logo
Өмнөд Суданы сургууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо

Өмнөд Суданы сургууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо

2013/02/20

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн ЭлбэгдоржийнБүгд найрамдах Өмнөд Судан улсад хийсэн айлчлалын үеэр Румбек мужийн нэгэн дунд сургуулийг Монгол Улсын төрийн тэргүүний нэрэмжит болгосныг зарлав.

Мужийн захирагчийн албан ёсны мэдэгдэлд, “Монгол Улс бол ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж чадсан цөөхөн орны нэг бөгөөд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нь энэхүү хувьсгалын гарамгай удирдагчдын нэг болохын хувьд, мөн Өмнөд Суданд энхийг сахиулах ажилагаанд цэргээ илгээсэн улсаас анх удаа тус улсад айлчлан ирсан гадаад орны Төрийн тэргүүний хувьд хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болгож” хэмээн Румбек мужийн Амбан захирагч мужийнхаа сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрэмжит болгож буйгаа зарласан байна.  
 
Энэ үеэр тус мужийн захирагч хэлэхдээ “Монгол Улс нь аугаа их түүхтэй, цэрэг, тактикийн өв их уламжлалтай орны хувьд тус нэрэмжит сургуульд монгол цэргүүдээр спорт, тактикийн болон монголын түүх, соёлын тухай хичээл заалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шинэхэн тусгаар улсын хүүхэд багачуудын сурч боловсрох сургууль өөрийнх нь нэрэмжит болсонд талархаж байгаагаа илэрхийлээд “Энэ бол Монгол Улсын энхийг сахиулагчдын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн тавьж байгаа эерэг дүнгийн нэгэн илрэл, хоёр орны хамтын ажиллагаа, найрамдлын их өөдрөг эхлэл” гэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш