Үндэсний өдөр тутмын хэвлэл “Өнөөдөр” сониноос жил бүр олон нийтийн санал асуулгаар тодруулдаг “Оны алдартан”-ы нэгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодорчээ. Луу жилийн алдартнаар өргөмжилсөн энэ шагналыг тус сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг, орлогч эрхлэгч С.Батбаатар нар Ерөнхий сайдын өрөөнд ирж гардууллаа.
Шагналыг хүлээн аваад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Олон нийтийн санал, оролцоо гэдэг манай Засгийн газрын үндсэн зарчим. Олон нийт надад илүү их итгэл найдвар хүлээлгэж байгаагаа энэ санал асуулгын дүнгээр дамжуулан илтгэж ташуур өгч байна гэж ойлголоо” гэлээ. Тэрбээр мөн “Шүүмжлэхгүй бол ялзардаг, сайн муугаа байнга ярьж байхгүй бол засаг, иргэний холбоо сулардаг. Иймд Шинэчлэлийн Засгийн газар шүүмжийг ялгаварлахгүй сонсч, оновчтой санал бүрийг шийдвэр болгохыг чухалчилж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн санаа бодлыг шүүлтгүй гаргаж байх нь чухал шүү” хэмээн захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.