Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт Монголын бизнесийн зөвлөл, Эрдэнэс Монгол ХХК, Монголын үндэсний уул уурхайн ассоциац, Пибоди Энержи ХХК, Багануур ХХК, Оюутолгой ХХК, Энержи ресурс ХХК, Алтан Дорнод Монгол ХХК, Монголын алт ХХК, Аспайр Майнинг ХХК, Мо-Эн-Ко ХХК, Ориго Партнерс, Англо-Америк зэрэг хувийн хэвшлийн байгууллага, Монголын хүрээлэн буй орчны зөвлөл, Хил хязгааргүй алхам, Байгаль орчны иргэний зөвлөл, Иргэний эвсэл, МУИС-ийн зарим багш нар зэрэг иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөлөл, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ҮАБЗ, Уул уурхайн хүрээлэн, SMI, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллага, Махони Лиотта, Лимэн Лишү, Легал Консалтинг, Минтер Эллисон, Ананд Батзаяа фирм зэрэг хуулийн фирм, Дэлхийн банк, Германы хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төслийн талаар байр суурь, санал бодлоо илэрхийлцгээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэлцүүлгийг хөтлөн явуулж Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой сэдвээр үг хэлсэн юм. Тэрээр Монгол Улсын ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах зүйлс, лицензүүд, уул уурхайн компаниудын улсын болон нийгмийн өмнө хүлээх хариуцлагын талаар хэлсэн үгэндээ дурдлаа.