logo
Гэмт хэргийн улмаас хоногт 3 хүн амиа алдаж, 23 хүн гэмтэж байна

Гэмт хэргийн улмаас хоногт 3 хүн амиа алдаж, 23 хүн гэмтэж байна

2011/07/28
Цагдаагийн ерөнхий газар, ХЗДХЯ, Мөрдөн байцаах газраас хамтран 2011 оны эхний хагас жилийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Дээрх газруудаас хүчин, хүний амь насыг санаатайгаар бүрэлгэх, танхайрах зэрэг хэрэг өсөх хандлагатай байгааг анхааруулж байна. Монгол улсын хэмжээнд 2011 оны эхний хагас жилд 10116 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал гэмт хэргийн гаралт 2,4 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь Монгол Улсын 18-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 55 хэрэг ноогдож байна гэсэн үг аж. Нийт гэмт хэргийн 55,6 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Төв, Хэнтий, Завхан, Хөвсгөл зэрэг найман аймагт гэмт хэрэг өссөн бол 14 аймагт буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн гаралт өсчээ. Нийт гэмт хэргийн 40,6 хувь нь хөнгөн, 47 хувь нь хүндэвтэр, 9,8 хувь нь хүнд, 2,6 хувь нь онц хүнд гэмт хэрэг байна. Өнгөрсөн онтой харьцуулвал онц хүнд гэмт хэрэг 31,2 хувиар, хүндэвтэр гэмт хэрэг 2,3 хувиар, хөнгөн гэмт хэрэг 3,5 хувиар өссөн бол хүнд гэмт хэргийн гаралт 6,8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Гэмт хэрэгт 9273 хүн холбогдсоны 11,8 хувь нь эмэгтэй, 7,4 хувь нь хүүхэд, 63,7 хувь нь 18-34 насныхан, 57,8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байгаа бол 5,7 хувь нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байжээ. Нийт гарсан 10116 гэмт хэргийн 2302 нь согтуугаар үйлдэгджээ. Мөн хүүхэд оролцсон хэрэг 48,1 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 6,4 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоо 570 болсны дийлэнх нь 18-44 насны залуус ажээ. Өнгөрсөн онд буюу 2010 оны эхний таван сард гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоо 541 байсан юм. Харин гэмтэж бэртсэн хүний тоо 4058 болсон нь өмнөх оны мөн үеэс 22,7 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин гэмт хэргийн илрүүлэлт 58,1 хувьтай байгаагаас хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 52,4, хүндэвтэр гэмт хэргийнх 57,6, хүнд гэмт хэргийнх 74,2, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 90,5 хувьтай байгаа ажээ. Гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Хүний амь насыг санаатайгаар бүрэлгэх хэрэг 1,2 хувиар, бусдын биед зориудаар гэмтэл учруулах хэрэг 29,2 хувиар, хүчингийн гэмт хэрэг 2,1 хувиар тус тус өссөн бол булаах, хулгайлах, залилах зэрэг хэрэг буурчээ. Гэвч хулгайн хэрэг дотроо малын хулгай, халаасны хулгай, автомашиныг тонож хулгайлах зэрэг хэрэг өсч буйг иргэдэд анхааруулж байна. Өнгөрсөн хугацаанд хүн худалдах гэмт хэрэг 4 бүртгэгдсэн бол мансууралтай холбоотой хэрэг 9 бүртгэгджээ. Гэмт хэргийн 32,3 хувь нь гэр орон сууцанд үйлдэгддэг бол гудамж талбайд 14,4 хувь, олон нийтийн газарт 15, нийтийн тээвэрт 1,3, төрийн байгууллагад 2,3, төрийн бус байгууллагат 2,0 хувь нь гэх мэт газруудад үйлдэгджээ. Гэмт хэргүүд ажлын өдрүүдэд голдуу үйлдэгддэг бөгөөд 22.00-06.00, 14.00-19.00 цагийн хооронд гардаг гэдгийг иргэдэд анхааруулж байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас 14 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүний 6 тэрбумыг нь эргэн төлүүлжээ. Жич: Та бүхэн холбоотой мэдээнээс 2010 оны гэмт хэргийн нөхцөл байдалтай танилцана уу.

О.Ариунбилэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш