logo
УИХ-ын дарга З.Энхболд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

УИХ-ын дарга З.Энхболд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

2013/02/21

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.02.20/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон албаны хүмүүс байсан юм.

Хүн амын суурьшил ихтэй, хотын төвөөс алслагдсан гэр хороолол буюу  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад орсон  Канад технологиор баригдсан 170-р цэцэрлэгтэй танилцав. Тус цэцэрлэг нь  Баянхошууны зүүн салаа 104-р сургуулийн баруун талд байрладаг байна.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо 11 мянган хүн амтайгаас 2-5 настай 1025 хүүхэд байдаг аж. Эдгээрээс зөвхөн 140  нь л өнөөдөр тус цэцэрлэгт хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнан хэлэхдээ “Бид хорооныхоо үлдсэн 900 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Хорооны иргэдээсээ санал авахад нэмж 24-ийн бүлэг, яслийн бүлгүүдийг байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Канад технологийн модон барилга нь цаг хугацааны хувьд ч хүүхдийн эрүүл  ахуйн хувьд ч аль аль талаараа сайн. Энэ цэцэрлэгийн байраа 2011 оны 8 дугаар сард хундамыг нь цутгаад гурван сарын дотор угсараад дуусчихсан байсан. Манай цэцэрлэг 5800 орчим метр квадрат талбайтай. Дахин өргөтгөл бариулах, 620 хүүхдийн дунд сургуулийг бариулах хүсэлтээ гаргаад бүх судалгаа, материалаа холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн байгаа. Эндээ жижиг хэмжээний сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулчихвал Сонгинохайрхан дүүргийн бусад сургууль цэцэрлэгийн ачааллыг нилээд хөнгөлөх боломжтой болно. Гагцхүү газрын асуудлыг нэн яаралтай шийдэх шаардлагатай байна” гэлээ. Цэцэрлэгийн хувьд тохижилт сайн, халаалт нь ирчихсэн байсан юм. Энд өвлийн улиралд хүүхэд даарна гэдэг асуудал байдаггүй, дулаанаа тохируулах боломжтой юм байна. 360 сая төгрөгөөр баригдсан, 560 метр квадрат энэ байгууламжид 4 бүлэгт тус бүр 35 хүүхэд суралцаж, 26 ажилтан ажиллаж байгаа аж. Харин өргөтгөл барихаар товлосон газрыг яаралтай шийдэж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва нар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Учир нь 170 дугаар цэцэрлэгийн хашаанд 500 хүүхдийн цэцэрлэг барих боломжтой газрыг "Дэлхийн зөн" олон улсын байгууллага эзэмшилд байдаг байна.

Цэцэрлэгийн ажилчид гаднах орчноо сайхан тохижуулжээ. Сагсан бөмбөгийн талбай байгуулсан нь ойр орчмын залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь тусалдаг гэж байлаа.

УИХ-ын дарга З.Энхболд “ Энэ жил нийт 25 цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байгаа. Канад технологиор Нийслэлд анх удаа баригдсан цэцэрлэг ямархүү байдалтай байгааг өнөөдөр үзэхээр ирсэн. Маш дулаахан, тохилог, хүүхдэд таатай орчин бүрдсэн байна. Энэ онд баригдах цэцэрлэгүүдийг ийм технологиор барих бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна” хэмээгээд сургууль цэцэрлэг барих бүрдээ шинэ стандарт гаргах шаардлагагүй. Бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж чадахгүй гэхдээ аль боломжтой бүхнийг хийхийг зорьж байгаагаа илэрхийллээ.

Сонгинохайрхан дүүрэгт 44700 орчим хүүхэд байдаг. 26 сургууль, 57 цэцэрлэгтэй. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60, сургуулийн насны хүүхдүүдийн 76,8 хувь сургууль, цэцэрлэгт хамрагдсан. Одоогийн байдлаар 5 сургууль, 4 цэцэрлэрлэгийн барилгын ажил дууссан байна. Цаашид хөдөө орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг зохицуулж чадвал тус дүүргийн хэмжээнд 11 сургууль, 19 цэцэрлэг  нэмж барихад боловсролын асуудал шийдэгдэх талаар Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул тайлбарлаж байв.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо буюу Ханын материал орчимд баригдахаар шаваа тавьсан Хотын захиргааны барилгын газрыг үзсэн юм. Энэ нь хотын төв Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд төвлөрч, тэр хирээр иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, энэ орчмын үл хөдлөх хөрөнгөний үнэлгээ нэмэгдэх зэрэг маш олон давуу талтай болохыг УИХ-ын дарга онцолсон.

