logo
Өнөөдөр  “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулган Орхон аймагт эхэлнэ

Өнөөдөр “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулган Орхон аймагт эхэлнэ

2013/02/27
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан уг бодлогод хүн амын бүлгүүдийн санал, бодлыг тусгах зорилгоор цуврал чуулган зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байгаа билээ.Тус ажлын хүрээнд Орхон аймагт “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг 2013 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ХАХНХ-ын яам болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

    Уг чуулган маань олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болж байгаа учраас тэдний дуу хоолойг сонсох мөн New York хотноо болох ОУ-ын Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, таслан зогсоох 57-р чуулганы бэлтгэл ажлын хүрээнд зохиогдож буйгаар онцлог бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төөлөл болсон нийт 440 орчим эмэгтэйчүүд мөн Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-н хүн амын сан зэрэг ОУ-н донор байгууллагууд, салбар дундын бодлогын асуудлаар Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамдын төлөөлөл оролцоно.
      Манай Улсын нийт хүн амын 50.4 хувь нь эмэгтэйчүүд. Ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсадын 58 хувь, багш нарын 79 хувь, эмнэлэгийн байгууллагад ажиллагсадын 82 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд улсын хэмжээгээр нийт 81.3 мянган өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаагийн дотор амьдралын ханиа алдан ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй 23.1 мянган өндөр настай эмэгтэйчүүд байна.

     Иймд нийт хүн амын тал хувийг эзэлдэг, хүн амын хамгийн чухал бүлэг болох эмэгтэйчүүдийн хөгжлийн талаар төр, засгийн зүгээс баримтлах шинэчлэлийн бодлого, зарчим, шинэчлэн боловсруулахаар ажиллаж буй Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогод тусгах эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаарх саналыг та бүхний оролцоог ханган оновчтойгоор тодорхойлох шаардлага бий болж байгаа юм.

   Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь авч үзэхдээ нэн тэргүүнд нийгмийн бүхий л салбарын манлайлах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход тэдний эдийн засгийн эрх мэдлийг дэмжих, олон хүүхэд төрүүлж, тэднийгээ эрүүл энх өсгөн хүмүүжүүлж, боловсрол эзэмшүүлж, амьдралын арга ухаанд сургасан алдарт ээжүүдийг өргөмжлөх, тэргүүн туршлагыг нь сурталчлах, өсвөр насны охид, хөвгүүдийг ирээдүйн сайн иргэн болгон төлөвшүүлэх, мөн Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу жендерийн тэгш байдлыг хангах, жендерийн тэгш байдалд гэр бүлийн гишүүдийн тэнцүү оролцоог хангах, гэр бүлийн аливаа ажил үүргийг адил тэгш хуваарилах талаар сургалт хөтөлбөр боловсруулж тухайн хөтөлбөрүүдэд эрэгтэйчүүд, хөвгүүдийн хамрах хүрээг өргөтгөх, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, улмаар Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг эрх зүйн орчны хүрээнд боловсронгуй болгох зэрэг олон шаардлага урган гарч байгаа бөгөөд чуулганы хүрээнд “Нийгэм, гэр бүл дэх эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг мөн хийгдэх гэж байна.
Уг чуулганы зорилго нь:

  • Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн хамгааллын цогц бодлогыг боловсруулж хэрэгжилтийг хангах Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны алсын харааны хүрээнд эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, шинэчлэлийн асуудлыг гэр бүлийн хөгжилд суурилсан бодлогын хүрээнд авч үзэж буйг нийгэм, олон нийтэд ойлгуулан, таниулах;
  • Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх түвшний бодлого үйл ажиллагааг чиглүүлэх;
  • Монгол бол хүний эрхийг хүндэтгэдэг орон. Тийм учраас
  • эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг чухалчлан үзэж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох шинэчлэлийн бодлого, зарчмыг хамтрагч талууд болон олон нийттэй зөвшилцөх;

Уг чуулганы үр дүнд Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогод эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаарх саналыг тэдний оролцоотойгоор тусгах, Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх сэдвийн дор зохион байгуулагдах НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын 57-р чуулганд Монгол Улсын Засгийн газраас танилцуулах илтгэлийн үндсэн агуулгад чуулганаас гарсан санал, зөвлөмжийг тусгах, Гэр бүлд суурилсан эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээрх орон нутгийн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг үр дүнгүүд хүлээгдэж байна.

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш