logo
“11 11 төв”-д бүтээлч санал ирүүлсэн иргэдийг Ерөнхий сайд өглөөний цайнд урив

“11 11 төв”-д бүтээлч санал ирүүлсэн иргэдийг Ерөнхий сайд өглөөний цайнд урив

2013/02/23

Олон нийтийн оролцоог дэмждэг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Засгийн газрын “11 11 төв”-өөр дамжуулан Ерөнхий сайдад саналаа уламжилсан иргэдийн төлөөллийг баасан гарагийн өглөө хүлээн авч уулзан санаа бодлыг нь сонслоо. Дарга ярьж иргэд сонсдог байсан бол одоо иргэд ярьж, дарга сонсч байгаад баяртай байна гэж Сэлэнгэ аймгаас ирсэн О.Цэрэннадмид гуай хэлснээр уулзалт эхэллээ. Сүүлийн гурван жилд хүчээ авсан орон сууцны үнийн хөөрөгдлийг сааруулахад нэмэрлэх саналаа “11 11 төв”-д илгээж байсан иргэн Х.Хишигбат материалын үнэ ихээр нэмэгдсэн нь орон сууцны үнэ өсөх үндсэн шалтгаан болж байна гэлээ. Цементийн үнэ гэхэд жилд 30 гаруй хувиар өсч байгаа нь зах зээлийн жам ёсных бус, энэ салбарт бизнес эрхлэгчдийн үгсэн хуйвалдалтын үр дагавар гэж тэр үзэж байна. Иймд Засгийн газраас нийслэлд хоёр цэгт цемент борлуулах төв байгуулан хямд үнээр арилжаалж ченжүүдийн зохиомол үнийг буулгах, үүний зэрэгцээ нийлүүлэгчидтэй тохиролцож хатуу үнэ, хатуу хуваариар бүтээгдэхүүнээ нийлүүлдэг зохицуулалт хийх хэрэгтэй байна гэлээ. Шинэчлэлийн Засгийн газар зөв зохион байгуулалт хийж нүүрсний үнийг хоёр дахин бууруулсан жишгээрээ энэ асуудлыг ч шийдэх боломжтой гэж тэрбээр үзэж байна. 

Нягтлан бодогч мэргэжилтэй иргэн Ө.Даланжаргал Засгийн газраас гаргасан Чингис бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулах асуудлаар саналаа хэлсэн юм. Тэрбээр бондын хөрөнгөөс иргэддээ зээл олгож, эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилттой холбогдуулан иргэн О.Цэрэннадмид нэн даруй хэрэгжүүлэх боломжтой санал хэллээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд амьдардаг тэрбээр орон нутгийнхаа ажилгүй, орлогогүй залуусыг мэргэжлийн сургалтад хамруулан өндөр цалинтай ажилд оруулж байгаа аж. Энэ ажлын хүрээг төрийн бодлогоор өргөжүүлж, гадаадын мэргэжилтнүүдийг орлохуйц өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэг цалинтайгаар бэлтгэн гаргах боломжийг тэрбээр танилцууллаа. Энэ ажилд төрөөс ямар нэгэн төсөв санхүүжилт шаардагдахгүй, зөвхөн зохих зөвшөөрөл, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг нэмж тодотголоо. 

 

Насаараа багшилсан спортын мастер И.Дэлгэрсуурь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийн чухлыг онцолж, энэ нь эрүүл мэндийн салбарт өндөр ачаалал үүсгэдэг бэрхшээлтэй асуудлыг анхан шатанд нь шийдэх томоохон түлхэц болохыг хэллээ. Нийтийн биеийн тамир хөгжүүлэхэд зориулсан төсөв хөрөнгө Засаг дарга нарт байдаггүй учир энэ ажил орхигдсон. Иймд эхний ээлжинд хороо бүрт биеийн тамирын арга зүйч ажиллуулж, тэднээр дамжуулан өдөр тутам дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх орчинг иргэдэд хамгийн ойр дөт байдлаар бүрдүүлж өгөх хэрэгтэйг санал болголоо. 

Утаагүй түлш үйлдвэрлэлийн салбарт олон жилийн хөдөлмөрөө зориулж буй иргэн Ж.Чулуунбат цөөхөн хэдэн жижиг үйлдвэр утааны асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадахгүй байгаа тул дэвшилтэт технологийн жижиг үйлдвэр маш олныг гаднаас оруулах шаардлагатай байна гэлээ. Загвар зохион бүтээгч С.Ариунаа Монголын брэндийг дэлхийд гаргахаар Ariuna Suri компанийхаа хийсэн ажлыг танилцуулж, дэмжлэг хүслээ. Германд суралцаж, нэр хүндтэй брэнд үйлдвэрлэгч компанид олон жил ажиллаад ирсэн залуу загвар зохион бүтээгч тэрбээр салбартаа үнэлэгдэж, ирэх сарын дундуур Японы Токио хотноо болох Mersedes Benz Fashion week загварын шоунд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Энэ нь дэлхий даяар түгсэн томоохон брэнд бүтээгдэхүүнүүдийг л оролцуулдаг, үүний зэрэгцээ урлаг соёлын одод, бизнес эрхлэгчид, сүлжээ дэлгүүрийн эзэд, хэвлэл мэдээллийнхнийг нэг дор цуглуулдаг олон улсын том арга хэмжээний нэг аж. Монгол Улсын хувьд ийм өндөр зэрэглэлийн арга хэмжээнд оролцож байгаа анхны тохиолдол бөгөөд үндэснийхээ брэнд бүтээгдэхүүнийг дэлхий даяар сурталчлах өргөн боломж нээгдэж байгааг тэрбээр тодотгож байв.   

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийх ажил юм. Томоор хэлбэл улс орныхоо, багаар бодвол өөрийнхөө өмнө тулгарч буй асуудлыг богино хугацаанд үр дүнтэй шийдэж болох арга замын талаар сэтгэл гарган ярьж танилцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Бид иргэдийхээ тооцоо судалгаатай, бүтээлч санал санаачилгыг ямагт дэмжин ажиллах болно” гээд зарим асуудлыг судлан үзэж танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.       

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш