Хуульд оруулсан өөрчлөлтөөр баар, цэнгээний газар, зочид буудлын нийтийн танхим, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, хонгил, цахилгаан шат, албан байгууллагын ажлын байрны дотоод орчин, автобусны буудал, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчим тамхи татахыг хориглосон. Мөн баар, цэнгээний газар, интернэтээр худалдах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр дотор тамхи худалдахыг хориглоод байгаа.
Хэрэв эдгээр тамхи татахыг хориглосон газруудад тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөгөөр, албан байгууллагад бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм. Засгийн газрын тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын нэгж, эрх бүхий албан тушаалтан нь Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэж заажээ.