Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай шинэ хуулиар орон нутгийн өөрөө мэдэж зарцуулах хөрөнгө 2,5 дахин нэмэгдсэн байна. Орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр төсвийн зарцуулалтад хяналт тавих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шууд ардчилалыг хэрэгжүүлэх, ИТХ-ыг чадавхижуулж Үндсэн хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэх цаг болсон гэдгийг Парламентын тэргүүн илтгэлдээ дурдаж байсан. Түүнчлэн иргэдэд шууд зар, мэдээллийг хүргэх нь шууд ардчиллыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэдгийг онцоллоо. Цахим хуудсаар төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод, нээлттэй байхын зэрэгцээ “Багийн хурал болно” гэсэн зар биш Багийн хурлаар юу хэлэлцэх гэж байгаа, асуудал нь ямар ач холбогдолтойг дурдсан мэдээлэл тавьж байх нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж байв.
Төсвийн тухай хуулийг хэлэлцэж батлахдаа иргэдийн саналд тулгуурлаж байх болсон тул хуулийн цаглабарыг баримталж байх үүргийг УИХ-ын дарга З.Энхболд сургалт зөвлөлгөөнд оролцогсдод мөн санууллаа. Тодруулбал, тухайн жилийн наймдугаар сараас хойш төсөвт санал авахгүй учир одооноос төсөвт тусгуулах хөрөнгө оруулалт, иргэдийн саналыг авч ажиллах хэрэгтэйг дурдав.
2013 оныг “Шууд ардчилал, иргэдийн оролцооны жил” болгосонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Шууд ардчилал-Иргэдийн оролцоотой төсвийн менежмэнт" үндэсний сургалт, зөвлөгөөнийг Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ хамтран зохион байгуулж байгаа юм. Тус зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч Г.Батхүү оролцож “Иргэдийн оролцооны асуудлыг боловсронгуй болгох тухай” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр, шууд ардчилал нь төр, засгийн бүхий л түвшинд ажиллаж буй удирдлагууд ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусган төрийн бодлого, мэдээлэл, үйлчилгээг цаг тухайд нь шуурхай хүргэхээс эхлэлтэй. Харамсалтай нь өнөөдөр шууд ардчиллын энэхүү гол зарчим бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна гэдгийг онцоллоо.
Орон нутгийг хөгжүүлэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, намаар талцах бус манлайлагчаа удирдагчаар сонгодог боломжийг бүрдүүлэхийн тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай аж. Тиймээс Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай бусад хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа Г.Батхүү гишүүн дуулгалаа. Түүнчлэн шууд ардчиллыг хамгаалж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг улам бэхжүүлж, түүнд иргэдийн оролцоог дэмжих үүднээс Орон нутгийн санал асуулгын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж батлуулахаар ажиллаж байгаагаа дурдлаа.
Түүнчлэн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын уйл ажиллагааг зохицуулах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, орон нутгийн хөгжилд тэдний оролцоог дэмжих эрх зүйн зохицуулалт өнөөдөр тодорхойгүй, хэрэгжилт нь хангалтгүй байгаа. Тухайн орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх дараалал, боломжийг нутгийн ард түмэн л хамгийн сайн мэднэ. Тиймээс тэдэнд санхүүгийн болон эрх зүйн боломжийг олгосноор хамгийн сайн үр дүнд хурэх нь ойлгомжтой. Үүний тулд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай юм. Тухайлбал, иргэдийн оролцоо нь “үүрэг” биш "эрх" учраас Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ийм агуулгаар шинэчлэх хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.