Дараа нь тэрээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгчид болох Говь, Буян зэрэг компанийн үйлдвэрүүдтэй танилцав.

 Говь ХК-ийн 30 жилийн түүхтэй үйлдвэр нь Монголын тэмээ болон ямааны 100% нарийн, тансаг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг.

Жилд дунджаар 800,000 төрлийн сүлжмэл болон нэхмэл эдлэл, 25 000 ширхэг оёмол бүтээгдэхүүн, 350,000м2 нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд худалдаалдаг. Өмнө нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ 100% экспортолдог байсан бол одоо нийт бараа бүтээгдэхүүнийхээ 50 хувийг эх орныхоо хэрэглэгчдэд хүргэн, жижиглэн болон бөөнөөр худалдаалж байна. Нью-Йорк, Токио, Лондон, Парис, Берлин, Хамбург, Брюссель, Москва, Сөүл зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй 20 гаруй хотуудын дэлгvvрийн лангууг "GOBI-Made in Mongolia" гэсэн шошготой ноолууран бvтээгдэхvvн чимж, "Говь"-ийн бvтээгдэхvvн нь дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлжээ. Жилд дунджаар 400 орчим тэрбум төгрөгний ашигтай ажиллаж байгаа бөгөөд төр засгаас нэмэлт дэмжлэг үзүүлвэл 3-6 жилийн дотор дээрх орлогыг 2 дахин өсгөх боломжтой гэдгийг тус компанийн захирал Ц.Баатарсайхан УИХ-ын даргад хэллээ.

Буян компанийн тухайд 3000 ажилтан ажиллах хүчин чадалтайгаас одоогийн байдлаар нэг ээлжээр 500 ажилчин ажиллаж байгаа юм байна. Ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс үйлдвэрийнхээ хажууд 140 айлын орон сууц барьж эхэлсэн байна. Нэг өрөө нь 30 метр квадраттай бөгөөд метр квадрат нь  500 мянган төгрөг байхаар тооцсон аж.

Буян компанийн захирал Б.Жаргалсайхан “Манай улс зөвхөн ноолуурынхаа үйлдвэрийг хөгжүүлж чадвал 40 мянган хүн ажилтай болж, сарын 300-500 мянган төгрөгийн цалин авах боломжтой. Энэ салбарт сүүлийн 20 жилд төр засгаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, татвараа л авч байсан. Одоо энэ салбар маш хүнд байдалтай байна. Хятадууд хамаг ноолуурыг татвар төлөлгүйгээр авч гарсан. Ноолуур угаах нэртэй үйлдвэрүүд бүгд хаагдсан.
Үндэсний хэдэн үйлдвэр л мөлхөж байна. Тиймээс хаврын чуулганаар юуны түрүүнд ноолуурын татварыг нэмэх хэрэгтэй. Мөн түүхий, самнасан ноолуурыг гаргахад татвартай болгож, харин бэлэн бүтээгдэхүүн цамц хийгээд гаргахад татваргүй байх ёстой. Тэгвэл Монголд ашиг орлого орж, олон хүн ажилтай болно. Говь, Буян, Ээрмэл, Гоёо гээд үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хөгжилтэй орны хэрэглэж байгаа техникийн түвшинд байгаа. Харин хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой. Ихэнх сүлжих машинууд компьютерийн удирдлагатай, автомат. Харамсалтай нь үүнийгээ тоохгүй байна. Ноолуурын үйлдвэрээ өргөтгөөд ажиллавал ноолууран бүтээгдэхүүн зуун хувь Монголоос экспортод гарч болох хөнгөн үйлдвэрийн ганц салбар” хэмээв.

 

Л.Жаргалмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш