logo
Төв аймагт дэд бүтэц хөгжихгүй байна

Төв аймагт дэд бүтэц хөгжихгүй байна

2013/02/23
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ  тэргүүтэй Хөдөлмөр, Эрүүл мэнд, Хүн амын хөгжил, нийгэм хамгаалал, Боловсрол, шинжлэх ухаан, Соёл, спорт, аялал жуулчлалын яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон газар, хэлтсийн дарга нараас бүрдсэн ажлын хэсэг /2013.02.22/ Төв аймагт ажиллалаа. УИХ-ын 2012 оны намрын чуулган завсарласан энэ хугацаанд З.Баянсэлэнгэ гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэгдэж батлагдсан хууль, тогтоолыг сурталчлах, шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зарим биелэлттэй танилцах зорилгоор Зуунмод хотод ажилласан юм.

   Тэрбээр эхлээд аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нартай уулзаж хийж хэрэгжүүлж байгаа ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил болоод дараа дараагийн төсөвт нэн даруй тусгуулах шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын талаар санал солилцлоо.  

     Намрын чуулганаар хэлэлцэж батлагдсан гол хуулиудын нэг нь Ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөж тооцох тухай хууль. Энэ хууль батлагдсанд Төв аймгийн иргэд баяртай байгаагийн зэрэгцээ ажилласан жил, нийгмийн даатгалаа нөхөж тооцуулахаар одоогийн байдлаар 400-гаад иргэн бүртгүүлээд байгаа талаар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ү.Батчулуун ярьж байсан. Аймгийн хэмжээнд нийтдээ 17 мянга гаруй иргэн энэ хуулийн үйлчлэлийг хүртэнэ гэсэн судалгаа гаргажээ. Гэхдээ хуулийн хүрээнд ажилласан жил, нийгмийн даатгалаа нөхөж тооцуулах иргэдэд баримт бичгээ бүрдүүлэх зэрэгт хугацаа шаардлагатай байна гэдгийг Ү.Батчулуун дарга дурдаж улмаар хуулийн хугацааг сунгуулах боломж байгаа эсэх хүсэлтийг УИХ-ын гишүүнд тавьж байлаа.

   Төв аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд өсч байгагийн хэрээр цэцэрлэгийн насны хүүхдийн тоо ч  өсөх болсон байна. Тиймээс аймгийн хэмжээнд 3 цэцэрлэгийн байр шинээр барих шаардлагатай байгааг боловсролын салбар хариуцсан хэлтсийн дарга мөн ярьж байв. Түүнчлэн сурагчдын үдийн цай бэлтгэх тоног төхөөрөмж бүхий гал тогооны асуудал сургуулиудад хүндрэлтэй байгааг З.Баянсэлэнгэ гишүүнд дуулгалаа. Одоогоор сурагчдын дотуур байранд үдийн цайг бэлтгэдэг ч байрны хүүхдүүдийн өдрийн хоолыг бэлтгэх ажилтай давхацдаг нь үдийн цай чанаргүйдхэд хүрдэг байна.

    Төв аймагт энэ сарын байдлаар 2600 гаруй ажил хайгч, 1000-аад ажил олгогч Хөдөлмөрийн төв биржийн нэгдсэн баазад бүртгэгджээ. Ажил хайгчдын 1000-аад нь идэвхитэй ажил хайдаг байна.  Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай орлоготой-Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  зорилгоор  ажил олгогч, ажил хайгч иргэдийн хоорондын холбоо, цаг хугацааг хэмнэсэн хөдөлмөрийн электрон биржийг Иргэний танхим болон Зуунмод сумын Тамгын газрын байранд байрлуулан ажиллуулж эхэлжээ. Иргэний танхимыг шинээр байгуулсан Зуунмод хотын удирдлагууд удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байгаагаа УИХ-ын гишүүнд мөн ярьж байлаа. Түүнчлэн шинийн найманд ноос,  утас ээрэх шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан байна. Мал аж ахуйн түүхий эдээр баялаг Төваймагт энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор давууны үйлдвэр мөн нээн ажиллуулахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ орон нутгийн 500-гаад иргэнийг ажлын байраар хангах бололцоо бүрдсэн гэдгийг Аймгийн Засаг дарга Б.Баярбат ярьж байв.

   Төв аймаг энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. Гэвч ойгоо тэмдэглэх олигтой театргүй болсон  талаар орон нутгийн удирдлагууд болоод “Монгол Туургатан” театрын захирал Д.Хишигбаяр ярилаа. “Монгол туургатан” театрын  барилга 1952 онд анх ашиглалтад оржээ. 2006 онд уг театрын барилгыг акталсан боловч өнөөг хүртэл шинэ театрын барилгын ажил баригдахгүй байгаагаас уран бүтээлчид өмөрч унасан шал, таазтай театртаа уран бүтээлээ туурвисаар байгаа юм байна. Уран бүтээлчдийн хувьд цалин бага, тоглолт хийх гэхээр Улаанбаатартай ойрхон учир нутгийн иргэд үздэггүй, тоглолт хийлээ гэхэд тасалбарын үнэ хямд байх шаардлагатай болдог гээд бэрхшээл олон байгааг З.Баянсэлэнгэ гишүүнийг “Монгол туургатан” театрын барилгын байдалтай танилцах үеэр ярьж байсан. Тус аймгаас төрсөн МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн гээд цөөнгүй гавъяат аймгийн театртаа ажилласаар байна. Ахмад уран бүтээлчид “Тэтгэвэрт гарахад 36 сая төгрөгийн тэтгэмж өгдөг байсан уламжлалыг үргэлжлүүлэх, холбогдох хуульд өөрчлөлт оруулах асууудалд анхаарал хандуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд тавьж байлаа.

  Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд мөн л  барилга, эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлууд хүндрэлтэй байгаа талаар парламентын гишүүнд ярилаа. 1984 онд анх хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдсан барилга нэгдсэн эмнэлгийн өргөтөл болсон юм байна. Үүнээс болж хүүхдийн эмчилгээний өрөө, тасаг хүрэлцдэггүй. Нярайн эрчимт эмчилгээний тасгаар З.Баянсэлэнгэ гишүүнийг ороход хүүхэд хэвтэх 5 орноос өөр олигтой тоног төхөөрөмж байхгүй байлаа.  Ер нь Төв аймаг Улаанбаатарт ойр гэдгээр дэд бүтэц, төсөвт байгууллагын шинэ барилгын асуудал дандаа орхигдож ирсэн талаар аймгийн удирдлагууд ярьж байсан юм. Хамгийн наад захын жишээ гэхэд аймгийн театр, эмнэлгийн шинэ барилгын асуудал шийдэгдэхгүй, шаардлагатай хөрөнгө төсөвт тусгагдахгүй, зөвхөн засварын мөнгө төсөвлөгдсөөр ирсэн байна. Түүнчлэн эмнэлэгт ирдэг зарим тоног төхөөрөмж ажиллагаагүй, ажилласан ч хэдхэн сарын дараа эргэж засал авахааргүй эвдэрдэг муу төхөөрөмж ирж байгаа талаар эмч мэргэжилтнүүд ярьж байсан юм.

   Ийнхүү Зуунмод хотод бүтэн өдөр ажилласан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ тэргүүтэй ажлын хэсэг нутгийн удирдлагуудаас тавьсан санал, хүсэлтийг анхааралдаа авсны зэрэгцээ шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгуулах талаар ажиллана гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш