Ойрын жилүүдэд аймгийн төвүүд хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбогдоно
Автозам, төмөр зам, далай, усан зам, авто тээврийн салбарын өнөөгийн байдал, ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын талаар Зам тээврийн сайд А.Гансүх сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. Шинээр баригдах замын урт 1347 км. Ирэх жил Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг, 2015 онд Баян-Өлгий, Ховд, Увсыг холбоно. Замын ажлыг он дамжуулан хийдгээс хөрөнгө мөнгө нэмж авдаг, чанаргүй зам барьдаг дутагдлыг энэ жилээс арилгана. Ондоо багтааж ажлаа дуусгаагүй аж ахуйн нэгжийг дахин тендерт оролцуулахгүй байх арга хэмжээ авна. Мөн зам барих төсөвт өртгийг орон нутгийн онцлогийг харгалзан өөрчлөхөөр судалгаа хийгдэж байгаа. Замын чанарын тухайд 90 гаруй хувь нь техник, тоног төхөрөмжөөс шалтгаалдаг. Тиймээс энэ тал дээр онцгой анхаарч байгаа гэж А.Гансүх сайд хэллээ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг шинэ төмөр зам, далайн боомтоор дамжуулан гуравдагч орны хэрэглэгчдэд хүргэнэ
Уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах гол гарц болох шинэ төмөр замыг хоёр хөршийн далайн боомтууд руу чиглүүлэн барина. 1900 км урт төмөр зам барих эрхийг Улаанбаатар төмөр зам компанид олгосон. “Шинэ төмөр зам” барих төслийг хэрэгжүүлэх компанийг ирэх долоо хоногт байгуулна гэж А.Гансүх сайд мэдээллээ.
Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдэд ирсэн ачаа 24 цагийн дотор Улаанбаатарт ирдэг болсонд иргэд талархалтай хандаж байгаа. Ер нь бол Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд ачааны галт тэрэгний аялах хугацаа дунджаар 20 цаг байдаг бөгөөд иргэдийн ачааг Замын-Үүдэд олон өдрөөр байлгадаг явдал дуусгавар болсныг сайд онцоллоо.
2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын” баримт бичигт тусгагдсан Монгол Улсад шинээр бүтээн байгуулагдах төмөр замууд нь хөрш орнуудын төмөр замаар дамжин далайн боомтуудад хүрнэ. Энэ нь төмөр зам далайн тээврийн нэгдсэн сүлжээ бий болгох хэтийн зорилттой холбоотой. Манай улс 2003 оноос хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд бүртгэлээс 3,1 тэрбум төгрөгийн орлого олж улсын төсөвт 2,8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Ойрын жилүүдэд далайн тээврийн салбарт тэргүүлэгч орнуудтай хамтран тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, энэ салбарт үндэсний мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэж ажиллуулахаар болжээ.
Манай улс гурван шинэ онгоцтой болно
Далайд гарцгүй орны хувьд агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцож байна. Энэ бодлогын хүрээнд АНУ-ын БОИНГ компаниас 2013-2016 онд гурван онгоц худалдаж авна. Нийт өртөг 240 сая долларыг 2024 онд хүүтэй нь төлж дуусна гэж тооцжээ. Манай улсын агаарын тээврийн компани 5 улсын 12 чиглэлд нисдэг. Дотооддоо 22 нисэх буудалтай, хуваарьт нислэгийг гурван компани 13 чиглэлд гүйцэтгэдэг байна. Мөн манай орны газар нутаг дээгүүр 54 орны 80 гаруй компанийн 270 орчим нислэг өнгөрдөг. Жилд 80 мянга гаруй нислэгээр 20 сая гаруй зорчигч зорчдог байна. Үүнээс навигацийн 70 гаруй сая долларын олдог ажээ.
Сэтгүүлчид МИАТ-ийн алдагдалтай ажиллаж байгаа шалтгаан болоод тус байгуулагын шинэ бүтэц, зохион байгуулалтын талаар Зам тээврийн сайд А.Гансүхээс тодруулан асууж байлаа. МИАТ компани 1 тн шатахууныг 1700 ам.доллараар авдаг. Гэтэл дэлхийн дундаж үнэ 1100 доллар байгаа юм. Ийм өндөр үнэтэй шатахуун авч байгаа нь тус компанийг жилд 3 тэрбумын алдагдалтай ажиллахад хүргэдэг. Шатахууны хараат байдлаас гарах, бусад орноос шатахуун нийлүүлэх судалгаа хийгдэж байгаа гэсэн тайлбарыг сайд хийгээд МИАТ ХК-д үндэсний агаарын тээврийн статус олгож, 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгана гэлээ. Мөн тус компанийн шинэ удирдлага бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэл хийж байгааг дуулгалаа.
Нийт тээврийн хэрэгслийн 75 хувь нь “өндөр настай”
Манай улсад бүртгэлтэй 563887 тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 75 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байдаг. Хот хоорондын зорчигч тээврээр 51 аж ахуйн нэгж, 68 чиглэлд 1,8 сая зорчигчдод үйлчилдэг бол улс хоорондын тээврээр 2,4 сая иргэн үйлчлүүлдэг байна гэсэн мэдээллийг өглөө.
Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгож, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэн авто тээврийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах төв байгуулна гэж Зам, тээврийн сайд хэллээ. Олон улсын жишигт нийцсэн терминал төвийг Замын-Үүд, Алтанбулаг, Улаанбаатарт байгуулна гэдгийг ч мөн сэтгүүлчдэд танилцууллаа. Автотээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах, олон улсын стандартыг Монголд нутагшуулах зэрэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байгааг Зам тээврийн сайд А.Гансүх онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.