logo
Сурах бичгүүдийг шинэчилнэ

Сурах бичгүүдийг шинэчилнэ

2013/02/22
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2009 оны 131 тоот тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зохиох, хэвлүүлэх түгээх журам" батлагдсан. Энэхүү журмын дагуу 2013-2014 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалт гарсан. Харин энэ удаа хэвлэх 6,11-р ангийн сурах бичгүүдийг урьдынхаас илүү боловсронгуй, хүүхдүүдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгохоор салбарын яам ажиллаж эхэлсэн байна.

Өмнө нь сурах бичгийг багш, хүүхдүүдзэрэг хэрэглэдэг байсан бол шинэ хичээлийн жилээс эхлэн багшид сурах бичгээ хичээлд хэрхэн ашиглах тухай агуулсан зөвлөмж ном дагуулж өгөх юм байна.Үүнд 6,11-р ангийн багш нарт болон биеийн тамирын багшид зориулсан ном багтаж байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан гурван сурах бичиг хэвлүүлнэ. Сурах бичгийг улам чанартай болгох, хэрэглэгчийн үзэл бодлыг тусгах үүднээс багш, судлаач, эцэг эх, иргэний нийгмийн төлөөлөл, олон нийтийг оролцуулсан зөвлөх баг гарган ажиллуулахаар тогтжээ. Зөвлөх баг нь шинээр боловсруулах хүүхдийн болоод багшийн номуудтай танилцаж дүгнэлт гарган сурах бичиг хийж байгаа багт өгнө. Номын зохиогчид салбарын яамтай байгуулсан гэрээний дагуу эцэг эх, багш, иргэний төлөөллөөс ирсэн саналыг тусган сурах бичгийг хэвлэж түгээх үүрэгтэй юм.

Шинэ хичээлийн жилд хэрэглэх сурах бичиг хийх багийг Боловсролын хүрээлэнгийн сонгон шалгаруулалтаар томилсон. Дээрээс нь Боловсролын хүрээлэн мэргэжил арга зүйн зөвлөл гарган давхар зөвлөгөө өгч ажиллахаар болсон байна. Ингэснээр сурах бичиг хийх баг, Боловсролын хүрээлэнгийн редакторууд, мэргэжил арга зүйн зөвлөл, сурах бичгийн зөвлөх баг гэсэн дөрвөн тал хамтарч сурах бичгийг илүү сайн, чанартай болгохоор зорьж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш