маш нарийн төлөвлөгөө, график гарган ажиллах хэрэгтэй гэсэн саналуудыг хэллээ.

НИТХ-ын дарга Д.Баттулга, зам засварын ажлыг хугацаанд нь эхлүүлж төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэхнь чухал. Зам засварын ажил хугацаандаа дуусаагүйгээс болж дараа дараагийн ажил эхлэхэд хүндрэл үүсдэг. Энэ нөхцөл байдал нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, иргэдийг бухимдуулдаг. Тиймээс сонгон шалгаруулалтаа яаравчлан эхлүүлж, засварын ажлыг хугацаанд нь дуусгах тал дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой гэдгийг холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Харин замын ажил удааширдаг байдлыг нийслэлийн Авто замын газраас тайлбарлахдаа, зам засвар, арчлалт шинэчлэлтийн зураг төсөл боловсруулах үед шугам сүлжээний байгууллагууд  техникийн нөхцлийг гаргаж өгдөг боловч хугацаа нь 1-6 сар буюу маш удаан байгаа учраас зам засвар барилгын ажлын явцыг удаашруулдаг. Мөн шугам сүлжээний байгууллагууд техникийн нөхцөл өгөөд тэрнийх нь дагуу ажлын зураг боловсруулаад ирэхээр дахин өөрчилдөг.  Зарим тохиолдолд өгсөн техникийн нөхцлөө гурван ч  удаа өөрчлөх үе бий. Энэ нь хугацаа их  алдуулдаг гэлээ.

       Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, өнөөдөр танилцуулж байгаа 45 зам засварын ажлын замын трасст орж байгаа инжнерийн шугам сүлжээ, инженерийн байгууламжийн мэдээллийн санг нэгтгэн баяжуулж, удирдлагын зөвлөлийн гишүүдэд дахин танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.  Цаашид зөвхөн авто зам, замын барилгын ажлыг хотын авто зам биш хотын гудамж гэж ойлгох шаардлагатай. Хотын гудамжинд авто зам, явган зам, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээнүүд, хөдөлгөөн зохион байгуулалтын элементүүд, зогсоол, орц гарц  зэрэг хотын иргэдийн амьдралд хэрэг болж буй бүх л байгууламжууд бий. Иймд аливаа төслийг тухайн байгууламжуудыг хариуцагч бүх байгууллагууд хамтран хэрэгжүүлэх шаардлага байна гэдгийг ч санууллаа гэж Нийслэлийн Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш