logo
Хятадууд тайван жагсаж байсан 20 гаруй уйгар иргэдийг хороожээ

Хятадууд тайван жагсаж байсан 20 гаруй уйгар иргэдийг хороожээ

2011/07/28
Өнгөрөгч долоо хоногт Хятадын Шинжаан Уйгарт лалын шашинтай уйгар үндэстнүүдийн зохион байгуулсан тайван жагсаалыг зогсоохоор цагдаагийнхан 20 орчим хүний амь насыг хороосон талаар мэдээллийн сайтуудаар нийтлэгдсэн байна. Шинжааныг эх нутгаа гэж боддог уйгарчууд хан үндэстнүүдийн үйлдэлд дургүйцлээ илэрхийлж ийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ.

Дэлхийн Уйгар үндэстний конгрессийн ерөнхий нарийн бичгийн дарга Долкун Иса “Хотан хотод болсон хүчирхийлэлд өртөж амь үрэгдсэн хүмүүсийн тоог гаргах нь маш хүнд асуудал бөгөөд бидний тооцоолж буйгаар цагдаа нарын гарт багаар бодоход 20 хүн амиа алдсан гэж байгаа боловч үнэн хэрэгтээ түүнээс ч их тоо гарна” гэж мэдэгдсэн байна.

“Энэ бол тайван жагсаал байсан. Гэтэл Хятадын цагдаа нар бөөнөөрөө гарч ирээд л гал нээсэн” гэдгийг тэмдэглэсэн байна. Долкун Исагийн мэдээлж буйгаар Хотан хотын төв захын ойролцоо 100 гаруй босогчид цугларчээ. Мөргөлдөөний үед амиа алдсан хүмүүсээс гадна 12 хүн хүнд шархдаж, 70 гаруй нь баривчлагдсан байна.

Хүний эрхийг хамгаалагч Эмнести Интернэйшнл байгууллага Хятадын эрх баригчид уйгарчуудыг байнга хавчиж эрх чөлөөг нь боогдуулдаг ба тэдний шашин шүтлэгийг дорд үзэн, уйгар хэлээр ярихыг нь хүртэл хориглодог гэж ихээхэн шүүмжилж байгаа юм.

Харин Хятадын эрх баригчид улсынхаа өөртөө засах орнуудад аль болох хөрөнгө оруулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж аль болох анхаарал хандуулдаг гэсэн боловч үндэсний цөөнхийн шашин, хэл боловсрол, улстөрийн эрх чөлөө болон  хүний эрхийн асуудлын талаар ямар ч хариулт өгөөгүй байна.

Их Британи дахь Шеффилдийн их сургуулийн Зүүн Азийн сургуулийн эрхлэгч, Хятад судлаач профессор Занг Зиаовэй “Хятадын засгийн газар хамаг хүчээ дарамт шахалтанд зориулдаг” гээд “ихэнх уйгарчуудын соёл, шашны эрх чөлөөнд аюул заналхийлж байгаа гэж баруунд байдаг Хятадын олон судлаачид үздэг. Гэвч үүнийг батлах ямар нэгэн ноцтой нотолгоо гарч ирэхгүй байгаа нь харамсалтай” гэжээ.

А.Цацрал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш