Шууд ардчилал - Иргэдийн оролцоо бол манай орны хөгжил дэвшил, аюулгүй байдлын дархлаа, баталгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран “Шууд ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалт-зөвлөлгөөн өнөөдөр төрийн ордонд зохион байгуулж, манай улсын нийт аймаг, сумын болон нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нар оролцлоо.
Сургалт-зөвлөлгөөнийг УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар нээж, олон илтгэгч иргэдийн оролцооны эрхзүйг боловсронгуй болгох, шууд ардчилал, иргэдийн оролцооны бодлогын баримт бичиг, загвар төсөл, цахим санал асуулга, зайны сургалт, иргэдийг оролцоог “Иргэний танхим”-аар дамжуулан хангах, орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах жишиг стандарт, нийтийн зар мэдээ түгээх журам, сумын болон орон нутгийн хурлын дүрэм, орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоотой худалдан авалт, шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжих үндэсний хөтөлбөрийн зэрэг асуудлаар ярив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сургалт зөвлөлгөөнийг хааж үг хэллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Энд уран цугласан та бүхний түмэн амгалан айлтгаж саяхан болсон орон нутгийн сонгуулийн үр дүнд иргэдийн хурлын удирдлага, Засаг даргаар сонгогдсонд болон цаашдын тань ажилд амжилт хүсч, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг ерөөе.
Иргэний оролцоо, иргэний боловсрол
Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд иргэдийн оролцоо, иргэний боловсролтой холбоотой зарлиг, захирамж гаргасан байдаг. Энэ чиглэлээр хоёр том ажил хийж байна. Нэгд иргэний боловсролтой холбоотой асуудлаар манай дунд сургуулиудад нэгдүгээр ангиас авахуулаад хичээл ордог боллоо. Ер нь иргэн хүн гэж хэн юм, Монгол Улсад төрсөн хүүхэд өөрөө ямар эрхтэй юм, Монгол гэж ямар улс орон юм, ямар түүхтэй, ямар уламжлал, ёс заншилтай юм гээд бүх мэдээллийг бүр багаас нь зааж, монгол хүн болгон төлөвшүүлэхийг зорьж байна. Монголынхоо уламжлал, ёс заншлыг мэддэг, монголоороо бахархдаг, монголдоо хайртай, монголынхоо төлөө зүтгэдэг болно гэдэг сайхан юм шүү. Дээр нь байгаль орчинтойгоо монголчууд хэрхэн яаж харьцдаг байсан тухай бас зааж байна. Энэ хичээлийн 1-5 дугаар ангийн сурах бичиг хэвлэгдээд багш нар нь бэлтгэгдээд ажил болоод явж буйд би хувьдаа баяртай байна. Хоёр дахь нь иргэдийн оролцоо, шууд ардчилалтай холбогдсон ажил. Өнөөдрийн энэ сургалтаас та бүхэн тодорхой санаа авч байгаа байх гэж бодож байна. Та бүхнийг өнөөдөр өдөржингөө л телевизээр харууллаа. Юун тухай сонсож байгааг сум, аймаг, дүүрэг, хорооны чинь иргэд харж байгаа. Тэгэхээр энд сонссон зүйлийнхээ дагуу хамгийн түрүүнд энэ ажлыг орон нутагтаа очиж хийхийг та бүхэнд зөвлөж, тусалж байгаа юм шүү дээ. Энд зүгээр нэг зөвлөгөө сонсоод нутагтаа очоод 3 хоногийн дараа мартдаг байж болохгүй.
Журамтай, дүрэмтэй, хуультай болгоод өгч байна
Монгол Улсад өнгөрсөн 4 жилд нэлээд өөрчлөлт дэвшил гарсан байх. Хамгийн гол дэвшил болох иргэдийн эрх, орон нутгийн оролцооны асуудал дээр ямар өөрчлөлт гарч буйг та нар харж байна. Өмнө нь орон нутагт хичнээн төгрөг хуваарилагдсан, иргэдээсээ асуугаарай, зараа ингэж түгээгээрэй, иргэдээ оролцуулаагүй бол наад мөнгө чинь очихгүй шүү гэж хэлж байгаагүй. Одоо үүнийг журамтай, дүрэмтэй, хуультай болгоод өгч байна шүү дээ. Юм өөрчлөгдөж байна. Үнэхээр Монгол Улс жинхэнэ ардчилсан, жинхэнэ иргэний, хүндээ үйлчилдэг нийгмийг байгуулахад бид алхам алхмаар ойртож байгаа. Гэхдээ энэ бол зорилго, төгсгөлгүй аян. Энэ аялал явж байна, тодорхой хэмжээний амжилт олж байна.
Дээд эрх мэдэл ард иргэдэд, иргэн хүнд бий
Эхлээд 5 зүйлийг хэлье. 5 зүйлийн буруу ойлголт манай нийгэмд байгаа юм. Жирийн ард иргэд, албан тушаалтнуудын хоорондын ярианд хүртэл орон нутгийнхныг “доод шатныхан” гэх болжээ. Хэн нь дээд шат юм бүү мэд. Тэгэхээр үүнийг буруу ойлголт гэж үзэж байна. Орон нутаг бол хүний үндсэн нутаг. Тэр үндсэн нутагтаа иргэд үндсэн эрхээ эдлэх ёстой. Тэр үндсэн нутагт үндэсний баялаг бий болж байх ёстой. Тэд үндсэн нутагтаа сайн сайхан амьдардаг байх ёстой. Би улс төрд олон жил боллоо. Энэ зааланд эх нярайлж байна гэж сонсоогүй юм байна. Аль нэг дүүргийн эсвэл аймаг, сумын нутаг дэвсгэр дээр л тэр хүн төрсөн байж таарна. Тэгэхээр орон нутаг гэдэг чинь үүсмэл, төрмөл юм байна шүү дээ. Дээд, доод эрх мэдлийн тухай асуудал байхгүй. Монгол Улсад дээд эрх мэдэл бол иргэдийнх.
Би энд Үндсэн хууль барьж орж ирсэн. Ер нь өнөөдрөөс эхлээд Үндсэн хуулиа, орон нутгийн эрх мэдэлтэй холбоотой гарсан хууль тогтоомжуудаа сайн уншаарай. Зөвхөн орон нутаг, Засаг дарга, иргэдийн оролцоо, эрх мэдэл гээд үзвэл 495 хуульд эдгээрийн талаар үг, заалт орсон байна. Та тэдгээрийг олж хар. Учир утгыг нь ойлго. Ажил хийх гэж байгаа бол ямар газар очсон юм, юуны төлөө ирснээ өөрөө эхэлж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд маш их тодорхой бичсэн байдаг. Монгол Улсад засгийн эрх ард түмний мэдэлд байна гэж. Ерөөсөө Үндсэн хуулиас эхтэй юм шүү дээ. Яг энэ зааланд 70 хэдэн өдөр ярилцаж байгаад баталсан энэ Үндсэн хуульд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож /шууд оролцож гэдэг үг нь өгүүлбэрийн эхэндээ байгаа шүү/, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэсэн байна.
Бид сүүлийн 20-иод жил Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн дарга, Засаг даргын эрх мэдлийн тухай л ярьж ирсэн. Нөгөө иргэдийнхээ шууд оролцооны тухай, Үндсэн хууль дээр тавигдсан байгаа энэ зорилгын талаар бага ярьжээ. Одоо энэ ажлаа хийх цаг болсон нь эндээс харагдаж байна. Эндээс харвал манай дээд эрх мэдэл ард иргэдэд, иргэн хүнд байна. Бидний дээд танхим бол иргэний танхим гэж ойлгох хэрэгтэй.
Иргэний танхимгүй сумын удирдлага ичих хэрэгтэй
Ерөнхийлөгч болоод төрийн ордонд “Иргэний танхим” байгуулсан. Одоо бүх аймагт байгуулагдсан гэж бодож байна. “Иргэний танхим”-гүй аймгийн удирдлага бол ичих хэрэгтэй. Иргэний танхимгүй сумын удирдлага ичих хэрэгтэй. Өөрийгөө дээд удирдлага гээд бодсон байгаа хэрэг. Сонгогдсон төлөөлөл гэдэг утгаа алдчихсан гэсэн үг. Тиймээс байгуулаагүй бол байгуулах хэрэгтэй. Ерөөсөө Иргэдийн Хурлын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болоод явна. Заавал заал, танхим шаардаад байх хэрэггүй. Иргэд чинь цуглахдаа хаанаа цугладаг юм, тэр газраа “Иргэний танхим”-аа байгуулаад хүнд ажлаа хариуцуулаад яв. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид, нарийн бичгийн дарга, тэнд байдаг бүтэц бол иргэдийн оролцоо, шууд ардчиллыг хангах, үйлчлэх алба гэж ойлгох ёстой. Засаг даргын Тамгын газар бол Засаг даргад туслах, иргэдэд үйлчлэх үүрэгтэй юм шүү.
Иргэд оролцоод шийдсэн зүйл бол сайн үр дүнтэй байдаг
Хоёр дахь буруу ойлголт бол “Иргэдийн оролцоо, шууд ардчилал” гээд байна, хууль дүрэм нь хаана байна гэх явдал. Үндсэн хуулиас нэг жишээ татаж хэллээ. Ер нь иргэд оролцоод шийдсэн зүйл бол сайн үр дүнтэй байдаг. Би сайн санаж байна. Нэгдлийн мал хувьчлалыг аваад үзье. Мал нь эзэндээ очсон явдал бол ухралт биш дэвшил байсан. 1990 онд 25 сая малтай байсан Монгол Улс өнөөдөр 40 гаруй сая малын тухай ярьдаг болсон. Одоо үүнийхээ үр шимийг хэрхэн ашиглах вэ, иргэндээ хэрхэн наалдуулах вэ гэдэг асуудал бидний бодох ёстой ажил байх. Тэгэхэд нэгдлийн гишүүд хуралдаж суугаад асуудлаа шийдэж байсан. Түүнд нь би хүртэл оролцоод олон аймаг, сумаар явж байсан. Ер нь дарга нар иргэдийн оролцоог уях болохоороо худлаа дүрэм журам ярьдаг. Үндсэн хуульд “оролцуул” гээд бичээд өгсөн байгаа шүү дээ. Баг, хороон дээр иргэдийн нийтийн хурал хийнэ гэдэг чинь иргэдийн шууд оролцоо. Сая надад Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга захидал ирүүлсэн байна билээ. Тэр хүн түүндээ ганцхан гомдол тавьсан байна. Манай аймгийн бусад сумдад багийн даргыг улс төрийн намууд нэр дэвшүүлж байна. Үүнийг болиулах ёстой. Үндсэн хууль зөрчөөд байна гэжээ. Тэгж болохгүй шүү дээ.
Манай баг дээр шууд ардчиллын систем бүр социализмын үед хүртэл хадгалагдаж үлдсэн юм шүү. Зарим сумын Засаг даргыг иргэдээсээ санал асуулгаар тодруулаад дараа нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа дамжуулж шийдсэн тухай би уншиж байсан. Энд буруудах зүйл ерөөсөө байхгүй. Сумын Засаг даргыгаа ч иргэдээсээ асуу л даа. Тодроод гараад ирсэн нэг хоёр хүнээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа оруулаад дээд шатныхаа Засаг даргад хандаж хуулийнхаа дагуу тавьж болно.
Иргэдээ яаж цуглуулах, яаж ажиллуулах вэ гэдэг дээр нэлээд олон дүрэм, журам бэлэн болгоод байгаа. Өнөөдрийг хүртэл манай орон нутгийн удирдлага, ер нь орон нутагт байгаа манай иргэд бариу гуталтай явж ирсэн нь үнэн. Хөл нь холгож явж ирсэн шүү дээ. Төсвийн хувьд зүгээр нэг банкны дамжуулагчийн үүрэгтэй л байсан. Дээрээс батлаад өгсөн хэдэн төгрөг тэртээ тэргүй хуваарилалт нь тодорхой байдаг. Тэрийг банкны касс шиг тийм хэмжээнд олгож байсан. Тиймээс ямар ч баялаг бүтээх сонирхол манай Засаг дарга нарт байдаггүй. Одоо бол өөр болж байна. Цаашдаа ч өөр болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль бүрнээрээ өөрчлөгдөнө. Энэ хот, тосгодын эрх зүйн байдлын тухай, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль өөрчлөгдөнө. Төрийн албаны тухай хууль өөрчлөгдөнө. Би хөдөө суманд амьдарч ажилладаг жирийн сэхээтэн байлаа, эсвэл нэг малчин хүн байлаа гэж бодъё. Миний хүүхэд боловсрол эзэмшээд эргээд ирэг. Сайхан боловсролтой, чадвартай тэр залуу хүнд сумандаа төрийн алба хаших боломж л нээлттэй байх хэрэгтэй. Өнөөдөр тийм нээлттэй боломж бий юу, байхгүй. Сумын Засаг дарга мэдэж томилдог эрх мэдэл гэж ер нь байхгүй шүү дээ. Бүгд дээрээс томилж байна. Одоо шинээр гарч ирсэн Засгийн газар ч гэсэн эрх мэдлийг шилжүүлнэ гэж аман дээрээ ярьж байгаа боловч Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлж буй хуулиуд нь аль болох л дээрээс, сайд нь мэддэг байна гэж тусгах юм. Түүнийгээ мэргэжлийн удирдлага гэдэг нэрээр халхавчлах гэж оролдож байгаа. Үүнийг өөрчилнө. Үүнийг том хуулиар нь өөрчилж өгнө.
Засаг даргын Тамгын газарт ажиллуулахдаа эхлээд сумандаа амьдарч байгаа ард иргэдийн дотор л сонголт хийх ёстой. Үнэхээр тэр суманд нь тэр албан тушаалд таарах хүн байхгүй бол өөр сум, юм уу аймгийн хэмжээндээ байгаагаас сонголт хийж болно. Энэ эрх, боломжийг бид ард иргэддээ олгох ёстой шүү дээ.
Дээрээс нь дарга томилдог, чиглүүлдэг даргын улс бид биш. Бид ингэх гэж хувьсгал хийж, ингэх гэж бид ардчилал яриагүй. Ийм учраас энэ асуудлыг иргэддээ, орон нутагт нь өгөх ёстой.
Ардчилалтай улс оронд хандлага иймэрхүү л байдаг
Татварын тухай хууль, Төсвийн тухай хуульд өөрчлөлтүүд ороод явж байгаа. Мэдээж хүндрэлтэй, хэцүү ажлууд байдаг. Та бүхэн намайг Засгийн газрын хуралдаанд ороод сууж байхыг харсан байх. Би тэгэхэд Улаан сайдаас асууж байсан. Нэгдсэн өртгийн 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 5 хувь гэж хариулж байсан. Яг тэр нь очиж байна уу. Манайхан нэг амаараа очно гэж хэлээд нөгөө амаараа очуулахгүй гээд бичсэн байдаг. Одоо үүнийг шүүлгэж байгаа. Дүн шинжилгээ хийлгэж байгаа. Би “Иргэддээ, орон нутагтаа эрх мэдлийг өгсөн шиг өг. Тэртээ тэргүй хэрэгжүүлж чадахгүй байгаа бол эргүүлээд төр засгийн газар чинь хураагаад авдаг юм. Төр гэдэг чинь төвлөрүүлэхдээ дуртай, эрх мэдэлд дуртай. Тийм учраас 100 хувь өгчих. Тэгээд болж байгаа, бүтэж байгаа, болохгүй байгааг нь хэдүүлээ ярилцъя” гэж олон хэлдэг. Зөвхөн орон нутгийн хөгжлийн сан биш орон нутагт бүрэлдэх мөнгөн дээр яаж ажиллах вэ гэдэг талаар их ярьж байна. Дээрээс нь хүн амын орлогын албан татварыг орон нутаг нь хураадаг байх хэрэгтэй. Хэн нь хэдэн төгрөгийн орлого олж байгаа юм, ямар янзтай байгаа гэдгийг орон нутаг л мэднэ. Тэр Улаанбаатарт сууж байгаа татварын газрын дарга мэдэх ёсгүй. Ардчилалтай улс оронд хандлага иймэрхүү л байдаг. Үндсэн хөрөнгийн албан татвар гэж маш чухал юм бий. Ийм өөрчлөлт хийгээд ирэхээр орон нутагтаа бүтээн байгуулалт хийх сонирхол нутгийн ард иргэдэд бий болно биз дээ. Миний шаардаад байгаа бас нэг юм бол аж ахуйн нэгжийн бүртгэл. Компаниуд аялал жуулчлал, уул уурхай гээд баахан ажил хийдэг. Орон нутагт нь ажиллаж байгаа бол тэнд нь тэр аж ахуйн нэгжийг бүртгэж байх хэрэгтэй. Тооцдог хариуцлага нь үүсч байх ёстой. Ингэж өөрчлөлтүүдийг оруулж өгнө. Ийм чиглэлээр цаашдаа шинэчлэл явах болно.
Одоо ер нь аль ч нам, ямар ч удирдагчийн амнаас иргэний оролцоо буруу, шууд ардчилал утгагүй гэдэг үг гарахаа байсан. Энэ бол маш том ололт. Энэ ололтод хүрэхийн тулд, сэтгэлгээгээ өөрчлөхийн тулд олон жил явлаа. Ер нь Засаг даргын яаж томилогдохоос илүү орон нутагт, иргэдэд эрх мэдэл хэр очсон бэ л гэдэг асуудал гол нь. Засаг даргыг томилно уу, сонгоно уу тэнд асуудал байхгүй. Өмсөх хувцаснаас өөр юмгүй Засаг даргаар яах юм. Иргэдийн, орон нутгийн эрх мэдэл гэдэг юмыг ганц нэг Засаг даргын томилгоо гэдэг гоё үгээр хуурч зогсоох ёсгүй. Зарим нэг хүний амнаас ийм зүйл гардаг юм байна.
Дараагийн нэг асуудал. Ер нь “иргэний оролцоо, шууд ардчилал” Монголын зүйл мөн үү. Монгол Улс хэзээнээсээ ийм уламжлалтай байсан юм гэх нь бий. Би хамгийн сүүлд болсон уламжлалын талаар хэлье. 1945 онд Монгол Улс тусгаар тогтнолынхоо талаар санал асуулга явуулсан байдаг. Тэр санал асуулга дээр ийм үг бичсэн байна. Би эрх чөлөөтэй байхыг хүсдэг учир өөрийн улсын тусгаар тогтнолын төлөө гар өргөж байна гэж. Бүр тэр үед ард түмнээсээ асууж шийдсэн бүрэн эрхт байдал дээр Монгол Улс, түүний тусгаар тогтнол тогтож байдаг юм. Энэ улс орны чинь эзэн иргэн хүн, ард түмэн, тэр гэртээ сууж байгаа аав ээж, хүүхдүүд юм гэдгийг энэ баримтаас харж байгаа байх. Ингэж энэ улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал гэдэг чинь иргэдийнхээ санал асуулгаар улам баталгаажиж чадсан юм. Ийм уламжлалтай юм. Тийм учраас сумынхаа асуудлыг асуугаад шийдэх хэрэгтэй. Улаанбаатар хотод Бат-Үүл асуудлыг асууж шийдэж болоод байхад манай суманд биднээс яагаад асуудаггүй юм бол доо гэж иргэд чинь гайхаж байж магадгүй. Уламжлал гэснээс бас нэг зүйлийг хэлье. Хөдөө орон нутагт гэртээ малчин айл хэн нь өнөөдөр юу амжуулав, маргааш хэн нь юу хийх вэ гэдгээ яриад сууж байдаг даа. Төрийн удирдлага гэдэг гэрийн удирдлагаас эхэлдэг юм. Энэ дээр шинэ зүйл бодож олох гээд, энэ монголын биш гээд яриад байх ямар ч шаардлага байхгүй. Би түрүү нь багийн удирдлагын тухай хэлсэн. Баг дээр шууд ардчиллын зарчим үлдэж хоцрох ёстой. Одоо энэ сайхан уламжлалыг, тэр сайхан боломжийг сэргээх хэрэгтэй.
Би 2008 онд Ерөнхий сайдаар томилогдоод нэг зүйлийг санаачилж Дэлхийн банктай хэрэгжүүлж байсан. Ядуурлыг бууруулах төсөл гээд. Тэр төсөл бараг сум бүхэнд, аймаг бүхэнд хэрэгжиж байсан. Тэгэхэд тэр төслийг иргэдээрээ хэлэлцүүлж байж хэрэгжүүлдэг, шилжүүлдэг байсан.
Би өмнө нь аймгийн дарга нартай уулзаж байхад хэлж байсан, одоо бас хэлье. Манай дарга нарын амнаас ийм үг гардаг. Би энэ ажлыг авлаа, одоо хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэнэ. Эсвэл ажлаа өгөхдөө төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явлаа гэнэ. Юу гэсэн үг вэ. Үг бүхний цаана утга байдаг. Хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэсэн чинь өөрийгөө бодохгүй зүтгэнэ гэсэн үг. Тэгж ойлго. Хувиа бодохгүй, ард түмнээ л би бодно. Би сумаа л бодно, би аймгаа л бодно, улсаа л бодно. Би сонгосон хүмүүсээ л бодож зүтгэнэ л гэсэн үг. Чамайг 40 жил аваачаад дөнгөлөөд хаясан биш хоёргүй сэтгэлээр зүтгэж чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй. Ажлыг сэтгэлтэй хүн хийдэг юм. Зарим дарга нарын нүүрийг харахад ер нь ойлгож байна уу, үгүй юу. Юу гэж ойлгоод байгаа нь мэдэгдэхгүй л суугаад байх юм.
Энэ бол маш буруу ойлголт
4 дэх асуудал. Орон нутагт мөнгө, иргэдэд нь эрх мэдэл өгөөд ирэх юм бол манай иргэдийн мэдлэг мэргэжлээр дутна шүү дээ гэх юм. Энэ бол маш буруу ойлголт. Эрхээ эдэлж байгаа хүн л сурдаг байхгүй юу. Надаар шийдүүлэхгүй шийдээд байгаа юм чинь би юу сурах юм бэ. Ардчиллын үндсэн зарчим бол “Намайг оролцуулахгүйгээр миний тухай битгий яриарай” гэдэг биз дээ. Эрхийг нь өгөөд ирэхээр иргэд суралцдаг. Аливаа шинэ юмыг хийхийн тулд дүрэм журмаа өөрчилж сайжруулах хэрэгтэй. Ингээд л 2 дахь, 3 дахь хурлаасаа 4, 5 дахь хурлаасаа, 2 дахь жилдээ тэд сурна, мэднэ, ажилладаг болно. Үүнийг энд хэлэх гэсэн юм. Ардчиллын багш гэж сум, хороо, баг бүрт өнгөрсөн намар бэлтгэж өгсөн шүү дээ. Та бүхэн ч өнөөдрөөс эхлээд шууд ардчиллын багш боллоо. Баяр хүргэе. Та нар бүгдийг мэддэг болсон гэж ойлгож байна.
5 дахь асуудал. Шууд ардчилал, иргэний оролцоо гээд байна, энэ хэр ирээдүйтэй юм бол оо гэсэн яриа байна. Энэ бол бидний сонгож авсан зам, бидний ирээдүй. Иргэн нь эрхгүй газар халамжийн төр үүсдэг юм. Иргэн нь эрхтэй газар иргэний ардчилсан төр үүсдэг. Иргэн нь эрхгүй болохоор түүнийг бөөцийлөх шаардлага гаргадаг. Бөөцийлөлд орохгүй бол зарим нэг нь захиргаадах шаардлага гардаг. Тэгээд халамжийн, бас захиргаадалтын төр үүсдэг. Бидний төр бол иргэндээ суурилсан төр байх ёстой.
Өөр нэг зүйлийг хэлье. Ганц зүйлийг та нар сайн ойлгох хэрэгтэй. Хувьсгалын мөн чанар бол эрхийн шилжилтэд байдаг юм. Иргэд нь асуудлаа шийддэг, иргэд нь хэдэн төгрөгийн татвар байх, хэнээс юу авах, тэрийгээ яаж зарцуулах вэ гэдгээ мэддэг, тэрийг нь та зөвхөн даргын хувьд албажуулах үүрэгтэй. Дээр нь гүйцэтгэх үүрэгтэй. Гүйцэтгэж чадахгүй бол иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Ийм зарчим руу орох юм бол эрх мэдэл шилжсэн төр болж байгаа юм. Энэ бол хувьсгал болж байгаа юм.
Манай ард түмний төрийн тухай ойлголт эрхэмсэг агаад гүн гүнзгий
Орон нутагт ажил хийнэ гэдэг хүнд. Бид телевиз үзэгч ард түмэн байлгах гэж, Улаанбаатарт хэдэн мэдэгдэл хийгчдийн яриаг сонсох гэж хувьсгал хийсэн юм уу. Ер нь Улаанбаатарт хэн нь юу болж байгаа нь тэр хөдөө байгаа малчинд тийм их хамаатай юм уу. Улсаараа улс төржих хэрэг байгаа юм уу. байхгүй биз дээ. Энэ чиглэлд бид өөрчлөлт хийнэ. Ер нь төрийн бодлого гэж юу гэсэн үг вэ? Миний ойлгосноор бодлого гэдэг зорилгод чиглэсэн үйл ажиллагаа. Төрийн бодлого бол хамгийн гол нь уламжлалдаа байгаа, залгамж чанартаа байгаа. Дарга бол ирдэг, явдаг. Ард түмэн үлдэнэ. Ерөөсөө төрийн бодлого гэдгийг ард түмэн тээж явдаг.
Ард түмэн ой санамжиндаа байнга байлгаж, шаардаж байдаг. Тийм учраас ард түмэн илүү ухаантай байдаг юм шүү. УИХ-ын шинэ гишүүдээс УИХ-ын сурвалжлагыг 20 жил бичсэн сэтгүүлч илүү егзөр, илүү мэргэжлийн байдаг. За энэ ч дээ, явуургүй өөрийгөө бодсон юм хийж байна. Популизм хийж байна гээд манай ард түмэн ийм хэрсүү болсон. Манай ард түмний төрийн тухай ойлголт эрхэмсэг, гүн гүнзгий. Муу Засаг дарга гээд шүүмжилдэг нь төр сайхан газар байх ёстой гэж ард түмэн бодоод байгаа учраас тэр. Тэр сайхан газар үүрэг зорилгоо ойлгохгүй хүн оччихоод байгаа юм биш дээ гэж л бодоод байгаа учраас хүмүүс шүүмжилдэг.
Сайн дүрэм, журам тогтоож, үүнийгээ сайхан хэвшүүлж, ард түмнээрээ дэмжүүлж чадаж байгаа бол та сайн удирдагч, та сайн хүн, та үлдэнэ. Чингэс хаан тийм л байсан. Их засаг хуулийг хэрэгжүүлэхийн төлөө явж байсан. Шударга ёс, төрийн дэглэм, журам гэдгийг монголчууд дэлхийн талд нь таниулж явсан.
Иргэд гэж нилээн ярилаа, иргэдтэйгээ ажиллах тухай нилээн ярилаа. Юунаас эхэлбэл болох вэ гэж би нилээн бодлоо. Би өмнө нь Ерөнхий сайд байхдаа дандаа шаарддаг байсан, очиход өөр болсон зүйл байдаг юм. Хөдөө яваад очихоод малын тухай л яриад байна. Хүн нь бүр тавдугаарт танилцуулагдана. Мал өсгөснөө манай дарга нар мэддэг болохоос биш, хүн өссөн, цөөрснөө өдөр бүхэн тоолдог, мэддэг дарга байдаг юм уу? 90 онд танай суманд амьдарч байсан хүмүүсийн хэдэн хувь нь Улаанбаатар луу нүүчихэв. Сум нь эзгүйрч байна л гээд байдаг.
Би иргэдтэйгээ тулж ажилла, хүнтэйгээ тулж ажилла гэж хэлэх гээд байна. Иргэддээ тулж ажиллахын тулд тодорхой механизм хэрэгтэй. Иргэдээ тоол. 7 хоног бүхэн иргэдийнхээ тоог гаргаж байх хэрэгтэй. Иргэдээ тоолоод эхлэхээр иргэдийнхээ тоог мэддэг болно. Дараа тэр тоогоо ангилж эхэлнэ. 65 наснаас дээш төчнөөн ахмад, тэрнээс доош хөдөлмөрийн насны тэдэн хүн байна. Энэ дотор тэд нь ажилгүй, тэд нь ажилтай байна. Нэг айл аймаг руу шилжлээ гэнэ. Дараа нь хүнийхээ нэрийг мэддэг, хүнээ таньдаг болно. Мал аж ахуйн тухай ярих нь зөв. Малчин хүний нь яагаад мартаад байгаа юм бэ? Хувь хүнд тулгамдаж байгаа зовлонг яагаад мартаад байгаа юм бэ? Тэр хүн таныг сонгосон, мал сонгоогүй.
Үүрэг гэж ойлгоорой. Хэд нь монгол улсын иргэн байна, хэд нь биш байна. Ямар аж ахуйн нэгж ажиллаж байна. Аймаг, сумын төвд хэдэн зочид буудал байна. Өчигдөр хэдэн гадны хүн ирж хоноод явав. Хамгийн өндөр ардчилалтай улс оронд зочид буудал бүхэн өглөө тэнд хоносон, байрласан хүнийхээ тоог өгч байдаг. Тэдэн орны тэдэн иргэн ирээд явлаа гээд. Ардчилал, дэг журам гэдэг ийм хатуу байдаг. Гадаадын ажилчин танай суманд, аймагт хичнээн байгаа юм. Хэд нь эрхээ хэтрүүлсэн байна. Ямар ямар хүн байгаа юм, бүгдийг нь та мэдэж байх ёстой. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн удирдлага гэж таныг нэрлэж байгаа. Улаанбаатарын хороо бүхэнд энэ тоо гарч байх ёстой. Өнөөдөр энд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга сууж байна. Улсын бүртгэлийн газрын дарга, гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан газрын дарга нар сууж байна.
Энэ улс чинь эзэнтэй. Тиймээс бид зүгээр мэдэх ёстой. Энэ улсын газар нутаг дээр гадаадынхны дунд ч бай, манайхны дунд ч бай Монгол Улсын хууль хэрэгжиж байх ёстой. Энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь танд байдаг юм. Сумынхаа дэвсгэр дээр хуулийг хэрэгжүүлэх нь таны хамгийн эхний үүрэг. Хүүхдийнхээ тухай ярьдаг болж эхэлнэ. Тэдэн хүүхэд сургууль завсардсан байна, тэдэд нь цэцэрлэг олдохгүй байна гэнэ.
Хүнээсээ ургуулж хотынхоо хөгжлийг бод
Манайхан барилга барихдаа барилгын тухай л боддог. Тэнд хүн амьдарна гэж боддоггүй. Хүн амьдарна гэж бодоод барилгаа барь. Хүн эмчлүүлэх газар гэж бодоод эмнэлгээ байгуул, эмчээ бэлд. Хүүхэд сурна гэж бодоод сургуулиа барь. Эмнэлгийн барилга зорилго биш хүнээсээ ургуулж бодож хөгжлөө ярь. Бүх юмыг хүнийхээ тоотой уяж хий. Хүмүүсийн шилжүүлгийг нь хийдэг албан тушаалтан байгаа бол нэмж нэг үүрэг өг. Сумандаа шинээр ирж буй хүмүүсийг хүлээж ав, бүртгэж бай гэж. Шинээр хүн шилжээд ирэхэд Засаг дарга нь угтаад уулздаг бай. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг, сайхан шүү дээ.
Монголчууд олуулаа болъё гэж бид ярьж байгаа биз дээ. Монголын төлөө харж залбирдаг 10 сая монгол хүн дэлхийд байна. Нэг хэсэг нь ч гэсэн ороод ирэг л дээ. 100 жилийн өмнө монголд ирж л байсан. Богд хаан хүлээгээд авч л байсан. Одоо олон аймаг, суманд тийм хүмүүс амьдарч л байна. бидний л адил монголчууд шүү дээ.
Манайд төчнөөн эмч, төчнөөн багш, нарийн мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Тэдэн өтөг бууц эзгүйрчихээд байна. Тэдэн өвөлжөө эзэнгүй хаягдчихаад байна. Тэдэн хаваржаа илүү байна. Манай суманд 27 малчин өрх хэрэгтэй байна гээд та бүхэн тэр тоонуудыг гаргаад ир л дээ. Ингэж хүнээ тоолж, хүнтэйгээ харьцаж, хүнтэйгээ тулж ажиллаж, асуудлыг шийдэж байх хэрэгтэй. Энийг бас нэг өгч буй чиглэл гэж бодоорой.
Дараачийн ээлж ажилдаа орлоо
Дээхэн үед би харж байсан юм. Янз бүрийн сонгууль болсны дараагаар дараачийн ээлж хоолондоо орлоо гэж бичдэг байсан. Энэ бол буруу ойлголт. Дараачийн ээлж ард түмнийхээ итгэлийг хүлээж ажилдаа орлоо. Шинээр итгэл хүлээлгэсэн ээлж ард түмэндээ үйлчлэхээр ирж байгаа биз дээ. Хоёргүй сэтгэлгээр зүтгэнэ гэдэг нь хувиа бодохгүй ажиллана гэсэн үг гэж би түрүүн хэлсэн. Ийм шинэ сэтгэхүйгээр, ийм ойлголтоор би Засаг дарга болсон гэж ярь. Тэгвэл ард түмэн чинь таныг дэмжинэ, ойлгоно. Би хоол хөөцөлдсөн дарга биш. Би ард түмнээ бодсон, хүнээ бодсон, бүрэн эрхийн хугацаанд хүний төлөө ажиллах, аймгийнхаа, сумынхаа иргэдийн төлөө л ажиллах дарга гэж бодох хэрэгтэй. Цэргийнхний ярьдгаар таны үүрэг хүлээсэн цаг эхэлж байна гэсэн үг.
Би Засгийн газрын хуралдаан дээр зураасны тухай хэлж байсан. Та нар дундаа зураастай боллоо шүү гэж. Хүмүүс гайхаж байсан. 2012 онд та сонгогдсон биз дээ. Одоо 2013 он гарсан шүү дээ, дунд нь зураас явж байна. Энэ цаг хугацаагаа төлөвлөөд асуудлынхаа ач холбогдлыг тавиад, ард түмнээрээ хэлэлцүүлээд гялалзтал ажиллахгүй бол нэг л өдөр хадган дээр тамгаа тавиад өгөх өдөр чинь ирнэ шүү дээ. Тэрнийг мартаж болохгүй. Гэхдээ би ингэж ажиллах гэж зүтгэлээ, ингэж явлаа гэж сэтгэлдээ бодож байх хэрэгтэй. Ажил авч байхдаа яаж өгөх вэ гэдгээ давхар бодсон байхад илүүдэхгүй.
Муу соёлыг үргэлжлүүлснээс зогсоосон нь дээр
Өмнө нь байсан дарга нараа заавал шүүмжлээд, телевизээр яриад байх хэрэггүй. Ийм ийм зүйл буруу байсан юм байна гэдгийг л дотроо бодчих. Энэ хүний ийм хандлага нь зөв байсан, би энийг нь үргэлжлүүлнэ, бусад нь буруу юм, би зогсооно, өөрчилнө гээд. Шинэ Засгийн газрын овог шинэчлэлийн гэдэг нэмэлттэй. Та нар Шинэчлэлийн Засгийн газрын гэр бүлийн гишүүд. Шинэчлэлийн Засгийн газарт, улс орондоо албан үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Шинэчлэл гэж юу вэ?
Аливаа шинэчлэл нь дүрэм журмын өөрчлөлтөөс эхэлдэг. энийг ойлгох хэрэгтэй. Дүрэм журмаа л өөрчил. Түүнийгээ өөрөө сахь, ард иргэдээрээ сахиул, хэлбэрэлтгүй сахиулж байж тэр чинь дүрэм, журам болж хувирна. Даргад таалагдахгүй байгаа зүйлийг өөрчилье гэх нь буруу. Тэр чинь шинэчлэл биш. Даргад биш, иргэнд таалагдахгүй байгаа зүйлийг өөрчлөхийг шинэчлэл гэж байгаа юм. Магадгүй та дуртай юмаа сонссоор байгаад та вакумд орчихсон гүйж яваа. Зүгээр л вакумдуулчихсан гэсэн үг. Гадуураа шал өөр бүрхүүлтэй болчихсон. Хуруувчтай хүн гэдэг шиг, шал өөр хуруувчин дотор явж байгаа. Тэр вакумнаасаа гар хөөе. Өөрийгөө тэрнээс тусгаарлаад, тагтан дээрээ гараад харах хэрэгтэй. Гэрийнхээ хойно байгаа өндөр уулан дээр гараад аймгаа хар, сумаа хар. Ямаршуухан сумын төв дээр амьдарч байгааг хар даа. Тэгээд өөрийгөө хар. Өөрт чинь нэг дүр өгчихсөн байж магадгүй. Тойрон хүрээлэгч хэдэн хүмүүс байгаа л даа. Намынхан энэ тэр гээд. Та л мундаг, дарга минь гээд л. Дүрээсээ өөрийгөө салгаад нэг хар. Дүрэндээ андуурч давхиж явж байгаад дүртэйгээ дуусдаг улсууд байдаг шүү. Цаасан малгайгаа хааяа сольж байх хэрэгтэй. Хүнд өөрт чинь зүүх гээд байгаа дүрээс өөрөө гарч харах чадвар гэдэг удирдагч хүнд байх ёстой чадвар.
Хамаагүй хүн халж сольдгоо боль
Эмх замбараагүй халаа солио явдгийг эцэс болгоё. Бид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль дээр энэ асуудлыг тусгаж өгнө. Цаашдаа намын шалгуур гэдэг нь 5 дахь шалгуур болно. Ёс зүйн, ур чадварын, ажил хариуцах чадварын, мэргэжил, боловсролын гэсэн эхний шалгуурууд байх болно. Дэлхийд хамгийн сайн практик хаана байна. Монголд хийх ёстой, шаардлагатай ажил юу байна. Энийг Төрийн албаны хуулийг өөрлөхдөө тусгана. Тэгэхдээ нийтийн албаны хууль болгоно. Нийтийн албаны үйлчилгээ болгоод өгөхөөр аяндаа та ойлгоно. Ийм хэлбэр лүү явна. Ингэж дүрэм, журам чинь хуулиараа өөрчлөгдөх болно гэдгийг энд хэлэх нь зөв байх.
Засаг дарга янз бүрийн байдлаар мөнгө завших нь олон газар гарч байна. Төрийн банк гэж байж байгаад банкныхаа захирлуудад ер ерэн сая төгрөг хуваарилаад өгчихсөн байдаг. Гэтэл тэр банкнаас зээл авах гэсэн жирийн иргэн, жирийн бизнесменд өнөөдөр мөнгө олдохгүй байна. Танай сумдад ч байгаа, тэрийг олоорой. Зэрэгцүүлсэн хөдөлмөрийн гэрээ хийгээд өгчихсөн, тэтгэвэртээ гарсан бол дээр нь цалинжуулаад явуулсан гэхчлэн олон янзаар мөнгө иддэг. Цаашаагаа тендер, янз бүрийн юманд оролцдог. Юм өөрчлөгдөж байгаа. Жирийн бизнесийн улсууд хэлдэг болсон. Суманд, аймагт ирээд юм хийх гэж байгаа хүнд асуудал шийдэхдээ үзэг аваад гарын үсэг зураад өгчих юман дээр таталдаад суугаад байдаг. Нэг юм гээд байдаг. Ийм юм байж болохгүй. Очиж байгаа хүн чинь мэдэж байгаа, таныг хараад шууд мэднэ. Тэр соёлыг өөрчил. Хууль дүрэм хатуу, буух эзэнтэй, буцах хаягтай, тооцох хариуцлагатай, хэн байх нь огт хамаагүй болсон шүү.
Бидэнд архи уудаггүй сайхан соёл тогтож эхэлжээ
Цагаан сарын үеэр нэгэн иргэний хэлсэн үгийг дуулаад баярлаж суулаа. Энэ Цагаан сараар манайх нэг шил архи задлаад тавьсан чинь дуусдаггүй ээ. Өмнө нь манайх авдар архи гаргахад шинийн гурван гэхэд л дуусдаг байсан гэж ярьж байсан. Ард түмэн маань энэ муу зуршлыг өөрчилж, сайн сайхан соёл төлөвшүүлж чадаж байна. Манай гэрт лав Цагаан сараар нэг ч шил архи задалдаггүй. Та бүхэн шил архи задалсан бол бас муу л хэрэг байна. Уухгүй байгаа нь ямар сайхан юм бэ. Архи задлах гэхээр хариуд нь “Хэрэггүй, цай байхад болно, би уухаа больсон шүү дээ” гэж иргэд маань хэлдэг болжээ. Өөдөөс нь хор бариад “сайн сайхан, эрүүл энхийг хүсье” гэж хэлнэ гэдэг юу гэсэн үг вэ? Энэ бол ерөөл биш хараал гэсэн үг шүү дээ. Ерөөлийг заавал хар ус бус сүү бариад хэлж болж байгаа биз дээ. Сайн сайхан ерөөлийг заавал гартаа нэг юм барихгүйгээр хэлж болно биз дээ. Айраг юм уу эсвэл сайхан цай бариад хэлж болно шүү дээ.
Өмнө нь байсан муу зуршлаасаа салж, сайн сайхныг сурч, бид дэвшиж байгаа. Хөдөө явсан сайд дарга нар “Бид саяхан аймаг сумдаар явахад нэг ч согтуу хөлчүү хүн харсангүй. Ямар сайхан юм бэ” гэж надад хэлж байсан. Хөдөө очоод ирсэн хүн хамгийн түрүүнд энэ тухай ярьж байна. Ганц нэг согтуу хөлчүү хүн харснаа ховордсон амьтан үзсэн мэт ярилцаж байна. Тэгэхээр бидэнд архи уудгүй энэ сайхан соёл тогтож эхэлжээ.
Асуудал шийдвэрлэх гээд зоригоо чангалах гэж бид ярьдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ эрүүл мэндээ муутгаад, даралтаа ихэсгээд ороод ирдэг. Юм үнэртүүлсэн хүнтэй юу ч яриад хэрэггүй. Шагнал урамшуулал нэхээд байвал хамгийн сүүлд оруулчих. Дараа нь архи нь гараад хүрээд ирвэл, “Чи согтуу байсан учраас би ингээд шийдчихлээ” гэж хэлээрэй.
Архи сөгнөсөн айлд, хүлээн авалтад ордоггүй байх ёстой. Архинаас татгалзсанаар хүлээн авалт, арга хэмжээний үргэлжлэх хугацаа болоод төсөв 50 хувиар хэмнэгдэж байна. Үүнээс үүдээд улсын төсөв хүртэл төдий хэмжээгээр хэмнэгдэж байна. Хүлээн авалтад архи байвал ёроолыг нь харах гээд шүлсээ гоожуулаад, нэгэндээ хараал ерөөл хэлээд суугаад байдаг. Харин архигүй арга хэмжээнд хүн уулзах хүнтэйгээ уулзаад, хэлэх үгээ хэлээд явчихдаг шүү дээ. Мөн маргааш нь ажилдаа цагтаа ирнэ.
Уулзалт бүхэн протоколтой байх ёстой
Нэгэн иргэн “Тэр дарга өрөөндөө оруулахдаа бүх хүний гутлыг нь арчуулдаг байсан даа” гэж хэлж байсан. Иргэд энэ мэт жижигхэн зүйлийг огт мартдаггүй юм. Иймээс бид өмнөх болон дараагийн даргаасаа хувийн зохион байгуулалтаараа ялгарч болно.
Хил орчмын аймаг, сумдын дарга нар хилийн цаана гарчихсан улсын нийслэлд ч сэдээгүй гэрээ хэлэлцээрийг яриад явж байна шүү дээ. Баар саванд орчихсон, ууж идсэн зураг хөргөө авахуулчихсан, кинонд тоглох нь холгүй явж байна. Ийм байж болохгүй шүү, нөхөд өө. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан, та бүхний гар дээр очсон байх. Гадны ямар ч хүнтэй уулзсан зохих байгууллагаас чиглэл удирдамж заавал авах ёстой. Тэгээд уулзалтын тэмдэглэл, протоколоо архивт хадгалуулах ёстой. Бичээд үлдсэн баримт протокол дараа нь амар байдаг байхгүй юу. Энэ нь төрийн ой санамж, түүх болж үлддэг. “Арваад жилийн өмнө ажиллаж байсан дарга чухам юу хийж байсан юм. Үлдсэн юм байна уу” гэж хожим та бүгдээс асууна. Иймээс бид баримт протокол үлдээх ёстой. Эндээс бид болон бидний үр хүүхэд суралцах ёстой.
Үлдсэн юм байна уу, танай сум, аймагт. Байхгүй л байгаа даа. Уг нь тэндээс чи л сурах ёстой. Өөрөөс чинь 10 жилийн дараа ирэх хүүхэд сурах ёстой. Тэр дарга энэ асуудал дээр ийм байр суурьтай байсан юм байна шүү дээ. Ингэж үндэслэл гаргаж ярьж байсан юм байна гэж. Тэгэхээр энэ зүйл, энэ зохион байгуулалтуудыг маш сайн хийдэг байх ёстой. Тогтоол, шийдвэр чинь ил байх ёстой. Нуугаад байх шаардлага байхгүй. Ер нь орон нутагт нуугаад байх зүйл маш бага байдаг.
Төсвийн орлого, зарлагыг өдөр бүхэн мэдээлдэг бол
Миний хамгийн гол хэлэх гэсэн ганц юм байгаа. Ардчилал дандаа урагшаа явж байх ёстой. Дахиад л Ерөнхийлөгч биднийг мөн ч хүнд байдалд оруулах нь дээ гэж бодож байж магадгүй. Төсвийн орлого, зарлагыг одоо улс орнуудад төсвийн захирагч нь өдөр бүхэн мэдээлдэг болж байна. Манайд цаашдаа ийм хууль гарна. Өнөөдөр манай суманд төвлөрсөн төсвийн татаасаар тэдэн төгрөг орж ирлээ. Тэдэн төгрөг гарлаа. Яг түүнийгээ ажил тарахдаа бичээд самбар дээрээ тавиад, веб сайт дээрээ байрлуулаад явж байх хэрэгтэй. Ер нь дарга нарыг, албан тушаалтныг ард иргэд юугаар нь сонирхдог юм. Голдуу мөнгөтэй холбоотой юман дээр нь л сонирхоно. Тэдний авгай нь Улаанбаатар явлаа гэсэн. Төсвөөр явж үү, өөр зардлаар явж үү гээд л. Тэр зардлууд ил гарах ёстой. Чадвал өдөр бүхэн, цаад зах нь долоо хоногоор гаргана гэсэн үүрэг авлаа гэж ойлголоо. Долоо хоног бүхэн төсвийн орлого, зарлагаа аймаг, сумынхаа веб сайт дээр, сургуулийнхаа веб сайт дээр төсвийн захирагч бүхэн мэдээлж байх ёстой. Ингээд харахаар мөнгө зөв зарцуулагддаг болно.
Дараа жил нь ард иргэд утасдаад эхэлнэ. Тэнд тавьсан зарлага чинь хэрэггүй юм байна лээ. Тэрнийгээ больё. Тэр зарлагаа хасъя гээд. Зөв болж байгаа биз дээ. Ингээд та өөрөө хяналтад орж байгаа юм. “Хүн хэлэхээс нааш” гэж, “Би их сайн хүн, би их дүрэм журамтай хүн. Би мундаг хүн” гэж өөрийгөө бодож байж магадгүй. Та өөрийнхөө хяналтыг ард түмэндээ өгчих. Тэгсэн байвал таныг ард түмэн чангаруулаад байна шүү дээ. Та өөрийнхөө сүүдрийг олж харахгүй байхад ард түмэн, нөгөө хүн олж хардаг байхгүй юү.
Сүүдрээ битгий нуу
Сайн удирдагч байя, ажлаа сайн хийе гэвэл сүүдрээ л битгий нуу л даа. Мөнгөтэй холбоотой сүүдрийг ерөөсөө нууж болохгүй. Энэ цаашдаа хууль болно. Одоо хэвшил болгож авах ёстой. Долоо хоног бүхэн, төсвийн захирагч бүхэн, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сумын эмнэлгийн эрхлэгч хэн байсан ч хамаагүй, бүх зардлаа гаргаад, долоо хоног бүрийн төгсгөлд, тав дахь өдрийн орой самбар дээрээ тавиад явдаг бай. Ингэж чадах юм бол энэ рүү чинь л хүн харна.
Та нэг их гоё зураг хөргөө авахуулаад веб сайтдаа тавьчихсан чинь хүн ороогүй байж магадгүй. Веб сайтдаа төсөв, зардлаа тавьдаг байх юм бол аймгийн иргэдийн чинь ихэнх орж харсан байх болно.
Ил тод байдал гэж юу юм бол гэж гайхаад байж магадгүй. Үүнийг ил тод байдал гэж байгаа юм. Ил тод байна гэдэг бол гаргаж байгаа шийдвэр , зарцуулж байгаа мөнгө хоёр. Зарцуулж байгаа мөнгө бол миний юм биш, миний ард түмний мөнгө. Энэ иргэн өгч байгаа юм. Энэ иргэний өмнө би хариуцлага хүлээж байгаа юм. Тийм учраас энэ асуудал дээр би ил тод байх ёстой. Ингэж бодож, ажиллаж сурах ёстой.
Орон нутгийн хөгжлийн сан бол даргад өгч байгаа мөнгө биш. Үүнийг их сайн ойлгоорой. Хамгийн амар юм бол дараа нь хэл аманд орохгүй байхаа бод. Араа бодож явсан нь дээр. Мөрөө эргэж харж байх хэрэгтэй. Мөрөө эргэж харж, араа бодож байхын тулд асуудлаа ард түмнээрээ л шийдүүлж байя. Гүйцэтгэл нь ийм байна. Хяналт нь ийм байна гээд гаргаад тавьчих. Дараа нь танд ямар ч асуудал үүсэхгүй. Энэ шинэ соёлыг л хэрэгжүүлье
Та магадгүй өвс хадахаараа, хадлан бэлдэхээрээ, малчдадаа туслахаараа өмнөх даргаа гүйцэхгүй байж магадгүй. Гэхдээ өмнөх даргаасаа илүү гарах нэг зүйл бол энэ ил тод, шударга байдлаараа илүү гарч болно.
Төр хулгайтай, худалтай тэмцдэг
Хүмүүс шийдвэрээ гаргаж, дарга биежүүлж, баталгаажуулна, дараа нь гүйцэтгэлд нь эргээд иргэд хяналт тавина. Ер нь төр хулгайтай, худалтай тэмцдэг. Төр муу зүйлтэй тэмцдэг. Төр хууль зөрчигчтэй тэмцдэг.Тэр шийдвэрийг зөрчиж байгаа нь төрийн хууль хяналтын байгууллагаар дамжаад гараад ирнэ. Та түүн дээрээ л харж бай, бүх юмруу орох хэрэггүй.
Иргэний оролцоо, шууд ардчилал гэдэг бол Монголын хувьд чамирхал биш юм.Монгол Улсын хувьд энэ бол хөгжил дэвшил, аюулгүй байдлын дархлаа, баталгаа юм.
Монгол Улсыг эрх мэдэлтэй нэг дарга юм уу нэг хэсэг олигархи мэдэх үү эсвэл Монголын нийт иргэд мэддэг байх уу гэдэг асуудал бол шал өөр зүйл.Монгол Улс дэлхий дээр ганцаараа биш.Гэхдээ Монгол Улс дэлхий дээр хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай хоёр орноор хүрээлүүлсэн цорын ганц орон мөн билээ. Тийм учраас ард иргэдээрээ асуудал шийдүүлнэ гээд Ерөнхийлөгчийн хэлээд байгаа, бидний энэ яриад буй шууд ардчилал, иргэдийн оролцоо гэдэг чинь зөвхөн иргэний эрхээс гадна улс орны бүрэн эрхт байдлын асуудлыг шийдээд явах энэ чадамжтай холбоотой юм.Иргэд нь эрхтэй байж, эрхийн мэдрэмжтэй байж, боловсролтой, эрдэм мэдлэгтэй байж, өөрсдөө баялаг бүтээдэг байж Монгол Улс хөгжинө. Түүнээс дарга нь баян байх юм бол Монгол Улс хөгжинө гэсэн ойлголт байж болохгүй.
Ийм учраас иргэн нь өмчтэй хөрөнгөтэй, иргэд нь шийдвэрээ гаргадаг, төр засаг нь түүнийг хэрэгжүүлдэг байх явдал бол чухал юм шүү.
Өнөөдөр энд бүтэн өдрийнсургалт боллоо. Төгсгөлд нь та бүхний ажил сайн байгаасай гэж хэлмээр байна. Та бүхний ажил зөв яваасай, ажиллаж байхдаа сайн нэртэй төртэй байгаасай гэж хэлмээр байна.Иргэд оролцоод ирэхээрээ итгэлцэл бий болж байгаа юм.Иргэд нь оролцохгүй болохоороо дарга, иргэн хоёр бие биеэ хардахад хүрдэг.Иргэд шийдвэр гаргаад ирэхээр иргэн, дарга хоёр түншүүд болж байгаа юм.Тэр сум, аймгийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг түншүүд болж байгаа юм.Ингээд иргэд оролцоод шийдээд ирэхээр хариуцлага нэмэгддэг.Миний энэ гаргасан шийдвэрийг манай иргэд мэдэж байгаа гээд та өөрөө өөрийгөө хурцална.Та өглөө бүхэн босохдоо өөрийгөө хурцлаад байж чадахгүй байж магадгүй.Та өглөө бүхэн сум суурин, аймгийнхаа хөгжлийг бодоод байж чадахгүй байж магадгүй.Харин иргэдээрээ шийдүүлээд ирэхээр тийм болж таарна.Тэгээд та усанд орж байхдаа, гараа угааж байхдаа боддог болно. Өнөөдөр чинь ийм зүйл байгаа, ингэж хийх хэрэгтэй.Иргэдээр хэлэлцүүлсэн учир ажлаа би тайлагнах ёстой гэж бодно.Таны ажлыг иргэд ойлгодог, дэмждэг болно. Энэ бол маш сайн зүйл.
Хүн гэдэг амьтан хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө байдаг. Хоёр хүн амьдарлаа гэхэд хажууд минь байгаа хүн намайг дэмждэг байгаасаа л гэж боддог.Хоёр зуун хүнтэй амьдарч байгаа бол энэ хүн ёстой зөв хүн шүү гэж хэлүүлдэг байхыг хүсдэг.Хүн бодит мөн чанараараа ийм. Иймд нийгмээрээ асуудлаа шийддэг бай.Нийтийн төлөө зүтгэдэг бай.Харин ингэж чадахгүй бол өөр ажил хийх хэрэгтэй.Заавал дарга гэж ганц ажил Монголд байх ёсгүй.Мянган ажил, мэргэжил байна.
Иргэдэд эрх мэдэл өгөөд ирэхээр бас бүтээлч болдог.Иргэд нь эрхгүй газар мөнгө өгөөд байхаар залхуу болоод байдаг. Эрх мэдэлтэй, эрх чөлөөтэй хүн үүргээ, хариуцлагаа мэддэг, хийх алхмаа мэдэрдэг, бүтээлч байдаг гэдгийг би та бүхэнд давтаж хэлэх гэсэн юм.
Аливаа нэг ажил хийсний дараа үр дүн гэж байдаг. Үлдэх өв гэж байдаг. Хэдэн хүн дарга болгосноороо, хэр их мөнгө зарцуулснаараа та сайн байхгүй. Хуучин болохгүй байсан зүйлийг та яаж өөрчилж чадав, ямар дэглэм журам тогтоож чадав, ямар соёл тогтоож чадав гэдгээрээ таны өв үлдэх болно. Энэ нь яг үнэндээ иргэддээ хэчнээн эрх мэдлийг шилжүүлж чадав, хүний төлөө ямар сайн зүйл хийж чадав гэдгийг харуулна.
Төгсгөлд нь миний дүгнэж хэлэх гэсэн ганцхан үг бол аливаа амжилт иргэнд очиж байж л ололт болдог. Та өөрөө манай аймгийн ололт амжилт гээд юм яриад байж магадгүй. Иргэн хүн чинь тэрийг мэдрэхгүй байгаа бол ололт биш. Эдийн засгийн өсөлт иргэнд наалдахгүй байна гэж яриад байна шүү дээ. Иргэнд очоогүй учраас эдийн засгийн өсөлт биш байгаа байхгүй юу. Тэр ололт, тэр орлого нь өөр юманд яваад байна гэдгийг л ойлго.
Би түрүүн нэг үг хэлсэн. Сайн нэртэй, сайн төртэй, сайн ажилтай явах хэрэгтэй. Төрсөн, ажиллаж байгаа сумандаа, байж байгаа аймагтаа, байж байгаа албан газартаа очих нүүртэй бай л даа. Дараа нь тэр хүмүүсийнхээ дунд суугаад сайхан дурсамжаа ярих тавилантай яв л даа. Ийм байхын төлөө ерөөл дэвшүүлье. Ажлын амжилт хүсье” гэлээ.