logo
Сошиал нетворкизм

Сошиал нетворкизм

2013/02/20
Фэйсбүүк Твиттерийн Нэгдсэн Вант Улс тэрбум орчим иргэнтэй болж хүн амын тоогоороо дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх болов. Иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг ихээхэн дээдэлж, ардчиллыг Америкаас илүү дэмждэг гээд л олон давуу тал энэ улсад  байна. Тус улсын иргэн болоход таны үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, баян, ядуу байх нь огт хамаагүй бөгөөд ямар нэгэн нэмэлт төлбөр төлөх, ногоон картны сугалаанд оролцох шаардлагагүй юм. Одоогийн байдлаар Фэйсбүүк Твиттерийн Нэгдсэн Вант улсын баруун түмэн болсон Фэйсбүүкийн Өөртөө Засах Орон 838 сая, зүүн түмэн Твиттер нь 200 орчим сая иргэнтэй болоод байна. Монгол улсын иргэдээс Фэйсбүүкийн Өөртөө Засах Орон руу 381 мянга гаруй хүн дүрвэснээс 71% нь 18-34 насны залуус аж. Үүнээс гадна 13-17 насны хүүхдүүд 20%, 35-аас дээш насныхан 9%-ийг нь эзэлдэг байна. Дүрвэгсэдийн 51% нь эрчүүд бөгөөд иргэнээ ихээр “алдаж” буй 213 орноос Монгол улс 106-дугаарт жагсчээ. Нийт дүрвэгсэдийн олонх буюу 156 сая орчим нь АНУ-ын цагаачид бол 1000 гаруйхан иргэнтэй Ватиканаас 100 хүн тус улстай нэгдээд байна. Фэйсбүүк Твиттерийн Нэгдсэн Вант Улс байгуулагдах болсон шалтгаан нь XXI зуунд шинээр мэндэлж, хүчээ авсан Сошиал нетворкизмоос улбаатай бөгөөд энэхүү үзэл баримтлалыг шинэ түвшинд гаргасан хүмүүс бол Марк Зюкерберг, Жэк Дорси нар юм.(Вангуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл цахим ертөнцөд хангалттай бий учраас энд бичих нь илүүц биз ээ) Иргэд Сошиал нетворкизмд хүрэхийн тулд хоёр шатлалыг ихэвчлэн дамждаг. Тухайлбал Сошиал нетворкизмын давуу тал, ашиг тусыг бүрэн дүүрэн таньж амжаагүй “шинэков”-ууд Фэйсбүүкийн Өөртөө Засах Оронд амьдрах нь илүү тохиромжтой. Учир нь энд хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шинэ танил, найз нөхөдтэй болох, бусдыг шүүмжлэх, эсрэгээрээ шүүмжлүүлэх, амьдрал дээр хийж байгаа зүйл нь олон нийтэд таалагдаж байгаа эсэх зэрэг тоочоод байвал олон ухаанд суралцдаг. Ийнхүү хувь хүн өөрийгөө нийгэмд ямар байр сууринд явж байгаагаа мэдэж, хэлсэн үг хийсэн үйлдэлдээ эзэн болж сурсны дараа Твиттерийн Өөртөө Засах Оронд очиж суурьших нь оновчтой. Таныг Фэйсбүүк Твиттерийн нэгдсэн Вант улсын иргэн боллоо гэж тал дүүрэн мал, танан цагаан өргөө гэр өгөхгүй. Харин таныг баярлуулж, гомдоож эсвэл үзэн ядахад хүргэдэг албан байгууллага, хувь хүн, улс төрч, олигархи, монополч, дөнгөж төрсөн нярай хүүхдийг шалзалсан эмч, шавиа зоддог багш, угаасан машин дээр цайныхаа дээжийг өргөдөг ээж, нөүтбүүк “туудаг” “шилийн сайн эмээ”, автобусныхаа хаалгаар “морь харсан” жолооч, машиныхаа дугаарыг сольдог “Аглуудагчид” гэх мэт нүдэнд ил байгаа бүх зүйлийг шүүмлэх, сайшаах боломжыг олгодог билээ. Фэйсбүүк, Твиттерт нэгдсэнээр сонин, сэтгүүл, телевиз, радио гээд л бүх төрлийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү түргэн шуурхай мэдээлэл авч, он удаан жил уулзаагүй найзтайгаа нүүр тулж уулзах(Пропайл зураг үзэх), цаашлаад хоорондоо халуун дотно яриа(Чат) өрнүүлж ч болно. Үүнээс гадна төрөлхийн цөсний эмгэгэээсээ болж элэгнийх нь үйл ажиллагаа нь доголдсон М.