logo
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ: Цахилгаан үйлдвэрлэгчидэд үнэ нэмэхийн оронд дотоод зардлаа бууруул гэсэн шаардлага тавьсан

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ: Цахилгаан үйлдвэрлэгчидэд үнэ нэмэхийн оронд дотоод зардлаа бууруул гэсэн шаардлага тавьсан

2013/02/20

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛТЭЙ ярилцлаа.

-Засгийн газраас энэ онд эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажил хэдийд эхлэх вэ?

-Цагаан сар өнгөрөхөөр манай эрчим хүчний салбар өвлийн их ачааллаа давлаа гэж үздэг. Улмаар эрчим хүчний үйлдвэрүүдийн их засварын ажил эхэлнэ. Үүнээс гадна шинэ эх үүсвэрүүдийг барих асуудал ярьж байна. V цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн Өмнөговь аймагт 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих зэргээр томоохон бүтээн байгуулалт өрнөнө. Засгийн газрын хуралдаанаар ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулааны хангамжийг хэвийн найдвартай болгохын тулд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэлээ. Мөн энэ дулааны станцыг цаашид “Амгалан” дулааны станц гэж нэрлэхээр боллоо.  Энэхүү станцыг ирэх дөрөвдүгээр сараас барьж эхлээд арваннэгдүгээр сард эхний ээлжийг нь ашиглалтад оруулна. 2014 оны хоёрдугаар улиралд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөж байна.

            Мөн Засгийн газар томоохон уурхайнуудын амыг түшиглэн цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлэхээр болсон. Уурхайн аман дээр тавьсан станцууд зөвхөн уурхайн өмч болчихгүй. Манай яам энэ станцуудын бодлогыг боловсруулна.

 -V цахилгаан станц барих асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Байршлын хувьд нэлээн маргаантай байсан. Улмаар энэ асуудлыг оны өмнө шийдвэрлэж станц барих газраа сонгосон. Одоо Эдийн засгийн хөгжлийн яам манай яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. V цахилгаан станц бол том бүтээн байгуулалт, том гэрээ. Тийм учраас сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш. Тийм болохоор тендерт оролцсон консорциумуудын үнийн саналыг дахиж авсан. Хамгийн бага үнийн санал өгсөн консорциумтай гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Ойрын хугацаанд гэрээнд гарын үсэг зурж төлөвлөсний дагуу дөрөвдүгээр сар гэхэд ажлаа эхлүүлнэ.

 -Хамгийн бага үнийн санал ирүүлсэн консорциум нь хаанахынх юм бэ?

-Манай “Ньюком”, Японы “Сожитц”, Солонгосын “Поско Энержи” группын хамтарсан консорциум. Энэ консорциум нэг кВт цахилгааныг 63 төгрөгөөр нийлүүлнэ гэсэн санал тавьсан.

 

-“Ньюком” компани V цахилгаан станцын тендерт оролцож байгаагаас гадна Салхитын хөндийд салхин цахилгаан станц барьж байгаа. Энэ станц нь хэдийд ашиглалтад орох вэ?

-Салхитын хөндийд баригдаж байгаа 50 мВт-ын цахилгаан станц уг нь төлөвлөгөө ёсоор оны өмнө ашиглалтад орох байсан. Гэвч цаг агаарын байдал, техникийн саатал зэрэг асуудаас болоод хойшилсон. Ирэх тавдугаар сард ашиглалтад орох байх.

 -Гуравдугаар сарын 1-нээс цахилгааны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ үнэн үү?

-Эрчим хүчний үйлдвэрүүд оны өмнө цахилгаан, дулааны үнэ нэмэх хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж үнэ нэмэх шаардлага байна уу, үгүй юү гэдгийг судалж байгаа. 2013 оныг эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарласан. Ер нь дотоод нөөц боломжоо ашиглаж зардлаа бууруулаад эрчим хүчний үнийг нэмэхгүй байх бололцоотой. Тиймээс цахилгааны үнийг нэмэхгүй байж болох байх. Салбарын сайдын хувьд энэ онд цахилгааны үнийг нэмэхгүй гэсэн гэсэн байр суурьтай байна. 

-Оны өмнөхөн эрчим хүчний салбар саяхан 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. 100 жилийнх нь ой тохиох үед манай улс гадаадад эрчим хүч импортлохоо зогсоосон байж чадах болов уу?

-Ирэх арван жилд манай улс эрчим хүчний хараат байдлаас бүрэн гарна гэж үзэж байгаа. Би үүнийг итгэлтэй хэлж чадна. Манай улс цахилгаан импортолдог биш экспортолдог улс болоход ойрхон байгаа.

Т.Баяр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш