logo
Сархадыг хаясан “бүргэдүүд”

Сархадыг хаясан “бүргэдүүд”

2013/02/26
Хөдөөний залуус нийслэлд иржээ. Арьс шир, мал мах төдийхөн борлуулж атга гурил, будаа, ам даавуугаар арилжаад буцах гэж тэд Улаанбаатарыг зорьсонгүй. Амьдралдаа алдсан алдаагаа сэгсэрч хаяад аав ээждээ ачлалт хүү нь, ханьдаа нөмөр түшиг нь, үр хүүхэддээ авралын дээд аав, сум орондоо бол ажилтай төрөлтэй иргэн нь болоод буцахаар нийслэлд хөл тавьжээ. Тэр зорилгоо ч биелүүлээд маргааш нутаг буцах гэж байна.
“Сайн нэрийг хүсэвч үл олдох, муу нэрийг хусавч үл арилах” гэдэг үг ул болон хуучирсныг Төв, Дундговь, Дорнод аймгаас ирж савнаасаа бусдыг дийлдэг сархадыг хаяж болдгийг үзүүлсэн залуус харууллаа. Гурван аймгийн 31 залуу нийслэлд ирж “Архигүй Монгол” сүлжээний Соён гэгээрүүлэх ажлын баг, Эрүүл идэвхтэй амьдрал клубын Ерөнхий үйлчилгээний төв, Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдан бор дарснаас татгалзаж эрүүл амьдралд хөл тавихад бэлэн болоод байна.
 
Тэд сархдаас татгалзах бэлтгэлээ эртнээс эхэлж өнөөдөр цоо эрүүл иргэд болоод байна. Сургалт өндөрлөхийн өмнөх өдөр залуус Төрийн ордонд зочилж, Төрийнхөө есөн хөлт цагаан тугны өмнө эрүүл саруул аж төрөхөө андгайлаад Иргэний танхимаар орж сэтгэлийн үгээ хэлцгээлээ. Монгол эрчүүдийн сүлд хийморийг гундааж, ажил төрөлгүй, ар гэргүй болгож байгаа муу нэрт идээг бүрмөсөн орхиж буйгаа тэд хэлж байв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа Монголд эрчүүд цөөхөн байгаагийн шалтгаан нь залуус  БНСУ-ыг ажиллах хүч болон зорьж, алдаж эндсэн нь шоронд орж, багагүй хэсэг нь архинд толгойгоо мэдүүлснээс үүдэлтэй гэж залуустай уулзахдаа хэллээ. Гэхдээ байдал сайнаар эргэж эрчүүд эрчүүддээ тусалдаг, зовлон бэрхшээлийг нь сонсч, сэтгэлээ хуваалцаж, эрүүл саруул амьдралд ороход нь дэм үзүүлдэг болжээ. Архинаас түрүүлж татгалзсан нэг нь сархдад толгойгоо мэдүүлсэн бусад нөхдөдөө зовлонгоос гэтлэхэд нь туслан буруу хэв зуршлаас нь салгадаг болсон байна. “Донгоосоо сална гэдэг сайхан. Ийм эрчүүдийг “бүргэдүүд” гэдэг. Эрчүүд архинд толгойгоо мэдүүлж амьдралаа алдах цагт хамгийн их шаналж зовдог нь гэргий, хүүхдүүд, эцэг, эхчүүд нь. Бид шинэ хуулийн төсөл боловсруулж найман нэрийн бүтээгдэхүүний дэлгүүрээс архийг салгах гэж байна. Хүүхэд дэлгүүрт талх, чихэр авах гэж ороод архи харж, түүнийг авах ёсгүй. Архины үйлдвэрийн тоог цөөлж, тусгай лабораторитой болгоно. Архи борлуулдаг сүлжээ. баар, үйлчилгээний газрууд цагийн хязгаартай, үйлчлүүлэгчдийнхээ бичиг баримтыг шалгадаг байх арга хэмжээг авна. Эрчүүд эрчүүддээ тусалж буруу зуршлаас салгах ажлыг санхүүжүүлнэ.
Архи хэрэглэхээс гадна хүндэтгэсэн хүндээ архи бэлэглэдэггүй байя. Хайртай хүндээ архи бэлэглэх ёсгүй. Хүүхдийн дэргэд архи уухгүй байя. Хүүхдийн дэргэд арихи ууснаар хөвгүүд том болоод аавыгаа дуурайж архинд орно. Охид архи балгадаг эртэй суухаас эмээхгүй болно. Ингээд муу зуршил цааш удамшина.
 
Төрийн байгууллагууд архигүй болж байна. Архинаас гарсан хүн гэр бүлдээ, орчин тойрондоо аз жаргал авчирдаг. Архинаас гарч зовлонгийн үрийг таслах ёстой” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар “Дундговийн залуус архинаас татгалзаж үлгэр жишээ үзүүлж байна. Өмнөговь, Ховд аймаг, Улаанбаатарын зарим дүүрэгт ийм хөдөлгөөн өрнөж байна. Цагаан сараар архины хэрэглээ эрс багасч, архинаас үүдэлтэй гэмт хэрэг буурчээ. Архинаас татгалзсанаар ажил төрөлтэй болдог. Салсан гэр бүл эргэж нийлдэг. Амжилттай болсон сайн жишээ олон байна” гэж байв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Баатархүү “Архигүй орчин бий болгохын тулд архитай тэмцэх биш хүний ухамсартай ажиллах нь чухал. Архийг хүн уухаас биш хүний ам руу архийг албаар цутгадаггүй. Архинаас болж хань ижил, үр хүүхэд нь зовдог. Архинаас татгалзаж эрүүл саруул амьдарна гэдэг бол сэтгэлийн, чин зүрхний, амьдралын хамгийн том бэлэг юм” гэж Иргэний танхимд хүрэлцэн ирсэн залууст хэллээ.
 
Архинаас татгалзаж буй нөхдөө төлөөлж Төв аймгийн Архуст сумын иргэн Д.Бат-Эрдэнэ сэтгэлийн үгээ хэлсэн юм. Тал талаас цугларч архинаас татгалзах сургалтад хамрагдсан залуус ижил зовлонтой байснаа сэтгэлээ уудлан ярьсан байна. “Сургалтад хамрагдсан залуус эхний өдөр зөв сууж анхаарлаа төвлөрүүлж ч чаддаггүй байсан бол хоёр дахь өдрөөсөө тогтвортой зөв сууж, улмаар хүний үг сонсч анхаарлаа төвлөрүүлж сурсан. Архинаас гарч байгаагаа аав нь телевизээр ярьснаас хойш хүүхэд ичиж зоволгүй хичээлдээ явж, ач маань утсаар баяр хүргэсэн. Эхнэр маань усанд орж цэвэрхэн сайхан хувцаслаад Төрийн ордонд ороорой гэж захисан. Архинд “үгүй” гэж хэлж сурцгаая” гэж тэрбээр Монголынхоо залууст уриаллаа.
 
Үнэтэй эм авч угаад ч, лам, бөө дээр очиж арга чарга хийлгээд ч бор дарснаас холдож чадахгүй зовж байсан эрчүүд сэтгэл заслын эмчилгээ хийлгэж, сургалтад сууж, өөр хоорондоо зовлон жаргалаа ярьж сэтгэлээ нээлцэн сархадаас бүрмөсөн салах замдаа оржээ.
 
Хамгийн олуулаа архинаас татгалзсан Дундговийн Дэлгэрхангай суманд гэхэд цагаан сараар халамцуу хүн харагдаагүй гэнэ. Бүр хорхой нь хүрсэн нэг нь үдшийн бүрий тасарсан хойно амьтан хүнээс нуугдан байж гэрээс гарч аяга тагш юм олж хүртсэн, түүнээсээ ичсэн гэх.
 
Тун удахгүй гуравдугаар сарын 8, Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болно. Энэ өдрийн маргааш буюу гуравдугаар сарын 9-нд Дундговийн Дэлгэрхангайн архинаас бүрмөсөн татгалзсан есөн залуу есөн ээждээ очиж сархадыг хаясан тухай сайхан мэдээ дуулган баярлуулна гэдгээ зарлалаа.
 
Залуус архинаас татгалзаж эрүүл амьдралд эргэн ирж байгаа тухай сайн мэдээ өдрөөс өдөрт улам олон дуулдах боллоо. Сархадыг хаясан “бүргэдтэй” баг, сум улам олшрох төлөвөө олжээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш