Тус төвд нийт 190 гаруй хүүхэд хүмүүжиж байгаагаас өнөөдрийн арга хэмжээнд 102 хүүхэд ирсэн юм. Учир нь үлдсэн 80 гаруй нь 0-2 насныхан аж.
Анх 1974 онд "Асрахын цэцэрлэг" нэртэйгээр байгуулагдаж, 1979 онд Хүүхэд асран хүмүүжүүлэх төв болж байсан бол 2013 оны нэг сараас эхлэн хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв хэмээн нэр болон бүтэц, зохион байгуулалтаа өөрчилжээ.
Одоогоор 600 гаруй хүүхдийг төгсгөн гаргаж, дотоодын хийгээд Энэтхэг, Герман, Америк, Франц, Хятад зэрэг улсад их, дээд сургуульд амжилттай суралцуулсан байна. Энэ жил тус төвийг таван хүүхэд төгсөнө. Мөн Өвөр Монголын өөртөө засах орны /ӨМӨЗО/ монгол үндэстний их сургуульд 14 хүүхэд суралцаж байгаа ажээ.
УИХ-ын НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ энэ үеэр хэлэхдээ “Намрын чуулганы хугацаанд ажлын хэсэг гарч хүүхэд асран хүмүүжүүлэх төв, хүүхдийн хорих, эмэгтэйчүүдийн хорих ангиудаар явж, нийгмийн болон бусад тулгамдсан олон асуудлыг шийдэх, тэдгээрийг төрийн бодлогод тусгах арга хэмжээ авч ажилласан. Хүүхдийн эрхийг зөрчсөн байдаг багагүй байдаг нь ажиглагдаж байсан. Хүүхэд нийгэмд гараад амьдрах чадваргүй, нийгмийн үйлчилгээг хаанаас яаж авах, тэр бүү хэл ямар автобусанд сууж хаана хүрэхээ ч мэдэхгүй хүүхэд олон байна. Тиймээс өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хүүхдүүддээ кино үзүүлж байгаа юм. Өчигдөр /2013.02.22/ бид гадны хөрөнгө оруулалттай асрамжийн газартай танилцлаа. 2009 онд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь дууссан байхад гадны хоёр гэлэнмаа 22 хүүхдийг асрах нэрээр хүүхдийн эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байгааг харлаа. Төр засаг өнгөрсөн хугацаанд Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа хаясан, хайхралгүй орхисон нь харагдаж байна. Цаашид хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдээ бүртгэх, эцэг эх, асран хамгаалах хүнтэй эсэх талаар судалгаа явуулж, бүтэн өнчин хүүхдүүдээ нийгэмшүүлэх, амьдрах чадварт сургах талаар анхаарч ажиллана” гэв.
Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийнхөн 2013 оныг “ Бүтээн байгуулалт – орчноо сайжруулах” жил болгон зарлажээ. “Бид нэн тэргүүнд хүүхдүүдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх үүднээс энэ жилээс эхлэн гэр бүлд түшиглэсэн хувилбарт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байна. Хүүхэд үрчлэх хүсэлт тавьсан гэр бүлтэй нягт хамтран ажилладаг. Багануур дүүргийн нэгэн гэр бүл манай төвөөс 11 настай хүүг өргөж авсан. Одоо тэр хүү маань гэр бүлтэй болоод Багануур дүүрэгт амьдарч, сургуульд сураад явж байна. Эцэг эхтэй нь байнгын холбоотой байдаг. Саяхан бид гэрт нь очиж, уулзаад ирсэн” хэмээн тус төвийн захирал Б.Бурмаа хэллээ.
Ер нь хүүхэд асран хүмүүжүүлэх төвөөс төгсөн гарсан хүүхдүүдэд шууд ажиллах ажлын байр, орон сууцнаас эхлүүлээд бэрхшээл мундахгүй. Тиймээс тус төвийнхөн дамжин өнгөрүүлэх нэг өрөө бүхий дөрвөн байрыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Тус дамжин өнгөрүүлэх байранд 16 хүүхэд амьдрах боломжтой ажээ.
Хүүхдүүд кино үзсэний дараа НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгийн хамт Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж, Их Эзэн Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг татууллаа.
Л.Жаргалмаа