logo
Монгол Улс хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхээр Нидерландын Вант Улсаас туршлага судлана

Монгол Улс хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхээр Нидерландын Вант Улсаас туршлага судлана

2013/02/20
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан ХБНГУ-д хийсэн албан айлчлалаа өндөрлөөд Нидерландын Вант Улсыг зорин энэ оны 02 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд тус улсын Гадаад харилцааны яам, Эдийн засгийн яамны удирдлагуудтай уулзаж хоёр орны Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Айлчлалын бүрэлдэхүүнд яамны удирдлагууд багтсанаас гадна Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны төлөөлөл болох хувийн хэвшлийнхэн байв.
Айлчлалын эхний өдөр ҮХАА-н дэд сайд Ц.Туваан Нидерландын Вант Улсын Гадаад харилцааны яамны Хөдөө аж ахуйн салбар хариуцсан дэд сайд ноён Симон Смиттэй уулзаж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах ялангуяа, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтыг тавьсантай холбогдуулан Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээс хүлэмж, саалийн фермийн аж ахуй байгуулах чиглэлээр хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжихээр ажиллаж байгааг дурдаад Нидерланд улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, ололт амжилттай газар дээр нь танилцах, салбарын хөгжлийн томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, салбарын яамнаас үзүүлэх дэмжлэгийн талаарх Нидерландын арга туршлагыг судлахын тулд яам хооронд шууд хамтын ажиллагааны механизм бий болгох хүсэлтийг илэрхийлэв.

Ялангуяа хүлэмжийн аж ахуйн чиглэлээр ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтоох, техник технологийг Монголд нутагшуулах, эрчимжсэн саалийн фермийн аж ахуйг Монгол Улсад хөгжүүлэхэд Нидерландын нау-хау, арга туршлага нэн чухал байгааг дурдаад Монгол-Нидерландын хамтарсан төслийн саналыг өргөн барив.

Ноён Симон Смит төслийн саналыг хүлээн аван Монголд томоохон хөрөнгө оруулагч орны дунд 5 дугаарт бичигддэг өөрийн орны хичээл зүтгэлийг улам өргөжүүлж Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгосон Монголын Засгийн газрын бодлогыг сайшаан магтаад өөрийн орны Хөдөө аж ахуй тэр дундаа хүлэмжийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйн салбарын ариун туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаа илэрхийлэв.

Мөн энэ үеэр 2 тал Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх зорилго бүхий яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцов.

Айлчлалын 2 дох өдөр ҮХАА-н дэд сайдаар ахлуулсан ҮХААЯ болон хувийн хэвшиллийн төлөөлөл Нидерландын хүлэмжийн аж ахуй, хүлэмж үйлдвэрлэгч, эрчимжсэн мал аж ахуйнуудтай газар дээр танилцаж, туршлагаас нь сонсож хамтран ажиллах боломжыг судаллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш