Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станцыг барих газрын байршлын талаархи товч танилцуулгыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц барих газрын байршил, хэмжээг сонгосон бөгөөд энэ газар нь Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “Ургах наран” хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газар юм. Энэхүү газрыг дулааны цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яамд газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаж баталгаажуулах учиртай.
Энэ байршилд өмнө нь “Льюкс Нью Проперти Солюшн” ХХК газар эзэмшиж байсан бөгөөд тухайн компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 729 дугаар захирамжаар хүчингүй болгожээ. Мөн энэ байршлыг Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтаж байгаа, болон Улсын дархан цаазат Богдхаан уулын ойролцоо байгаа тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж Засгийн газрын дээрх тогтоолд тусгасан байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудалтай танилцаад, НИТХ-ын 2012 оны 9 дүгээр сард гарсан ундны усны эх үүсвэрийн тэжээлийн мужид газар олгохыг хориглосон. Тиймээс энэ газарт дулааны цахилгаан станц барих зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо эхлээд холбогдох газруудаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тэрхүү үнэлгээг үндэслэн газар эзэмшүүлэх эсэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргах нь зүйтэй гэж үзлээ.