Сайханбилэг хүүгийн эцэг эх Фэйсбүүкт нэгдсэнээр хагалгааны зардал олж, Дэлхийд 22-хон үлдсэн мазаалайг аврахаар залуус нэгдэж, аж ахуй нэгж, компаниуд хамгийн бага зардлаар олон нийтэд сурталчилгаагаа түгээж байна. Энэ мэтчилэн Фэйсбүүк Твиттерийн Нэгдсэн Вант Улсын иргэн болсноор олон давуу талыг эдлэх ч, эхнээсээ сөрөг үр дагавар нь мэдэгдэж эхэллээ. Сүүлийн үед тус улсад “Цахим” нэртэй “хар тамхи” ихээхэн дэлгэрч зарим иргэд нь олон цагаар донтох болов. Аливаа зүйлийг тохируулбал эм, хэтрүүлбэл хор болдог жамтай. Үүнд хэт донтсоноор бусдаас тааламж(Лайк) авахын тулд хүний зүс царай, бие галбир, өмссөн хувцас, зовлон шаналаар даажигнал хийх, түүнийгээ бусдад түгээх(Шээр), шүдээ угаасан, бие зассан гэх мэт хэнд ч хэрэггүй хувийн зүйлээ өөрийн мэдэлгүй бусдад ярих(Статус), цаашлаад олон найзтай болохын тулд нүцгэлэх(Аватар зураг) хэмжээнд хүрээд байна. Энэ бүхэн зөвхөн анхан шатны донтолт бөгөөд зарим иргэдийнх нь хүн чанар үгүй болж эхлэв. Тухайлбал Энтайваны гүүрэн дээр аймшигтай автын осол гарч, нүднийх нь өмнө хүн үхэж байхад хоёр залуу гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан цаг саяхан. Фэйсбүүк, твиттерт шуурхай ноцтой зүйл хүний сонирхлыг ихээхэн татдаг ч гэлээ энэ нь хүний амь насны дэргэд юу ч билээ дээ. Энэ бол цахим ертөнцөд хэт донтогчдод ирж байгаа хамгийн том хор уршиг бөгөөд бодит байдалдаа амьдарч, цахим донтолтоос өөрийгөө татаж гаргах хэрэгтэй болох нь. Зарим хэсэг нь дутагдалаа ойлгож тус улсаас олон цагаар эсвэл бүр мөсөн дүрвэж эхэллээ. Энэ нь ч сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байгаа юм. Ямар ч улс гүрэнд сэргэн мандах, уруудан доройтох үе гэж бий. Үүсгэн байгуулагдсан цагаасаа олон зуун сая иргэнийг татаж байсан Фэйсбүүк, Твиттерийн Нэгдсэн Вант Улс энэхүү бичигдээгүй хуулийг хүссэн хүсээгүй дагах болов. Фэйсбүүкийн өөртөө засах оронд хамгийн олноороо оршин суудаг Америк цагаачдын 61% нь хэдэн долоо хоногоор улсаа орхих болжээ. Үүнийг дагаад шинээр иргэншил хүсэгчдийн тоо ч эрс цөөрч байгаа аж. Энэ мэтчилэн иргэдээ тогтоон барихад хэцүү болсон Фэйсбүүкийн Өөртөө засах орны нөхцөл байдал цаашаа үргэлжилж болзошгүй хэмээн “улс төр судлаачид” үзэж байгаа юм. Дэлхийн газрын зурагнаас Фэйсбүүк, Твиттерийн Нэгдсэн Вант Улс хэзээ арилахыг одоогоор тааж хэлшгүй ч гэлээ хэрэвзээ энэ зүйл биелэлээ олбол магадгүй сайнаасаа илүү саар нөлөөтэй байж болох юм. Санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэхгүй, тэр болгон уулзаж амждаггүй найз нөхдийнхөө царайг удаан хугацаанд харахгүй, бусдыг шүүмжилж, бусдаар шүүмжлүүлэхгүй байна гэдэг мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүмүүст ямар байх нь ойлгомжтой. Тиймээс техник технологи цаг мөч тутамд өөрчлөгдөн хувьсаж буй одоо үед Фэйсбүүк, Твиттерээс ч илүү төгс төгөлдөр сошиал нетворкизмын улс үүсгэн байгуулагдахыг үгүйсгэх аргагүй билээ. 
С.Батхуяг 

 


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш